Monday, 9 January 2012

Ярилцлага 2: Бензиний үнэ өссөнд Монгол Банкыг буруутгаж байгаа нь зөв үү?


Буруутныг хайхдаа өөрсдийгөө бас оруулаарай

Хэвлэл мэдээллээр бензиний үнэ өссөнд Монгол Банкыг буруутгаж байна. Шалтгаан нь Америк доллартай харьцах Төгрөгийн ханш сүүлийн үед унаж импортлогчид шатахууны үнийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн тайлбар. Энэ нь нэлээн өнгөц тайлбар юм л даа. Мэдээж Монгол Банк гадаад валютын нөөцөөсөө Америк доллар зарж долларын ханшийг бага зэрэг бууруулж болно. Гэхдээ 2008 онд ийм л байдлаар валютын нөөцийнхөө талыг алдсаныгаа мартах ёсгүй.  


Гэхдээ цаад асуулт нь яагаад Төгрөгийн ханш анхнаасаа унаж эхэлсэн юм бэ гэдэг асуудал. Санаанд орж ирж буй хоёр шалтгаан байна. Нэгдэх нь мөнгөний нийлүүлэлттэй холбоотой. 


Сонгуулийн янз бүрийн амлалттай холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтийг сүүлийн жилүүдэд асар ихээр өсгөж ирсэн. Жишээ нь зөвхөн 2010 онд эдийн засаг дахь нийт мөнгөний хэмжээ 62,5%-аар өссөн бөгөөд энэ нь Дэлхийн Банканд бүртгэлтэй 261 улсад хамгийн өндөр үзүүлэлт байв. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар энэ үзүүлэлт дахиад 55,4%-аар өссөн байгаа. Одоо ч гэсэн 3 хүүхэдтэй эхэд мөнгө олгоно гэх мэт бэлэн мөнгө тараах хөтөлбөрүүд хэлэлцэгдэж байна. Нийт эдийн засаг дахь мөнгөний хэмжээг хэт өндөр өсгөөд байвал инфляци дагаад өсөөд байдаг маргашгүй хамаарал бий. Ингэхээр Төгрөг хадгалах сонирхолтой хүмүүс цөөрөх нь тодорхой.  Тэгэхээр валютын нөөцөөсөө Америк доллар зарж нийт хадгаламж эзэмшигчдийн 5%-ийг эзэлдэг ч нийт хадгаламжийн 95%-ийг эзэлдэг хүмүүсийн хэрэгцээг хангах нь миний бодлоор буруу. Анхнаасаа ухаалаг бодлого хэрэгжүүлэх хүмүүс биш бэлэн мөнгө тараана гэсэн хүмүүс сонгосноороо  сонгогчид бид өөрсдөө буруутай.


Хоёрдугаар хариулт нь манай эдийн засгийн бүтэц цэвэр уул уурхайд тулгуурласан шинжтэй болоод байна. Гадаад валют авчирдаг экспортын орлогын маань бараг 90% нь зөвхөн түүхий эдээс (уул уурхайн бүтээгдэхүүн) орж ирдэг боллоо.Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр асар их хэлбэлзэлтэй нь өнөөдөр хэнд ч илэрхий байна. Үүнийхээ хэрээр ч Төгрөгийн ханшийн хэлбэлзэл нэмэгдэх болно. Түүхий эдээс хэт хамааралтай эдийн засгийн валютыг “түүхий эдийн валют” гэж ч хочилдог. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдал биднээс ухаалаг байхыг л шаардаж байна даа.

1 comment:

  1. Миний бодлоор таны гаргасан суурь аргумент яах аргагүй зөв. Үнэхээр санхүүгийн институци хийгээд иргэдийн үйл хөдлөл бүрэн гүйцэд төлөвшөөгүй байна. Төрийн болоод хувийн хэвшилийн сэтгэхгүй энэхүү байдалд бэлэн биш байсан нь тод харагдаж байна.

    Түүхий эдийн үнэ гэдэг нь өөрөө богино хугацааны өндөр савалгаатай байдаг нь зах зээлийн эмзэгшилийг үлэмж нэмэгдүүлдэг нь дэлхийн олон орны туршлагаар батлагдсан одоо манайд ч давтгадаж байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас иргэдийн хүлээлтийн эрчим хурдтай өөрчлөгдөж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Цаашид хэрхэх талаар товч асуувал?

    ReplyDelete