Monday, 9 January 2012

Зууны Мэдээ сонинд өгсөн ярилцлагууд

Зарим сайн оюутнуудаа Монголын нийгэм, эдийн засагт болж буй асуудлуудаар миний үзэл бодлыг асуудаг болсонд нь туйлаас их баярлаж байна. Хэвлэлийнхний бидэнд хүргэж буй мэдээллээс даван гарч үнэнийг илэрхийлнэ гэдэг бол оюунлаг хүний шинж байсаар ирсэн.

Зууны Мэдээ сонины сурвалжлагч Ц. Мягмарбаярт өгсөн хоёр ярилцлагаа энд тавьж байна. Эхнийх нь 2011.12.14-ний дугаарт хэвлэгдсэн, удаах нь тэдний шаардлагыг хангаагүй бололтой (2012.1.10-ны дугаарт хэвлэгдэх байсан)


Ярилцлага 1




Ц. Мягмарбаяр:  Мөнгө чангаралт, сулралт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлөх вэ? Ард түмэнд яаж тусах вэ?

Б. Эрдэнэбат: Төгрөг чангарах гэдэг нь жишээ нь нэг Ам.Доллар 1370 Төгрөг байснаа 1000 Төгрөг болохыг хэлдэг. Үндэсний Шинэтгэлийн Хорооны 2010 оны тайлангаар манай улсын хэрэглээний сагсанд багтдаг 287 бараа бүтээгдэхүүний 158 нь гаднаас орж ирдэг бөгөөд нийт мөнгөн дүнгээрээ хэрэглээний сагсны маань 30%-ийг эзэлдэг. Тэгэхээр Төгрөг чангарна гэдэг маань эдгээр импортын бүтээгдэхүүний үнэ хямдарна, цаашилбал инфляци буурна гэсэн үг юм. Гэхдээ нөлөө нь дан ганц энэхүү эерэг үр дүнгээр зогсохгүй. Тухайлбал Монгол ажилчдын авч буй цалин болон бусад зардлуудыг Ам.доллараар илэрхийлбэл өмнөхөөс өндөр болж манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар жишээ нь Хятадынхтай харьцуулбал унах болно. Гаднаас оруулж ирж болдог бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, бас бүтээгдэхүүнээ экспортолдог Монгол аж ахуйн нэгжүүд зах зээлээс шахагдана. Төгрөгийн чангаралт нь Монголын уул уурхайн салбарт гэнэт, ихээр орж ирсэн гадаадын валютын урсгалтай холбоотой байж болно. Үр дүнд нь Монголын эдийн засгийн бусад салбарууд шахагдахыг Голланд өвчин гэж ойлгож болно. Төгрөгийн сулралт гэдэг нь эсрэг процесс нь. 

2.    Ц. Мягмарбаяр: Мөнгө үнэгүйдвэл яах вэ? Ам.доллар шиг үнэтэй болгож болох бодлого хэр явагддаг бол?

Б. Эрдэнэбат: Төгрөгийн ханш унавал хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа импортын бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Импортын бараа түлхүү хэрэглэдэг хүн амын амьжиргааны түвшин буурна. Импортын тоног төхөөрөмж, түүхий эдэд тулгуурладаг дотоод үйлдвэрлэгчид ч мөн өртөнө. Нөгөө талаас нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өмнө нь Хятад бараа хамаагүй хямдхан байсан учраас Монголд үйлдвэрлэх боломжгүй байсан бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэвэл илүү хямдхан болж ирнэ. Энэ утгаараа ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Тэгэхээр энэхүү хоёр нөлөөний тэнцвэрийг л зохистой байлгах нь Монгол улсын бодлого боловсруулагчдын гол үүрэг юм. Түүнээс биш нэг Төгрөгийг нэг Ам.Доллартай тэнцүүлдэг болгох бодлого баримтлах нь утгагүй юм л даа. Эдийн засгийн хувьд ханшийн түвшин биш өөрчлөлт нь л чухал.  

3.    Ц. Мягмарбаяр: Ирэх жил инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа. Таныхаар яаж барих вэ?

Б. Эрдэнэбат: Миний ойлгож буйгаар Монгол Банкны үүрэг бол инфляцийг тогтвортой, нам түвшинд барих. Миний ойлгож буйгаар гээд байгаа нь Монгол банк хэзээ ч үүнийгээ зарлаж байгаагүй. Үргэлж л Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэж ярьж ирсэн. Энд инфляцийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу эсвэл Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гээд байгаа юм уу гэдэг нь огтхон ч тодорхойгүй. Энэ хоёр нь үргэлж бие биетэйгээ нийцээд байдаггүй учир Монгол Банк үүргээ биелүүлж байна уу үгүй юу гэдгийг нь хэлэхэд хүндрэлтэй үеүүд гарна. Нөгөө талаас Монгол Банканд өөрөөс нь ахадсан хүлээлт бий болгох муу талтай.

Тэгэхээр би таны асуултад өөрийн ойлголт, ажиглалтын хүрээнд л хариулахаас өөр арга алга. Инфляци зохих түвшингээс даваад ирэхээр Монгол Банк үүргийнхээ хүрээнд Мөнгөний нийлүүлэлтийг хумихаас өөр аргагүй болно. Энэ нь зах зээл дээрх зээлийн хүүг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд хувьд мэдээж муу, ажилгүйдлийг ч нэмэх хандлагатай байна. Нөгөө талаас инфляцийг нэг оронтой тоонд барина гэх юм бол хэт тэлсэн төсвөөсөө л танах хэрэгтэй болно. Тэр нь эдийн засгийн урт хугацааны өсөлтөд эерэгээр нөлөө үзүүлэгч хөрөнгө оруулалтаас л танана гэсэн үг юм л даа. Уул нь энэхүү төсөв анхнаасаа цомхон инфляцийг хөөрөгдөхгүй хэмжээний, тэр дотроо хөрөнгө оруулалтад зориулсан хэсэг нь багагүй байхаар боловсруулагдах ёстой байсан юм л даа. Харамсалтай нь төсөв боловсруулах процесс Сангийн яамны эдийн засагчдын мэдлээс гарч популист улс төрч-орчуулагч, хуульч, инженер, бөхчүүдийн гарт орсоор удаж байна.

4.    Ц. Мягмарбаяр: Бодлогын хүүг өсгөх нь инфляц барих шилдэг арга мөн үү?

Б. Эрдэнэбат: Шилдэг арга мэдээж биш. Улс төрийн хувьд хэрэгжүүлэхэд хамгийн амар арга юм л даа. Хүүгийн түвшин өслөө гээд бизнес эрхлэгчид, ажилгүй болсон хувийн секторынхон жагсахгүй нь лав, харин цалин өсгөсөнгүй гэж төрийн секторынхон, тэтгэмж нэмсэнгүй гэж тэтгэвэр тэтгэмж авагчид, амлалтаа биелүүлсэнгүй гэж элдэв хөдөлгөөнийхөн жагсах нь бол тодорхой.

5.    Ц. Мягмарбаяр: Дэлхийн эдийн засаг хямарч улс орон хамгаалалт хийж байна. Тухайлбал, АНУ цэргийн ажиллагаа явуулж мөнгө хаях замаар эдийн засгаа тогтоож байна. Монгол улс ашигт малтмалын үнэ буурвал эдийн засгаа хэрхэн аврах вэ? Таны бодол

Б. Эрдэнэбат: Ашигт малтмалын үнэ буурвал Монгол Улс үнэхээр хүнд байдалд орно. Ашигт малтмалын үнэ аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнээс хамаагүй хэлбэлзэмтгий байдаг учир унах нь ч тодорхой. Үнэ унавал Оюу Толгой, Таван Толгой гэх мэт төслүүд ч зогсохоос өөр аргагүй болно шүү дээ, тэд нар мэдээж алдагдалтай ажиллаад байхгүй. 2010 оны байдлаар манай экспортын орлогын 81% хувь нь эрдэс бүтээгдэхүүнээс орж ирж байгаа. Үнийн бууралтаас болж энэхүү орлого бага ч гэсэн буурахад бидний импортлох элсэн чихэр, цагаан будаа, цай гээд өргөн хэрэглээний бараа бараа бүтээгдэхүүнээс гадна, автобензин, дизелийн түлш гэх мэт стратегийн бүтээгдэхүүний хэрэглээгээ танах ёстой болно. Учир нь эрдсийн үнэ өндөр байх үед нь бид хуримтлуулсангүй зөвхөн хэрэглээд л байна шүү дээ. Бидний хамгийн том алдаа нь энэхүү үнэ үргэлж өндөр байж бүр улам өсөн нэмэгдэн гэж үзээд байгаа явдал. Эдийн засгаа хэрхэн аврах вэ гэвэл аль болох энэхүү орлогоос ангид амьдарч сурах хэрэгтэй байна л даа. Мэдээж тогтвортойгоор, зохих хэмжээгээр эдийн засгийнхаа өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд зарцуулалгүй яахав. Гэхдээ энэ дахин сэргээгдэшгүй баялаг маань үнэ нь асар хэлбэлзэмтгий, мөн хойч үеийнхэнд ч гэсэн зориулагдах ёстой гэдгийг л хүлээн зөвшөөрөх ёстой юм л даа. Одоо бид өөрсдийгөө өндөр үнэ үүрдийнх мэт л авирлаад байгаа, энэ нь хүн хар тамхинд дасал болчихдог шиг л нөхцөлд хүргэнэ. Бусад улсуудын гашуун туршлагаас харж байхад үнэ унасан үед асар өндөр хүүтэй зээлээр тэрхүү зуршлаа хангадаг болчихдог. Энэ нь хойч үеийнхэн эдийн засгаа буцаад хөл дээр нь босгоход хамгийн том дарамт болох аюултай.

6.    Ц. Мягмарбаяр: Валютын ханш манайд өсөөд байна. Монгол банк өсгөөд байна уу? Яагаад өсгөөд байдаг юм бол?

Б. Эрдэнэбат:  2008 оны хямралаас хойш Монгол Банк ханшийг эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран харьцангуй уян хатан байхыг зөвшөөрөх болсон. Энэ нь ч зөв гэж бодож байгаа. Хүчээр барихын хор уршгийг бид хямралаар харсан шүү дээ. Бид валютын нөөцийнхөө бараг тал хувийг хэдхэн сарын дотор алдаад, ОУВС-аас тусламж хүсэхдээ тулсан. Уян хатан байна гэдэг нь ханш зарим үед өсч зарим үед унана гэсэн үг. Энэ учраас л хөдөлж байна гэж ойлгож байна. Хэрэв үнэхээр бодлогоор Төгрөгийн ханшийг унагаж байгаа бол энэ нь уул уурхайд орж ирэх асар их хөрөнгө оруулалтаас болж Төгрөг чангарахын эсрэг урьдчилан авч байгаа арга хэмжээ гэсэн үг болох байх.

7.    Ц. Мягмарбаяр: Цаашид дэлхийн эдийн засаг бүтэц өөрчлөгдөнө гээд байгаа. Үүнийг юу гэж харж байна вэ?

Б. Эрдэнэбат: Дэлхийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг нь Европ, Хойд Америкийн эдийн засгийн чадавхи суларч Өмнөд хөрш, Энэтхэг зэрэг Азийн улсуудын үүрэг өсөн нэмэгдэхийг хэлж байгаа юм л даа. Гэхдээ дэлхийн эдийн засгийг урагш нь авч явдаг гол хүчин зүйлс бол технологийн дэвшил. Хятад, Энэтхэгт тийм боломж байгаа эсэх нь эргэлзээтэй, одоогоор Европ, Хойд Америкийн аж үйлдвэрлэлийг хямд ажиллах хүчин, өргөжилтийн үр өгөөжөөрөө шахан гаргаж байж л өөрсдөө өсөж байна. Гэхдээ эдийн засгийн хувьд хүндрэлд ороод байгаа Европ, Хойд Америкийн улсууд эдгээр улсуудаас их хэмжээгээр импорт хийж чадахгүй учир Хятад, Энэтхэг мэтийн улсуудын хувьд ч гэсэн хүндрэлтэй л байх шиг байна.
 

No comments:

Post a Comment