Tuesday, 27 November 2012

Пунцагийн Батаа


Зарим хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх маш сонирхолтой, бусдад сургамжтай байх нь бий. Миний эцэг Пунцагийн Батаагийнх тийм гэдэгт би огт эргэлздэггүй. Өнгөрсөн 7 хоногт түүний компьютер доторх зүйлсийг архивлаж байгаад нутгийн зөвлөлдөө бичиж өгсөн намтрыг нь олсноо өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр энд тавьчихъя хэмээн бодсон юм.



Түүний амьдралын философи тун даруу байсаар ирсэн. Энд жишээ нь 18 хан насандаа МАХН-ын (хуучин) даалгавраар үзэл суртлын ажил хийж яваад хөлдөж осолдон дөрвөн мөчөө тайруулснаа бичиж. Гэхдээ миний бие үеийнх нь хүнээс сонссоноор тэрээр Монгол улсаас хуучин 
Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) руу явуулж сургах 2 оюутан шалгаруулахад тэнцсэн атал МАХН-ын үзэл суртлын хэлтсээс "хиймэл гар, хөлтэй хүнийг ЗХУ руу явуулах нь БНМАУ-ын нэр хүнд, намын үзэл сурталд таарахгүй" гэсэн шалтгаанаар хасагдаж байснаа орхигдуулж (ЗХУ руу тэр үедээ явсан оюутан нь Монгол Улсын ерөнхий сайд асан П.Жасрай). 

Тэрээр 1960 онд МУИС-ийг төгсөгчдөөс ганцаараа "Сүхбаатарын нэрэмжит цалин"-тай цалинтай төгсөж байснаа бичиж (ийм хүндлэл өнөөдөр МУИС-д байхгүй. Миний ойлгож байгаагаар суралцаж байх хугацаандаа онцоос өөр дүн огт авч үзээгүй гэсэн үг байх). Тэр үед дүн гэдэг хатуу, зарим хичээлийг нь ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж, оросоор заадаг байсан үе. Би оюутан байхдаа түүний нэрийг МУИС-ын дугуй заалны гадаа хадаастай байдаг байсан үе үеийн "Сүхбаатарын нэрэмжит цалинтан", "Улаан дипломтой төгсөгчид" -ийн нэрстэй самбарт харж байснаа санаж байна. Гэхдээ одоо уг самбарыг буулгасан. Түүний нэр уг сургуулиас төрсөн “Гавьяатуудын” дотор байх ёстойдоо гээд хартал бас л орхигдуулж. Энэ хүний туулсан амьдрал, хийсэн бүтээл нь энэ үндэстний туулж өнгөрүүлсэн түүхийн нэг чухал хэсгийг илэрхийлэх учир энэхүү жижиг ч гэсэн онлайн буланд байж байг дээ.


Пунцагийн Батаа


Түрүүн жил манай нутгийн зөвлөлийн дарга Насанжаргал (бүр хожим нь Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн) нутгийнхаа гавьяат цолтнуудын тухай ном гаргах гэж байгаагаа над хэлж намайг оролцохыг хүссэн юм. Би хэдэн сар бодсоны эцэст нэгд, миний насны хүний туулсан амьдрал нь манай хүмүүсийн амьдралын дээшлэлт, Монгол Улсын хөгжлийн түүх болохын хувьд орчин үеийн хүүхэд залуучуудад сургамжтай байж болох, хоёрт, энэ далимд өөрийн бодол, оюутан шавь нартаа хэлдэг үгээсээ олны хүртээл болгож бодол санаагаа хуваалцах нь зүйтэй юм байна хэмээн бодсон юм.


Нэг. П. Батаагийн угсаа гарал

Би 1935 онд Увс аймгийн Ховд сумын арван нэгдүгээр багийн нутаг “Голын эхэн” гэсэн газар төрсөн гэж албан ёсоор бичдэг боловч чухамдаа ямар газар, хэдэн сарын хэдний өдөр төрсөн гэдгээ мэддэггүй юм. Тэр үед шинээр төрсөн хүүхдэд одоогийнх шиг төрсний гэрчилгээ гэж байгаагүй, аав ээж нар зун төрсөн, хавар төрсөн гэх мэтээр жилийн улирлаар тодорхойлж хэлдэг байсан юм. 

Манай арван нэгдүгээр баг Ховд сумын төвөөс маш их хол, морьтой хүн 2-3 хоног явж хүрдэг жишээний газар байсан, харин Бөхмөрөн сумын төвд их ойрхон, жишээ нь, би сургуулийн зуны амралтаар Бөхмөрөн сумын төвөөс Хозын хөндийд байдаг гэртээ хэдхэн цаг явган гүйгээд харьдаг байсан учир ард олны чирэгдлийг багасгах зорилгоор манай арван нэгдүгээр багийг Бөхмөрөн сумын есдүгээр баг болгон шилжүүлсэн түүхтэй. Ингээд би одоо Бөхмөрөн сумын есдүгээр багийн хүн гэж өөрийгөө боддог юм. 

Манай өвөг эцэг Цэвэл гэдэг хүн Авирмэд, Пунцаг гэсэн 2 хүү, Дэвээ гэдэг 1 охинтой байсан, Авирмэд 3 хүү, 2 охинтой байсан. Авирмэдийн 2 том хүү нь 1940-өөд оны үед цэрэгт яваад өвчнөөр нас барсан. Тэр үед цэргийн дотор хорлон сүйтгэх ажил их байгаа, худаг ус хордуулдаг, цэргүүдийн хоолонд хор хийдэг, талханд нь зүү хийдэг гэх мэтийн үнэн худал нь мэдэгдэхгүй явган яриа манай холын аймгийн ардуудын дотор тархмал байж билээ. Уул нь европ эмнэлэг анх цэргийн эмнэлэг болж үүссэн, цэргийн эмнэлэгт илүү их анхаарал тавьдаг байсан нөхцөлд нэг айлын хоёрын хоёр хүү өвчнөөр нас барсан нь сонин үзэгдэл байсан юм. Бас Авирмэдийн 2 охин хэдхэн хоногийн дотор гахай хавдар гэдэг өвчнөөр нас барснаас үзэхэд тэр үед эмнэлэгийн үйлчилгээ ямар байсныг тодоос тод харуулж байна. Жишээ болгоход Ховд сумын нэгдүгээр багийн Чолуун доктор гэж байсан. Энэ доктор нэгдүгээр багаас гадна манай арван нэгдүгээр баг буюу тэр орчмын бүх хүн амд эм өгдөг хүн байсан юм. Энэ хүний албаны нэр нь санитар, гэхдээ нутгийн хүмүүс доктор гэнэ. Хуучин монгол бичигтэй, томоотой хүнд эмийг ямар эмийг ямар өвчинд хэрэглэх зааврын хамт өгөөд санитар болгодог байсан цаг. Өөр нэг нутгийн санитар марганец цус хатаадаг гэдэг утгаар нүд нь улааж өвдсөн хүний нүдэнд марганец хийгээд сохолсон юм гэнэлээ гэсэн онигоо шиг яриа байдагсан. Би бага байхад гэдсэн дээр буглаа үүсэж Чолуун докторт үзүүлэхэд гэдсийг хутгаар хагалахад гэдэс нь цуваад гараад ирэх байх гээд эмчилж чадаагүй. Тэгээд зуслангаас нүүх үед дөрвөн морьтой хүн намайг дамнуурга дээр хэвтүүлээд намаржаанд хүргэж байж билээ. Зуслан орж ирээд тагтааны сангас тавьж боогоод хагалж байсан. Бас намайг бага байхад нэг өвчин тусаж миний сүнсийг дуудуулж, Янжив гэдэг нэрийг минь Бат гэдэг нэрээр сольж яваандаа Батаа болсон түүхтэй. Манай нутагт шарын шашин бага дэлгэрсэн, харин бөөгийн буюу харын шашны нөлөө багагүй байсан учир тэгж сүнс дуудаж байсан юм. Би бага байсан болохоор сүнс яаж дууддаж байсныг сайн санахгүй байна. Усан дээр дугуй юм тавиад дээр нь зул барьж байсан шиг санагдана. Харин сайн санаж байгаа зүйл бол миний нэрийг малгайгаар даллан дуудаж байсан юм. Тэгээд миний сүнс “дуулгавартай сайн сүнс байсан учир буцан ирж” би эдгэрсэн юм байх. 1930-аад оны сүүл, 1940-өөд оны эхээр ийм маягаар өвчнийг эмчилж байсан болно. Гэхдээ тэр үед хүмүүс нь эрүүл чийрэг, хоол хүнс нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн, ус агаар нь цэвэр ариун, хүн ам нь тархай суурьшилтай байсан зэргийн шалтгаанаас хүмүүс өвчлөх нь бага, халдварт өвчин гарсан ч тархахгүй сайн тал байсан. Жишээ нь, Авирмэдийн 2 охин гахай хавдраар өвчилж хэдхэн хоногийн дотор нас барсан байхад тэднийх ганц гэрээр байсан болохоор бусад айлд халдвар тараагүй. Бас 1946 оны орчимд манай нутагт тарваган тахал гарч нэг хот айл сүйрээд өнгөрсөн билээ. 

Манай аав Цэвэлийн Пунцаг, ээж Дэлгэр хоёр 3 охин, 2 хүүтэй айл байсан. Ээж маань намайг 5 настай байхад нэг өвөл өвчилж хэвтэрт ороод удалгүй нас барсан юм. Ээж нас барахынхаа өмнө бидэнд өөрийн юмаа хувааж өгсөн, над 1 том мөнгөн бөгж өгснийг би санадаг юм. Ээж шөнө нас барсан юм байх. Өглөө босоод ээжээ асуухад гадаа майханд бий гэж хэлэхэд би хувьдаа нас барсан гэж ойлгож харамсаж уйлаагүй юм шиг санагдана. Тэгээд аав тэмээнд тэгнэсэн 2 араг дээр ээжийг ачиж хөдөөлүүлснийг би санадаг юм. Ээжид хол байдаг санитар буюу одоогийн ойлголтоор эм өгдөг айлаас нэг хоёр удаа эм авч өгсөн байх. Манай том эгч Чолуун 20 хүрээгүй насандаа 1 сар орчим өвчлөөд нас барсан. Аав маань 1946 оны долдугаар сарын эхээр зуслан өөд нүүж явах үед 49 настайдаа нас барж билээ. Манай нутагт эрэгтэй хүний хувьд 49-ний жил “хатуу” гэж ярьдаг байснаас бодоход эрэгтэй хүний дундач нас 49 орчим байсан байх. Гэтэл одоо монгол хүний дундач нас 69 орчим гэж бодоход, энэ бол манай нэг ололт, хүн амын амьдралын дээшлэлтийн нэг үзүүлэлт юм. Би аавыг нас барсан жил хоёрдугаар ангид орох сурагч 12 настай, ах Чогдон 15 настай, эгч Нацаг 18 настай байсан. Аав нас барах жилийн өвөл манай, бас өөр хоёр айлын ямаанд годрон гэдэг өвчин тусаж ямаа хиарсан боловч айлууд нэг нэгнээсээ хол байсан учир олон айлын ямаанд годрон тусаагүй өнгөрсөн байна. Дашрамд хэлэхэд намайг бага байхад ямааг годрон, тэмээг гувруу, үхрийг мялзан, нохойг гудраг гэх мэтээр хараадаг байсан юм. Годрон бол ямааны , гувруу нь тэмээний тахал гэсэн үг юм. Одоо мал эмнэлгийн хөгжлийн үр дүнд эдгээр “тахал” гарахгүй болсон нь бас нэг ололт мөн. 

Аав өвчтэй байх үед манайх Хозын хөндийд миний түрүүн дурдснаар Бөхмөрөн сумын төв Байшинтаас холгүй газар байсан боловч сумын эмнэлгээс нэг ч удаа эм авч өгөөгүй, тийм ухаан аавд ч, хүүхэд бидэнд ч байгаагүй байжээ. Аавын бүх бие нь хавагнасан боловч нэг их өвдөөд ёолоод байдаггүй байсан, өвдсөн ч хүүхдүүдээ бодоод тэсээд байдаг ч байсан байж мэднэ. Манайх Гуурсан гэдэг айлтай айл байсан боловч манай авга ахын хожим бичсэнээр, тэр хүн манай аавыг үхүүлэх санаатай муу хүн байсан юм шиг байдаг. Ингэж бидний 4 хүүхэд өнчирч өрх гэрээ авч явах болсон, тэгээд миний ах Чогдон сургуулиа орхиход хүрсэн юм. Бидний хамгийн том нь 18 настай эгч Нацаг байсан. Нацаг эгч хожим Жандаг гэдэг маш сайн хүнтэй сууж улсад ажиллахын хамтад Цоггэрэл, Баярцог, Наранпэл, Цогтсайхан нарын 4 хүү төрүүлж боловсрол, хүмүүжил сайтай, сайхан зантай, ажилласаг хүн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяатай. Энэ ялдамд зан заншил, уламжлалтай холбоотой нэг зүйлийг дурдахад Жандагийн аав, ээж хоёр сайн хүмүүс байсан боловч хуучин цагийн нэг эвгүй улалжлалтай буюу бэрийн ёсыг сахидаг хүмүүс байжээ. Энэ ёсыг бэрлэх ёс гэнэ. Энэ ёсоор бол бэр хүн хадам нарын нүдэнд биеэ, тэр ч байтугай нүцгэн хөлөө хүртэл харуулах ёсгүй. Зуны халуунд ч гуталтай байхаас өөр арга байхгүй. Лалын шашинтай араб эмэгтэй нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд нүүрээ хүртэл харуулж болдоггүй ёсыг бодвол манай бэрлэх ёс бас ч гайгуу ёс байжээ. 

Энэ ёстой харьцуулж хэлэхэд манай өнөөгийн охид, эмэгтэйчүүд хөгжлийн буянаар сайхан эрх чөлөөтэй болжээ. Би нийгмийн ухааны багш хүнийхээ хувьд оюутан залуусын хүмүүжилд их анхаарал тавихыг бодож хичээлээрээ мэдлэг олгохын хамтад хүмүүжил олгоход багагүй анхаарач манай эмэгтэйчүүд Солонгос, Япон, Хятад мэтийн дорно дахины зарим орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад европжсон, сайхан эрх чөлөөтэй болсныг янз бүрийн жишээ баримтаар тайлбарлахын хамтад дорно дахины, түүний дотор монгол эмэгтэйн намба төрхийг зохих хэмжээнд нь хадгалж сурахыг сургамжилдаг. Манай эмэгтэйчүүдийн зохих ёсоор нь зөв эдэлж сурах ёстой энэ сайхан эрх чөлөө бол эмэгтэй хүнийг гэрийн зарц, эрийн боол байлгах гэсэн хуучин ёсыг халахын тулд эмэгтэй хүнийг эрхэмлэн дээгүүр тавьж дээдэлж ирсэн социализм гэж хэлдэг хуучин нийгмийн нэг ололт байсан юм. Социализмын буянаар нийгэм дотор эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, дорд үздэг муухай ёс арилсан боловч гэр бүлгийн хэмжээнд эмэгтэй хүнийг доогуур үзэх, дарамтлах ёс амь бөхтэй үлдсэнийг халах юмсан. Үүнийг халахад гэр бүлийн хүмүүжил, ялангуяа өрхийн тэргүүний үлгэр жишээ, эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүн, хүч султай хүн, амьтанд хүч хэрэглэхгүй, дээрэлхэхгүй байх энэрэнгүй үзэл санаа, хүмүүжил олгох ажил чухлаас чухал болж байна. Эхнэртээ зүй бусаар харилцдаг, дарамталдаг, зоддог аавтай хүүхэд ямар хүн болж өсөж бойжих нь тодорхой юмаа. 

Манайх аав, ээж байх үед дунд зэргийн амьжиргаатай айл байсан гэж би боддог. Тухайлбал, 200 орчим бог малтай, саалийн үнээтэй, унааны морь буюу азарга адуутай, ачааны тэмээтэй айл байсан. Азарга адуу гэвэл 30 орчим толгой, ачааны тэмээ гэдэг нь нуруу ачаад нүүхэд 5-6 орчим голдуу ат байх жишээтэй. Дээр үеийн малчин айл дундчаар ийм тооны 5 хошуу малтай буюу айлаас унааны морь, ачлагын тэмээ гуйдаггүй, хонь, ямаа, үнээгээ саагаад намар, өвөл, хавар хэрэглэх ааруул, шар тосоо авчихдаг малтай айл байсан гэж ойлгоход болно. 

Харин аав, ээж нас барснаас хойш манайх дэлхийн хоёрдугаар дайн, улсын бэлтгэл (улсын бэлтгэл гэдэг нь малын тоо толгойнд тохируулан ноогдуулсан албан журмын ноогдол, тухайлбал, хоршоонд тушаах мах (мал), ноос, хөөвөр, арьс, шир, өөхөн тос зэрэг юм) зэргээс болж яваандаа үхэр, тэмээгүй болсон, бог малын тоо ч цөөрч ирсэн юм. 

Дээр үеийн манайх мэтийн малчин айлын хэрэглээ гэвэл: бараг бүх хэрэгцээт зүйлээ мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангаж байсан, айлын эхнэр хүн ам бүлийн бүх хүний хувцас, түүний дотор гутлыг хүртэл хийдэг, хувцас худалдаж авах, хүнээр хийлгэх гэсэн ойлголт байгаагүй. Зуны цагт гол төлөв даалимбан тэрлэг, өвлийн цагт нэхий дээл, тэр ч байтугай эрэгтэй, эмэгтэй, хүүхэд цөмөөрөө нэхий өмд өмсөнө. Хоолны хувьд бол өвлийн цагт мах, тэгэхдээ одоогийнх шиг биш, харин “Чихэн чинээн мах идэж, чинэртлээ шөл ууна” гэдэг зарчмаар иднэ. Зуны цагт мах идэхгүй дан цагаан идээ хэрэглэнэ. Товчхон хэлэхэд амьдралын дээшлэлт, нэгдэл хоёр өвөл, зунгүй махтай хоол иддэг болгосон байх. Аяганы хийцийн хувьд гэвэл: сүү амтлагдсан өтгөн (аагьтай) цайг ааруул, арвайн гурил хоёртой ууна. Арвайн гурилыг чадалтай айл шар тосонд, чадал муутай нь хонины сүүлийн тос, тэр ч байтугай шөлний тосонд зуурч иднэ. Бүр боломж муутай нь аяганы талд гурилаа наагаад (хийгээд) цай хийж уугаад норсон хэсгийг нь хэлээрээ долоогоод, дахин дахин цай хийж долоох замаар цайлна. Тэгэхдээ гурил гэдэг юм холоос худалдаж авсан тариагаар бараг өдөржин шахам хугацаанд хийдэг ховор эд болохоор цай бүхэн дээр гурил зуураад байхгүй, аягатай цай дээр нэг халбага гурил цацах маягаар цай уугаад байна. Гурил хийх тариаг аймгийн төв Улаангом хотоос холгүй, манай нутгаас бол тэмээгээр 5-6 хоног явж хүрэх хол байдаг Тариалан сумын хотон айлуудаас авдаг юм.Тариа авахдаа гол нь шар тоос, ааруул мэтийн зүйл өгөөд чадалтай айл 4-5 уут (шуудай), чадал муутай нь нэг, хоёр уут тариа авна. Дээр үед хонь, тэмээний ноосон утсаар уут нэхэж одоогийн шуудайны оронд хэрэглэж байсан. Ааруулын хувьд бол нэг удаагийн цайнд 2-3 ааруул идэх жишээтэй. Өрнөдийн нэг хүний хийсэн “Төвдийн тухай” баримтат кинонд төвдчүүдийн хувьд сүүтэй өтгөн цай ундаа ч болдог, хоол ч болдог гэж хэлсэн нь манай баруун аймгийнхантай үндсэндээ дүйж байна. 

Цайны хувьд өтгөн сүүтэй цай, гурилдсан (хийцтэй) цай, хонины сүүл хөшиглөсөн сүүтэй цай, улаан буудайг хонины сүүлэнд хуурч хийсэн (одоогийнхоор бол цагаан будаатай) сүүтэй цай гэх мэтийн олон янзын цай байна. Цай чанахдаа эхлээд хар цайгаа чанаж 1-2 удаа сайтар самарч буцалгаад данханд шүүр тавьж юүлээд тогоонд сүүгээ хийж буцалгаад дээр нь данхтай хар цайгаа хийж дахин дахин самарч буцалгана. Ингэж удаан самарч олон удаа буцалгасан цай жинхэнэ сайхан цай болдог байх. Гэтэл одоо олонх айл нэг удаа буцалгаад цай болсон гэж боддог, харин гуанз ус нэмээд цай гэсэн нэртэй нэг үлгэвэр юм өгнө. 

Тэр үед цай, сүү мэтийг шүүдэг шүүрийг айл бүхэн бургасны нарийн мөчрөөр сүлжиж хийнэ, сүү шүүх үед хялгас оруулахгүйн тулд шүүр дээрээ адууны сүүлний хялгас дэвсэж өгнө. Тогоо сав угаах угааврыг бургасны нарийн мөчрийг боох буюу бөдүүн харганы тайрдасны нэг үзүүр дээр ус хийгээд алхаар зөөлөн цохих замаар хийнэ. Арвайн гурлын тээрмийг хүртэл тээрмийн чулуу гэдэг зөөлөвтөр чулууг ширмэн тогооны хагаргайгаар цохих маягаар хийнэ. Харин хутга, шөвөг мэт төмөр эдлэлийг төмрийн дархан хүнээр хийлгэнэ. Аяга, сав суулга, тэвш, нохойны идүүр хүртэл цөм модоор хийсэн зүйл байна. Ийм маягаар өрхийн аж ахуй буюу өрхийн үйлдвэрлэл хөгжсөн, худалдаагаар авдаг юм тун бага байсан юм. Одоо тэгэхэд бүх юмаа, шүдний чигчлүүр, хогны тосгуураа хүртэл гадаадаас хонио өгч авдаг болсон нь нэг талаар сайн, хөгжил боловч нөгөө талаар муу. 

Манай нутгийн нэг гол онцлог бол гүү барьж айраг хийхгүй боловч найр хийх айл гүү бариад найрын үед хэрэглэх айргаа бэлтгэж аваад гүүгээ тавина. Гүүний айраг хийх туршлагагүй гэж үзэж болохоор байхад найрын үед хийсэн айраг ёстой нэг хамраар сэнхийсэн айраг байдагсан. Манай нутагт эртний монгол хэллэг шиг гүүний айргийг чигээ гэнэ. Үхэр, хонь, ямааны сүүгээр тараг бүрэхгүй, харин гүүний айраг хийдэг шиг хөхүүрт айраг гэдгийг эсгэж бүлж шар тос гаргаж аваад архи нэрж ааруул хийнэ.


Хоёр. Сурагч Батаа

Би 1944 онд 9 настайдаа Ховд сумын төв Шар Сэхээн бага сургуульд орсон. Шар Сэхээ гэдэг нь “Ичээнд нь” гэдэг кинонд гардаг Дамбийжаа буюу манай нутагт хэлдгээр Хоёр тэмээтийн сууж байгаад баригдсан газар. Намайг сурагч байхад Хоёр тэмээт Улаан хадны оройтой чацуу сүм бариулах гэж байсан гэсэн хөх тоосго, Улаан хадны оройг тэгшилж тайрсан ором байж л байсан. 

Тэр үед малчин ардууд хүүхдээ сургуульд явуулах тун дургүй байсан. Энэ нь наад зах нь хүүхдээ мал аж ахуйдаа туслалцуулах, бас сургуульд явсан хүүхэд сургуульд очих ирэхээсээ эхлээд илүү чирэгдэл болдог, эх эцэг хүүхэд бие биеэ санах гэх мэтийн зовлон байсан байх. Би хоёр, гуравдугаар ангид байхдаа сумын төвд танихгүй айлд байсан. Тэр үед өрх толгойлсон эмэгтэй мэтийн ядуу айл гэртээ олон хүүхэд суулгаад өвлийн хүнсээ олж авдаг байсан юм. Нэг хүүхдэд жилд дундчаар 5-7 хонины мах өгөх жишигтэй байсан. Гэртээ байсан хүүхэд хоол идэх боловч хичнээн хоньтой тэнцэх хэмжээний хоол идэж байгаа нь харагдахгүй байхад сумын төвд айлд байгаа хүүхэд 5-7 хонь идэж байгаа нь хүүхдийн аав ээжид ил харагдаж их дарамт болдог байжээ. Энэ далимд дурдахад 5-7 ам бүлтэй айл дундчаар өвлийн идшинд 1 бод-үхэр (манай нутагт адуу, тэмээний мах иддэггүй байсан), 6-7 бог мал хэрэглээ. Хүүхдийг сургуульд явуулах дүргүй байсан болохоор багийн дарга нар аав ээж нарыг айлгаж, хүүхдийг хөөж явуулдаг нэг ёсны албан журмын ажил байсан гэлтэй. Тэр цагт дарга хүн сүртэй буюу хүндтэй, одоогийн "хурган дарга"-аас өөр, ард хүн дарга нарын үгийг дагадаг байсан цаг. 

Дээр үед манай сургууль танхимын сургууль нэртэй байхдаа гэрт байсан юм гэсэн. Харин миний сурагч болж байсан үед байшинд хичээллэдэг байлаа. 1944 он гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны хөлд улс орон, хүн ам нэлээд зовж зүдэрсэн хэцүү үе байсан гэдгийг харуулж хэдэн баримт дурдья. Би нэгдүгээр ангид дотуур байранд байсан. Дотуур байрны сурагчид өглөө, өдөр хоёрт нэг нэг ширхэг шөлөнд шанасан боорцог өгнө. Энэ нь пяртан буюу тасалсан гурилтай хоол гэж хэлдэг хоолны алгын чинээн хавтгай гурил гэсэн үг. Ам цангана, худгаас ус уух гэхэд багш зөвшөөрөхгүй. Ер нь тэр үед багш нарын шаардлага хатуу байсан. Жишээ нь, би аймгийн төвд долдугаар ангийн сурагч байхдаа Дотоод яам (хожмын нэрээр бол Нийгмийг аюулаас хамгаалах яам)-ны Увсын хэлтсийн ачааны машин бинзен авахаар бинзен колонк (одоогийн ШТС) явах үед нь жолоочоос гуйгаад хэдэн хүүхдийн хамт машины тэвшинд суугаад явж байтал нэг багш хараад биднийг хөөн буулгаж сургуулийн хашаан дотор туйпуугаар зам тавиулж шийтгэж байж билээ. Хүүхдүүд төмс гэдэг ногоо байдаг, түүнийг халуун нурамд булаад идэж болдог гэсэн ам дамжсан үгийг дуулаад сургуулийн ногооноос бөөрөнхий хэлбэртэй жижиг ногоог түүн аваад нурамд булж идэх гэхэд болж өгдөггүй байсны учир нь сургууль дан ганц манжин тарьдаг байсан юм байна гэдгийг хожим мэдэж билээ. Намайг нэгдүгээр ангид байхад манай Чогдон ах гуравдугаар ангид онц сурдаг хүүхэд байсан. Тэгээд сургууль гуравдугаар буюу хар гурил (одоогийн ойлголтоор малд тэжээл болгож өгдөг хэвэг гэсэн үг. Дайны үеийн гурил гэвэл энэ. Үүнийг шигшээд цагаан сарын бууз хийдэг, энэ гурил ховор учир шигшихгүйгээр гурилтай хоол, боорцог хийнэ) гэдгээр анх талх барьж онц сурсан сурагчдад нэг нэгийг шагнал болгон өгсөн, хожим аймгийн сургуульд шилжин сурсан үедээ талх гэж юу байдгийг мэдээд жишиж бодоход бидний шагналын хар талх хөөгөөгүй, түүхий гурил байсан юм байна гэж бодож байж билээ. Дайны үе байсан болохоор юм бүхэн ховор, үзэг, харандаа, бэх (чернил), дэвтэр олдохгүй. Бид хичээлийн завсаргаагаар сургуулийнхаа хашаан дотор харандааны балын хугархай хайж тогоруу шиг газар шагайн явдаг байлаа. Танхимын сургууль гэрт хичээлж байсан, бас сурагчдад харандаа тавьж өгдөг, сурагчид харандаа үзүүрлэхдээ балыг нь хугалж хаях нь их байсан болохоор сайн хайгаад байвал хааяа нэг бал олдоно, түүнийг голтой модны гол руу хийгээд харандаа болгоно. Марганец найруулаад чернил хийж модонд боосон үзгээр (үзэгний иш олдохгүй учир үзэгний хошууг модонд боовол модонд боосон үзэг болно) бичнэ. Хортой харандаа хонины үнэтэй байсан. 1945 оны үед анх авто үзэг хааяа нэг даргын энгэрт гоёлол болж харагдаж эхэлсэн. 

Ийм нөхцөлд гэрээсээ холдож үзээгүй, өлсөхийн зовлон мэдээгүй сурагч хүүхэд гэрээ их санана. Зарим үед тэвчээр алддаг байсан байх. Нэг өдөр Чогдон ах бид хоёр оргоно гэж хүүхдүүдийн дэргэд ярилцаж байгаад оргох дүр үзүүлсэн юм. Яагаад оргох дүр үзүүлсэн гэж байна гэвэл оргоно гэдэг бол зам зуурын бэлтгэл хангаж аваад бусдад мэдэгдэхгүй нууцаар хийдэг зүйл шүү дээ. Бидний орголт үнэндээ зугаталт байсан. Бид хоёр үнэндээ зугатсан болохоор гүйгээд байсан. Ангийн багш нэлээд хожим бид хоёрыг оргосныг мэдээд хойноос явган хөөж ирсэн. Их сайн багш байсан байх, бахардаж үхэтлээ гүйсэн мөртөө биднийг зодох нь байтугай загнаагүй санагдана. Бас хэрэг хийсэн сурагчийг багш нарын өрөөнд дуудан аваачиж багш нар тал талаас нь боргойдог ёс бид хоёроос холуур өнгөрсөн шиг санагдана. Бодвол сургуулийн захирал, ангийн багш их сайн хүмүүс байсан юм байх. Харин хожим нь сумын хоршооны дарга морьтой даналзаж ирээд бид хоёрыг бүх сурагчдын жагсаалын өмнө гаргаад ихэд загнасан юм. Бодвол тэр дарга хоршоондоо хийх ажил багатай байсан юм байх. Ер нь дарга гэдгээр түрүү барьж бусдын хэрэгт оролцож явдаг дарга нар ч одоо мэр сэр байдаг болохоор тэр даргыг нэг их буруутгаад яахав. 

Намайг нэгдүгээр анги төгссөн жил манай аав нас барж, Чогдон ах маань сургуулиас гарч өрх толгойлох болсон учир би түших ахгүйгээр сургуульд сурах болсон юм. Тэгээд хоёр, гуравдугаар ангидаа айлд суугаад дөрөвдүгээр ангид орох жилдээ аймгийн төвд Дотоод Яамны хэлтэст төлөөлөгчөөр ажилладаг авга ах Эрдэнийн буянгаар Увс аймгийн төв Улаангом хотын бүрэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч болж авга ахынхаа гэрт нь сууж буянгийг нь хүртэх болсон юм. Энэ авга ах Эрдэнийд би оюутан болох хүртлээ суусан. Ахын эхнэр Мунаа гэж сайхан зантай эмэгтэй одоо хүртэл бидэнд анхаарал халамж тавьж төрсөн эгч шиг тусалж явдаг юм. Энэ авга ахын буянгаар манай эгч Нацагийн нөхөр Жандаг аймгийн хэлтэст цагдаа болсон, миний ах Чогдон Гал командад гал сөнөөгчөөр ажилд орж яваандаа хошууч цолтой болсон, дүү Дарьжав Политехникумын холбооны анги төгсөөд сэргийлэхэд насаараа ажиллаж ахмад цолтой болсон, харин авга ах хурандаа Эрдэнэ маань 1983 онд ЗСБНХУ-д суух БНМАУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташегаар ажиллаж байгаад Москва хотод өвчний учир нас барсан билээ. Авга ах маань тэр үеийн нийгмийн тусад амь бие хайрлахгүй зүтгэдэг хүний ёсоор өөрийн эрүүл мэндийг хайхрахгүй зүтгэсээр яваад ийнхүү 55-тайдаа нас барсан юм. Өнчин биднийг өөд нь татаж “Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн” энэ авга ахынхаа гавьяаг дурсаж би оюутан нартаа “айлын хүүхдүүдийн ах, эгч нь сайн хүн болчих юм бол дүү нараа өөд нь татаад явчихдаг юм шүү” гэж захидаг юм. 

Аймгийн дунд сургууль урт дан байшинд хичээллэдэг байлаа. Байшин нь таазандаа тулсан гөлмөн төмрөөр бүрсэн тоосгон пийшинд хар мод түлж халаадаг боловч бага мод түлдэг болохоор өвлийн цагт маш их хүйтэн, сурагч бид нэхий дээлтэй, эсгий гуталтай боловч хөл их даардаг, дэвтрийн цаас гар хайрдаг, үзэгний үзүүрт чернил хөлдөж амныхаа бүлээн амьсгаагаар гэсгээж байгаад бичдэг, хичээлийн завсаргаагаар пийшин дотроос халуун чулуу, тоосгоны хэлтэрхий олж гартаа атган хичээллэж байсан. 

Тэр үед Улаангом хот сул шороо ихтэй, бараг өвдөгт тулам цас их ордог байсан болохоор ангийн шал бараг гаднах газар шиг шороотой, түүнийг угаах ажил их төвөгтэй, цас хайлсан үед шавар шавхай маш их, хүүхэд бид циркийн жүжигчин шиг урт модон хөлөөр явдаг, тэгж модон хөлөөр явахыг багш нар их хориглодог байлаа. Бас багш нарын нэг хориглодог зүйл нь бараг сурагч нэг бүрийн авч явдаг, хичээлийн завсаргаа бүрээр гадаа харилцаж тоглодог даавуун бөмбөг байсан. Энэ бөмбөг шороотой хутгалдаж сурагчийн гар саарьтах учир тэгж хориглох боловч дийлдэхгүй тоглосоор байдаг байлаа. Энэ ялдамд зориуд дурдахад сургууль, хоршоодын холбоо, дотоод яамны хэлтэс мэтийн том албан газар хашаан дотроо гар бөмбөг тоглодог сеткатай залуучууд орой, хагас, бүтэн сайн өдөр болгонд гар бөмбөг тоглодог байж билээ. Өвлийн цагт олон сурагч, охид хүртэл какс нэртэй тэшүүрийг эсгий гуталдаа олсоор хүлж хатуурсан цас, голын мөсөн дээр гулгадаг байтал хожим нь норвег гэсэн урт мөсний сайхан тэшүүр ховорхон боловч олддог болж билээ.Тавиад оны үеэс цана ирж цанаар гулгах боллоо. Энэ гар бөмбөг, тэшүүр, цана тэр үеийн хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв өнгөрөөхөд, бас эрүүл, чийрэг болгоход багагүй үүрэгтэй байж билээ. 

Өнөөгийн хотын хүүхдийг бодвол тэр үеийн хүүхэд ажил их хийдэг, зууны амралтаар мал, гэрийн ажилд оролцоно. Ер нь мал аж ахуйн ажил бол гол нь эхнэр, хүүхдийн хийдэг ажил юм байна. Газар тариалан эрхэлдэг хүмүүс өвлөөс бусад улиралд борви бохисхийхгүй зүтгэж байж аж төрдөг бол мал аж ахуй эрхлэгчид өвөл, мал төллөх үе хоёрт их зовдог, бусад үед, ялангуяа зун “жаргадаг”, иймийн учир газар тариалан эрхлэгчдээс арай илүү залхуу байх гэж бодогдоно. Хэрэв миний энэ бодол үнэний ортой бол төр засаг ч бодлогодоо үүнийг бодолцох ёстой гэж бодно. 

Хотын сууцанд байгаа хүүхэд гэрийн ажилд сайн оролцож байхгүй бол хэт залхуу, бас хөдөлгөөн хомсдож эрүүл чийрэг биш, сул үлбэгэр болж өсөж байна. Монгол хүний нэг гол онцлог бол багаасаа хатуу бэрхэд хатуужиж эрүүл, чийрэг, бие бялдар сайтай, тэвчээр хатуужилтай чанар байсан. Малчин хүний хэллэгээр бол багаас нь ачлага, уналганд ашиглаагүй тэмээ, морь ачлага, уналга даах чадвар муутай болдог юм гэсэн. Миний багад хүүхэд газарт адасга (адууны шир) дээр дэрлэгээ нөмрөөд унтдаг байж билээ. 

Намайг ахлах ангид сурч байх үед сайн сурагчид хичээлээ шаардуулахгүй давтдаг, тэр ч байтугай хавар дулаан болсон үед хотын захад зүлгэн дээр суугаад шалгалтын билетээ боловсруулж байхад өглөөний наран мандаж байх жишээтэй байсансан. Мөн уран зохиолын ном их уншдаг байсан. Ном унших нь мэдлэгээс гадна хүмүүжил олгох сайн талтай байсан. Тэр үеийн ном зохиол улсын хэвлэл хянах газраар заавал хянагдаж гардаг байсан болохоор одоогийнх шиг хүүхэд залуучуудад буруу нөлөө үзүүлэх бусармаг явдалтай ном байдаггүй байсан. 

Намайг сурагч байх үед сурагчийг пионер, дараа нь эвлэлийн гишүүнд элсүүлж пионер, эвлэлийн ажлыг тогтмол хийдэг, ажлын гол нь хүмүүжлийн ажил байсан, бас тэр үед одоогийнх шиг хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх муу нөлөө бага байсан болохоор сурагчийн хүмүүжил сайн байсан. Багш нар ч хүмүүжлийн ажилд маш их анхаарч ажилладаг байсан юм.

Би бүх хичээлдээ, түүний дотор математикт сайн байсан. Тэгэхдээ Өвгөн гэдэг сурагч (МУИС-ийг төгсөөд тэндээ нэг насаараа багшилж байгаа Монгол Улсын гавьяат багш)-аас арай дутуу гэж боддог байсан, гэтэл хожим Өвгөн намайг өөрөөс нь илүү байсан гэж ярьсан байдаг. Би одоо долдугаар ангийн тоо бодож чадах байх гэж дотроо боддог юм. Би тооны талын хичээлд их сонирхолтой, яваандаа зохион бүтээгч инженер болно гэж боддог, тэр талын бэлтгэл хийж эхэлсэн. Жишээлбэл, радио хийх гээд оролдож байсан, даанч тэр үед бүрээстэй нарийхан утас, жижиг соронзон ч олддоггүй байсан цаг. Миний дүн дардаг гол зүйл цээж бичиг, орос хэлний контроль хоёр байж билээ. Тэгээд би монгол хэлний цээж бичиг гэсэн “дайснаа дарахын” тулд “Монгол хэлний зөв бичихийн толь” гэсэн номыг бараг цээжлэх шахуу уншиж “дайснаа дарж, дархан цолоо мандуулж” чадсан. Харин орос хэлний контролийн хувьд бүрэн ялалт байгуулж чадахгүй, засвартай дүнтэйгээр онц сурдаг байсан юм. Ийм хоёр дайсантайгаа амжилттай байлдаж чадсаны үр дүнд одоо би монголоор бараг алдаагүй бичдэг, зарим нэг үгийг тухайлбал, “хэтийн төлөв” гэдэг үгийг “төлбө” гэж бичиж болдоггүй юм болов уу гэж боддог. Одоо үгийн үндсийг эвдэхгүй гэдэг утгаар “төлөвийн” гэж бичих байтал “төлвийн” гэж алдах нь их байна. Хэлэнд гадаад үг орж ирдэг зүй тогтол бий. Жишээ нь, чихэр, сахар, цукор, цай, чай, теа гэх мэт. Энэ утгаар граж, платье, ботинки гэдгийг гарааш, палааж, бажийнк гэж бичиж болдоггүй юм байх. Орос хэлний хувьд 10 жил төгссөн жилдээ Эрхүү хотын эмнэлэгт хэвтэж байхдаа уран зохиолын орос ном уншиж ойлгож чаддаг байсан, харин оросоор одоо ч гэсэн зөв бичиж чадахгүйг бодвол хоёрдохь дайснаа бүрэн ялж чадаагүй юм. Гадаад хэлийг зөв хэлж, зөв бичиж сурах нь амаргүй байдаг юм шиг байсан. Миний хөлийг Монголын харъяат Байдыр гэдэг унгар гаралтай орос эмч (хожим “Монгол Улсын гавьяат эмч” цол хүртсэн) тайрч байхдаа өвдөж байна уу? гэж асуухад нь би “большой болит” гэж хариулахад эмч маань “сильный болит” гэдэг юм гэж над орос хэл зааж байж билээ. Монгол хүн гол нь их өвдөж байна гэж хэлдэг байхад орос хүн хүчтэй өвдөж байна гэж хэлдэг юм байжээ. 

Би сурагч байхдаа сурлага, хүмүүжлээр үлгэр жишээ сурагч байсан учир ахлах ангид орсон үеэс сурагчийн зөвлөлийн дарга, есдүгээр ангиасаа ангийн даргын ажил хийж явлаа. Намайг сурагч байхад Насанбуян гэсэн сайхан захирал байж билээ. Би энэ хүн шиг хүн болох юмсан гэж дотроо бахархаж явдаг байсан.

Гурав. Зуны амралтын үеэр

Зуны амралтын үе болох зургадугаар сард манайх Хозын хөндий гэдэг модтой голын хөндийн өвс ногоо нь жигдэрсэн сайхан нутагт байдаг байсан. Нэг гэм нь шумуул ихтэй, оройд утаан май тавьж байж малаа саадаг. Ээж нас барснаас хойш манайх үхэргүй болж хонь, ямаа сааж цагаан идээ авдаг болсон юм. Хонь, ямаа саадаг айл заавал саахалт айлтай байж харилцан хонь, ямаагаа тавина. 

Энэ Хозын гол Ачит нуурт цутгадаг жижиг загастай , харин Ачит нуур, түүний хажуугийн жижиг нуурууд том загас ихтэй, Ачит нуурын хөвөө долгионд хаяагдсан замаг, загасны яс ихтэй хөл нүцгэн явах боломжгүй. Мөн Хозын гол, Ачит нуур галуу, нугас мэтийн агнуурын шувуу ихтэй нутаг байсан юм. Гэтэл энэ загас, шувууны мах идэхгүй болохоор бид багадаа их өлсөж л байсан. Тэр үеийн ёсоор зун мал гаргаад мах идээд байхгүй. Зөвхөн сүү, цагаан идээ хэрэглэнэ. Дашрамд дурдахад сүү, цагаан идээ гэдэг монгол хэллэгийг оросоос махчилан орчуулж сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэг болсон, харин одоо оросоос биш англиас махчилдаг болсон болохоор юу гэж хэлдэг бол доо. 

Дайны үе, дайн дөнгөж дууссан үе байсан болохоор юм юм ховор, мөнгө ч ховор, мөнгө олох гол арга бол улсын бэлтгэлд мах, ноос, сүү тушаасны бэлтгэлийн үнэнд өгдөг хэдэн төгрөг байсан юм. Жишээ болгож дурдахад тарваганы нэгдүгээр зэргийн арьсыг хоршоонд тушаахад 1 төгрөг орчим болно. Гэхдээ энэ бол бага мөнгө биш, 50 ширхэгтэй байдаг 1 хайрцаг калибрын сум 50 мөнгө байсан жишээтэй. Чогдон ах бид хоёр Хозын хөндийд байдаг гэрээсээ явган явж Бөхмөрөн сумын төв Байшинтад очоод хоршооны (ардуудын улсын бэлтгэлд тушаасан) хонь хяргаад хэдэн төгрөг олж гурил авч ирээд гамбир хийдэг шиг зуурч элдээд ширмэн тогоонд тосгүй хайрч иддэг байлаа. Өрх бүр улсын бэлтгэлд өөхөн тос тушаах албан ёсны нормтой байсан болохоор өөхөн тосгүй болдог байсан цаг. 

Харин долдугаар сарын аравны үеэр манай нутгийнхан зуслан руу бараг 2 өдөр нүүж Олон нуур гэдэг газарт зусна. Энэ Олон нуурт нуурын мөс бүрэн хайлахгүй сэрүүн, бороо их орж аргал хатахгүй үе үе гал алдахад хүрэх нь бий. Манайх гол төлөв Олон нуур өнгөрч Хүйсэн хар буюу Рашааны хөл гэдэг газар мөнх цастай уулын хормойд хүрч зусна. Заримдаа Олон нуураас наана Хатуугийн ам гэдэг газар зусдаг байлаа. Тэнд зусахад гэрийн тооноор хавчлын энгэрт явж байгаа мал харагдаж байдагсан. Энд нэг зүйл дурдахад дөрвөд хэлээр тооныг “Хараач” гэдэг. Энэ нь хардаг газар гэсэн утгаас үүссэн биз. Гэтэл манай нэг нэрт эрдэмтэн дээр үед тооноороо гардаг байснаас “Гараач-Хараач” болсон гэж тайлбарлаж байж билээ. Бас “Гэсэрийн туужид” “Хос хувцсаа өмсөөд” гэсэн өгүүлбэр байдаг нь “Гутал хувцсаа өмсөөд” гэсэн өгүүлбэр. Дөрвөдөөр гутлыг “Госон” гэдэг. Үүнийг яагаад дурдваа гэвэл том эрдэмтэн байсан ч аливаа юмыг сайтар нягталж байх ёстой юм гэдгийг харуулах гэсэн юмаа. 

Би зусланд гарсан үе юм уу наадмын үеэс эхлэн тарвагачлах ажил хийж калибр буу, хэдэн хавх аваад өдөржин явган явдаг байлаа. Мориор явахад морио орхисон газартаа дахин ирэх зовлонтой учир явган явах нь амар байдагсан. Манай тэнд тарвага ховор, тун хашир, өдөржин явж байж нэг тарвагатай, хааяа нэг хоосон ирдэг ч байлаа. Манай зусланд гардаг нутаг хойлог шувуутай. Хойлог тэмээн хяруу шиг бараг нисэхгүй, газар өөд маш хурдан гүйнэ. Энэ шувууны мах сайхан амттай, бас эмэнд ордог боловч шувуу агнаж сураагүй манай нутагт агнаад байхгүй. Харин нэг удаа миний тарваганы хавханд орсон хойлогийн мах идэж үзсэн юм. Манай зусланд наймдугаар сарын нэгэн болоход цас орж эхлэх учир зуслангаас намаржаа руу нүүнэ. Намаржаанд буусан үед хань олдвол мөн тарваганд явж “Хээрээр гэр, хэцээр дэр хийнэ”, нэг удаа өдөржин шөнөжин бороо орж даарахын эрхэнд тулгын гурван чулуугаа тойрон явж хонож ч байлаа. Ингэж тарваганд явж байхдаа тамхи татдаг байсан, харин сургуульд ирсэн үедээ “аймхай” учраас тамхи татдаггүй байлаа. 

Ер нь манай нутагт эрэгтэй хүүхдийг 12 орчим настай болоод ирэхэд эмээл хазаар, бугуйл (баруун аймаг уурга хэрэглэхгүй), хэт хутга төхөөрч өгдөг, хонь, ямаа гаргахад сургадаг, зарим нэг нь ганс, тамхины уут бэлтгэн өгч тамхи татахыг зөвшөөрдөг байсан байх. Тэгэхдээ тэр үеийн тамхичид гансаар тамхи татах учир үргэлж учир зүггүй татаад байдаггүй, гол нь хүнтэй мэнд усаа мэдэлцээд тамхилдаг заншилтай байсан цаг.


Дөрөв. Батаа осолдсон нь

Би ахлах ангийн сурагч болсон үеэсээ тэшүүрийн хажуугаар цана сонирхож эхэлсэн юм. Тэгээд 1955 онд аравдугаар ангийн сурагч байхад Балсанжав багш МАХН-ын XII их хурлын материалыг хөдөө орон нутагт сурталчлах “Багш, сурагчдын” цанын аялал зохиох болж манай ангийнхан бараг бүгдээрээ явах юм болж байтал Аймгийн намын хорооны товчоогоор авч хэлэлцээд багш Балсанжав, сурагч Баяндэлгэр, Батаа гурвыг зөвшөөрсөн юм. Тэр үед ийм аар саар юмыг хүртэл намын байгууллагын зөвшөөрлөөр хийдэг байсан цаг, тэгээд бид гурав осолдож баларсан үед аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Содномцэрэн гэдэг сайн хүнийг бидний гайгаар МАХН-ын ээлжит бүгд хурал дээр донгодож арга хэмжээ авсан юм гэсэн. Энэ даргыг яагаад би сайн хүн гэж байна вэ? гэвэл хожим нь намайг оюутан байхад манайд хэдэн сар хичээл заасан, хичээлийг маш сайхан зааж оюутан биднийг бишрүүлж байж билээ. Их мэдлэгтэй, шулуун шударга хүн байсан юм. Би энэ хүн шиг хүн болох юмсан гэж бодож биширч бахархдаг байлаа. Бас биднийг Эрхүү хотод эмчилгээнд явах үед нэг сумын дөрөвдүгээр ангийн хөлөө хөлдөөсөн сурагч хамт явсан. Тэр айлд суудаг хүүхэд гэдэс нь гүйлгэсэн үед шөнө гарч бие засаж яваад хөлөө хөлдөөсөн юм гэсэн. Тэгэхэд тэр сурагчийн сургуулийн захирал, сумын дарга нар хариуцлага алдсан хэрэгт зэмлэл хүртсэн юм гэнэлээ. Тэр үед албан хариуцлага гэж иймэрхүү байсан. Одоо хариуцлага хүлээнэ гэдэг юм бараг алга болж, үүнээс улбаалаад ажил цалгардах болжээ. 

Бидний хоёр сурагчийг авч явсан багш Балсанжав нь Хөвсгөл аймгийн уугуул, РАФАК (Рабочий факультет-Ажилчин залуучуудын сургууль) төгссөн, орос хэлний сайн багш байсан, нэг гэм нь архи их уудаг, “архины лүү” хочтой, шинэ жилээр архи уухгүй гэж аялалд явсан түүхтэй. “Чонын ам идсэн ч, эс идсэн ч улаан байдаг” болохоор хариуцлагаас зайлсхийх гэсэн хүмүүс бид гурвыг архи ууж согтоод осолдсон гэж таамаг, цуурхал тараасан байсан. Тэгээд би архичин хочтой болж бүр 1980 хэдэн онд Тахир дутуугийн групп тогтоох эмч нарын комиссоор орох үед эмч нар над группын зэргийг 75 хувиар өгнө гэхэд Сонгино хайрхан дүүргийн үйлдвэрчний байгууллагын төлөөлөгч нэг “их мэдэгч” хүүхэн энэ архичинд 45 хувь болно гэж зүтгээд 45 хувиар тогтоолгож байж билээ. Сурагч байх үеэр үл барам би одоо өвгөн болтлоо нэг ч удаа согтож үзээгүй яваа. Тэр үеийн сурагч багшаасаа их айдаг, хүндэлдэг байсан болохоор багштайгаа нийлж архи уух, багш нь сурагчдаа архи өгнө гэсэн ойлголт огт байхгүй. Нөгөө нэг сурагч Баяндэлгэр маань нууцаар тамхи татдаг байсан, тэгээд багшаасаа айгаад бүр хол хоцорч байгаад тамхиа татдаг сурагч архи ууна гэж зүүдэнд ч орохгүй. Балсанжав багш маань хожим Увс аймгийн Наранбулаг суманд багшилж мод тарих мэтийн олон сайн ажил хийсэн юм гэсэн. Багшийн маань гол дутагдал гэвэл биднийг огт бэлтгэлгүй, наад зах нь идэх боов, боорцоггүй авч явсан, бидний хоёр сурагчдаа огтхон анхаарал тавьж даарч байгаа эсэхийг асуух ч үгүй, түрүүлээд яваад байдаг, бид хоёр хойно нь цувраад, багшаа гүйцэх гэж хамаг хүчээ шавхан явдаг байсан. Намайг унтаад хоцрохыг мэдээгүй яваад өгсөн, бас миний үүргэвчид Эрдэнэ ахын хурган дээл байсан, түүнийг аваад бидний гарыг боосон буюу над өмсгөсөн бол тэгж их хөлдөхгүй байсан юм. Гэхдээ би багшаа огтхон буруушааж гомддоггүй. 

Баяндэлгэр минь томоотой, найзархаг, сайн хүүхэд байсан, Налайхад багшилж байгаад цэл залуудаа нас барсан нь туйлын харамсалтай. 

Цанын аялалд явах болсон бид гурвыг 1955 оны шинэ жилийн Сүлд модны наадмын үеэр үдэн гаргах болж бид нойр авч чадаагүй шууд замдаа гарсан. Анх очих газар Малчин сумын төв байсан юм. Тэр өдрөө өдөржин уул дамжин яваад шөнө нь уулаас хотгор руу үлээдэг хэцүү жавраараа алдартай Хэцүүгийн хотгор гэдэг рүү буухаар цаныхаа хоёр таягийг унаад ёстой нэг уулын цанын тэмцээнд орж байгаа юм шиг жирэлзүүлэхэд мөн ч сайхан байж билээ. Одоо бодоход шөнө өндөр уулын мэдэхгүй газраар цанаар жирэлзүүлж бууна гэдэг нь маш их осолтой байсан боловч бидний буусан газар ямар нэгэн аюулгүй сайхан газар байсан юмсанжээ. Уулаас буугаад жаахан нойр аваад цааш нь яваад хоёрдохь шөнөөс ядарч, хөлдөж эхэлсэн. Бид ямар нэгэн идэх юмгүй явснаас болж өлдсөн, ууланд цанаар нойргүй удаан явсан, бас ам цангахаар цас идээд байсан зэргээс их ядарсан юм. Ядарсан хүн явж байгаад зогсоогоор зүүрмэглээд зүүд зүүдэлж сэрээд байдаг юм байсан. Тэгээд би хоёрдохь шөнө зогсоогоор унтаж нөгөө хоёроосоо хоцорсон. Нэг мэдэхэд ганцаар зогсож байсан бөгөөд газар мэдэхгүйгээсээ болоод буцаж яваад нар мандах үеэр нараар баримжаалж зөв замдаа орж өдөржин яваад малчин сумын төвд цас хүрзэдсэн хүрзний дуу, нохойн хуцалт сонсогдсон газар ойртож ирж явтал намайг морьтой хүн тосож ирсэн юм. Нөгөө хоёр маань хүрэх ёстой байсан Малчин сумаасаа өнгөрч цаанаас нь буцаж ирээд намайг төөрсөн гэж хэлэхэд тэгж морьтой хүн намайг хайж ирсэн нь тэр байсан юм. 

Хөлдөхийн үндсэн шалтгаан нь нэгд хөвөнтэй өмд цамц дээр цанын өмд, цамц өмссөн (тэр өмд, цамцны нь резин тасарч нарийхан олсоор орлуулсан) болохоор хөвөнтэй өмдний халаас, цамцны энгэрт гараа хийх боломжгүй болсон, хоёрт ээлжийн бээлийгүй явснаас болж хөлсөнд бээлий норж хөлдсөн, тэгээд гар ил гарч даараад хөлдөөд ирэхэд хөлдөөгүй гараа даарсан хөлдсөн дээр нь тавьж хөлдөөсөөр сүүлдээ гар цагаан өнгөтэй хатуу юм болж хувирсан, гар хөлдөж эхэлсэн үеэс бид цанаа сугавчлаад явдаг болсон, цана маань одоогийнх шиг гуталтай хөлөө угладаг биш, мөн тэшүүрийн адил олс дээсээр хөлдөө боодог цана байснаас гадна тэр цааныг аймгийн Спортын хорооноос авсан болохоор хаяж болохгүй, заавал эргүүлж тушаах ёстой улсын өмч байсан юм. Эсгий гутал хөлсөнд норсоор хөлтэй барилдаж хөлдсөн, хүзүүний ороолт мөсөн цагираг болж хөлдсөн байж билээ. Тэгээд гуравдахь өдрийн үдэш сумын төвд хүрч очиход сумын эмнэлэг бидний хувцсыг жижиг жижгээр огтолж салгаж авсан. Маргааш нь манай авга ах Эрдэнэ хэлтсийн даргын ГАЗ-69, Намын хорооны даргын мөн ижил маркийн хоёр машинтай ирж бид гурвыг аваад буцсан. Буцах замдаа бидэнд халуун цай уулгахаар резинэн грелкэд цай хийгээд өгч явсан юм. Хэдхэн том дарга машинтай байсан тэр үед аймгийн Намын хорооны дарга машинаа өгсөн гэж бодоход бидний осол тухайн үедээ дуулиантай явдал болжээ. 

Биднийг шууд аймгийн эмнэлэгт хэвтүүлсэн. Бидний нүүр хөлдөж аймшгийн кинонд гардаг алуурчид шиг болсон байсан болохоор аймгийн эмнэлэгт биднийг харсан бага ангийн охид уйлалдаж ёстой нэг сүйрэл болсон юм шиг байсан. Манай ангийн хүүхдүүд хоёр хоёроороо биднийг ээлжлэн сахиж хонодог байлаа. Ингэж бид төрөл төрөгсөд, сурагч нөхөддөө их зовлон учруулж эхэлсэн юм. 

Биднийг аймгийн эмнэлэгт эмчилж байгаад мэс засал хийх шаардлагатай болсон үед Ховд аймгийн төв Ховд хотод байсан Баруун гурван аймаг дундын эмнэлэгт шилжүүлж тэнд бидний хөл гарыг тайрсан юм. Хөлдсөн хөл, гарын хөлдсөн хэсэг нь харлан хатаж эрүүл газраасаа тасран салдаг юм байлаа. Миний нэг гарын сарвуу бугуйн үерээ тасран салж нэг том шөрмөсөндөө дүүжлэгдэн унжсан үед эмч шөрмөсийг хайчлаад салгаж байсан юм. Ингэж өөрөө салж унасан ч гэсэн цаана нь ил яс үлдэх учир мөн мэс засал хийх болно. Ийм маягаар 4 удаа тайруулсан боловч муу буюу монголын сургуулийн мэргэжилтэн мэс засал хийсэн болохоор Эрхүү хотод очсон хойно нэг гар урт байна, хиймэл гар хийвэл урт богино хоёр гартай болно гээд дахин богиносгох тайралт хийж билээ. Нэг хөлийн мэс засал муу болсны улмаас 31 жил шархтай, өдөр бүхэн хүчтэй эм хийж боодог хөлтэй явсаар 1986 онд өмөн үү болохын даваан дээр дахин нэг, 3 жилийн дараа бас нэг, ингээд 4 мөчийг 4 удаа тайраад хаячих байтал хөл, гар 7-той юм шиг 7 удаа тайрсан, хамгийн сүүлд мэс заслын сайхан шинэ эмнэлэг хөлийнхөө оёдлыг хэдэн хоногийн дараа ирж авахуул гээд эмнэлэгээс гаргасан. Ийм сайхан эмнэлэгт ийм хатуу сэтгэлтэй эмч бас байдаг юм билээ. Тэгээд би эмнэлэг явах бололцоогүй байсан, эхнэр, арай том хүүхэд зүрхшээд шархны утсыг авч өгөхгүй болохоор бага настай охиноо гуйж уяраах, айлгаж сүрдүүлэх мэтийн элдэв арга хэрэглэн шарх оёсон утсыг авахуулж “мэс заслын сувилагч” болгож билээ. Үүнийг ямар учраас тоочин бичээд байна вэ? гэвэл манай сургуулиуд иймэрхүү мэргэжилтэн бэлтгэдэг нь хувь хүн болон нийгэмд ямар гай учруулдгийг харуулах гэсэн хэрэг. Хувь хүнд учруулсан зовлон гэвэл: эмнэлэгт 1 удаа хэвтэх байсныг 3-аар давуулж 4 удаа болгосон, 4 удаа огтлуулж зовох байсныг 3-аар давуулж 7 болгосон, нийгэмд учруулсан гай гэвэл: өвчтнийг 1 удаа хэвтүүлж эмчлэх зардлыг 4 удаа болгосон, 4 удаагийн мэс заслын зардлыг 7 удаагийнх болгосон гэх мэт болно. 

Миний төрсөн эгч Пунцагийн Нацаг биднийг Ховд аймгийн аймаг дундын нэгдсэн эмнэлэгт олон сар сахисан. Эгч маань таних хүнгүй хүний газар мөнгө, хоолгүй, 3 хэвтрийн хүнийг яаж асарч яаж зовж байсныг мэдэхгүй юм. 

Биднийг Ховдоос дахин аймгийн эмнэлэгт эмчилж, дараа нь Хархираагийн амралтад амруулсан юм. 

Дараа нь бид гурвыг Улаанбаатар явуулах болсон тул миний ах Чогдон гэр, мал зэргийн бүх хөрөнгөө орхиод шуудангийн машинаар биднийг авч хот орж ирсэн. Тэр үед Гэгээрлийн яам нэртэй байсан Боловсролын яам биднийг Багшийн Дээд Сургуулийн оюутны байранд хэдэн хоног байлгаад Улаанбаатар хотын нэг сургуулийн математикийн багш Дүгэрсүрэн гэдэг хүнийг асран халамжлагчаар томилж Эрхүү хотод эмчлүүлэх, протез хийлгэхээр явуулсан юм. Биднийг авч явсан Дүгэрсүрэн биднийг эмчлүүлж дуустал буюу 1955 оны наймдугаар сараас 1956 оны зургадугаар сар хүртэл Эрхүүгийн том зочид буудалд сууж долоон хоногт нэг удаа биднийг эргэж ирдэг байсан. Энэ мэтийн бүх зардлыг улс бүрэн гаргаж байсан, хэрэв одоо сургуулийн сурагч ийм байдалд орвол зардлыг дийлэх үндэс байхгүй болно. 

Биднийг Эрхүү хотын Научно-исследовательский институт ортопедии и восстановительской хирургии (Тулах, хөдлөх эрхтний гэмтлийг эмчлэх, сэргээн засах мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэн) гэдэгт хүлээн авсан. Энэ хүрээлэн нь эх орны дайны үед ар талд ажиллаж байсан хүрээлэн болохоороо маш хүчтэй, эрдэм шинжилгээний ажил их хийдэг байсныг нэг жишээгээр харуулахад долоон хоног тутмын нэг өдөр нохой дээр тогмол туршлага хийдэг бөгөөд 200 орчим туршлагын нохойтой, өвчтөнд зориулсан том номын сантай, эмчлүүлж байгаа сурагчдад багш нь ирж хичээл заадаг, бидэнд хүртэл орос хэлний хичээл зааж байлаа. Хөгжилтэй улсын хүн ам их өөр байдаг юм байна гэдгийг тэр үед би мэдэрсэн. Өвчтнүүд номын сангаас өдөр бүр ном авч уншина, би хүртэл ном авч уншдаг байв. Автобусанд бүр настай хүмүүс хүртэл ном уншаад явж байдаг. Хүмүүсийн ааш зан сайхан, бидэнд их л дотно ханддаг байж билээ. Калавда гэдэг нэг настай асрагч өглөө бүр палатад орж ирсэн дороо над хандаж “Бедный мальчик” гэж толгой сэгсэрдэг байв. Би “бедный” гэдэг үгийг ганцхан ядуу гэсэн утгаар ойлгож дотроо дургүй хүрдэг байж билээ. Харин хожим бодож байхад “хөөрхий” гэж элэг эмтэрч байсан юмсанжээ. Бас монгол хүний зориг тэвчээр, хатуужлыг үнэлж Неллия Григориевна гэдэг нэг сувилагч миний тухай нэг зохиолчид ярьсан учир тэр зохиолч “Гурван баатар” гэсэн найруулал бичиж нэг хэсгийг нь “Литературная газета” сонинд хэвлүүлсэн байсныг хожим намайг МУИС-ийн хоёрдугаар ангид байхад орос хэл зааж байсан орос багш над өгч билээ. Тэр гурван баатрын нэг нь монгол хүү Батаа байжээ.Түүнд Батаа МАХН-ын XII их хурлын материалыг хөдөө суманд сурталчлах багш, сурагчдын цанын аялалд явж байгаад хөлдсөн тухай, монгол хүү Батаа өвчтнүүдийн дунд явуулсан шатрын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж Жюль Верний “Дети капитана Гранта” гэдэг номоор шагнуулсан, тэнд эмчлүүлж байсан нэг орос сурагч алгебрийн бодлогоо бодож чадахгүй байхад нь тусалж байгааг оросууд хараад монгол хүү орос хүүхдээс дээр байгаад гайхаж байсан тухай, хиймэл хөлөөр явах, хиймэл гараар бичиж сурах гэж хүүхэд хүнд баймааргүй зориг тэвчээр гарган зүтгэж байсныг нүдэнд харагдтал тодорхой бичсэн байсан. 

Ер нь би байгалийн заяагаар ч юм уу, амьдралын нугачаанд нугачуулсанаас ч юм уу, эсвэл аав, ээжийн хүмүүжлийн үр дүнд ч юм уу, аль нь болохыг бүү мэд, ямар ч гэсэн эр зоригийн хүмүүжилтэй байсны ачаар амьдралын бэрхшээл бүхнийг дааж гарсан юм. Тэгээд ч би зарим хүнд эр зоригийн хүмүүжил дутаж байна, аав, ээж нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ “Хайр нь дотроо, хал нь гаднаа байх ёстой” ардын сургаалыг мартаж “дотроо биш, гаднаа хайрлаад эрхийн тэнэгүүдийг” бэлтгээд байна уу даа гэж боддог. 

Энэ дашрамд дурдахад түрүүн би Монголын сургуулийн бэлтгэсэн муу мэргэжилтний гайг дурдсан бол одоо Монголын Социалист гэж нэрлэгдэж байсан тэр нийгмийн ядарсан хүнд яаж тусалж байсан тэр буяныг нь зориуд цохон тэмдэглэж байна. Биднийг эмчлүүлэх, тэр ч байтугай ЗХУ-д явуулж эмчлүүлж хиймэл хөл, гар хийлгэх мэтийн бүх зардал, тэр ч байтугай нэг багшаа асран хамгаалагчаар томилон явуулж гадаадын зочид буудалд бараг жил шахам суулгасан зардлыг улсаас гаргаж байсныг одоо Монголдоо эмчилгээгүй болсон хүн гадаадад явах зардалгүй бол “нүд аних” нэг замтай байгаатай харьцуулахад бахархаад бахархаад баршгүй бахархал. Тэр үед ЗХУ монгол хүнийг өөрийн орны хүний нэгэн адил үнэгүй эмчилдэг байлаа. Миний ах Чогдон ЗХУ-ын Ленинград (одоо Санкт Петрград) хотод “Галын сургуульд” сурч байхдаа сургуулийн захиргаандаа “Миний дүүг эмчлүүлэх, протез хийлгэхэд тусалж өгнө үү?” гэж хүсэхэд Ленинград хотын Научно-исследовательский институт ортопедии и восстановительской хирургии (Тулах, хөдлөх эрхтний гэмтлийг эмчлэх, сэргээн засах мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэн) гэдэгт үнэ төлбөргүй 2 сар эмчилж хиймэл хөл, гар хийж өгсөн, би зөвхөн замын зардлаа гаргасан юм. Бас 1969-1970 онд Мосвагийн их сургуульд 10 сар мэргэжил дээшлүүлж явахдаа Москва хотын Хирургит сар гаруй хугацаанд үнэгүй эмчлүүлсэн юм. Өвчтний палат том хөргөгчтэй, эргэлтийн хүмүүс өдөр бүхэн чөлөөтэй орж уулзана, энэ нь өвчтний санаа сэтгэлд их сайн нөлөөтэй юм байлаа. Гэтэл манай мэс заслын эмнэлэг гадны хүнийг оруулахгүй нь өвчтний санаа сэтгэлд муу нөлөөтэй.


Тав. Оюутан ахуй цаг

Би дунд сургуульд байхдаа инженер болох зорилготой байсан боловч гаргүй болсон хойноо тооны машин, логарифмын шугам хоёр манай дунд сургуульд байхгүй байсны улмаас хэрэв инженер болбол тэр хоёрыг ажиллуулж чадахгүй байх хэмээн айж Монгол Улсын Их Сургуулийн түүхийн ангид орж билээ. Манай ангид дунд сургууль дөнгөж төгсөөд ирсэн оюутан 7 байсан, бусад нь ажиллаж байсан хүмүүс байсны дотор бүр буурал толгойтой хүн цөөнгүй байлаа. Ажиллаж байгаад ирсэн буурал толгойтнууд бидэнд томроод байдаггүй, бид тэднээс бишүүрхээд байхгүй, үе тэнгийн юм шиг тоглож наадаад сайхан байдаг байлаа. Ахмадууд цөм хуучин монгол бичгээр лекцээ бичдэг мөртөө монгол бичгийн хичээлд яс сууж бидний адил самбарт бичсэнийг (Чойжилсүрэн багш орж ирээд самбарт монгол бичгийг бичээд бид хуулж бичдэг байсан) хуулаад байдаг, тун их дуулгавартай хүмүүс байсан. Дөч орчим насны Цэнджав, арав төгсөөд ирсэн Жавзан гэсэн хоёрхон эмэгтэйтэй байлаа. Өвөр Монголоос ирсэн Хятадын Коммунист Намын гишүүн Сүхээ, бодвол дунд сургууль төгсөөд ирсэн байх, Эрдэнэбаатар, Эрдэнэбаяр гэсэн хоёр залуу оюутан байсан. Тэр гурав оюутны байранд сууна, гар нүүрээ угаахдаа жижиг түмпэнд ус хийгээд угаадгийн учрыг бид олохгүй гайхдаг байлаа. Тэд эрт босож үргэлж хичээлээ давтаж байдагсан. Тэд бидэнтэй ижилхэн монгол гаралтай боловч олон хүн амтай, суурин суурьшилтэй улсын харъяат болохоороо өрсөлдөж сурч, өрсөлдөж ажил олж, өрсөлдөж амьдрахаас өөр аргагүй болж биднээс ялгаатай, залхуу биш, юманд ариг гамтай ханддаг болчихдог юм байжээ. Манай оюутнууд хэзээ нэгэн цагт ингэж өрсөлдөж сурах бол доо. Ийм цаг түргэн ирээсэй. 

Би аравдугаар ангид бүрэн суугаагүй, бас эмчилгээнд нэг жил алдаж 1956 онд МУИС-д орсон. 

Намайг их сургуульд орох жил одоогийн ХААИС-ийн барилга ашиглалтад орж их сургуулийн Мал эмнэлэг, Зоотехникийн факультет, Нийгмийн ухааны салбар тэнд хичээллэх болж билээ. Энэ барилгыг цэргийн дээд сургуульд зориулж Москвагийн Их бууны дээд сургуулийн барилгын зургаар цэргүүд 8 жил барьсан юм гэсэн. Нэгэнт цэргийн сургуульд зориулсан учир маш том гуанзтай, том их танхимтай, цэрэг жагсахад зориулсан маш их өргөн гудам (коридор)-тай, дотроо дотуур байртай, биеийн тамирын хоёр заалтай сайхан барилга байгаа юм. Нэг гэм нь орос ёсоор хойшоо харуулаад барьчихсаны улмаас хүн суудаг өрөөнүүд нь сүүдэр талдаа гарчихсан. Орчин үеийн монгол хүн өөрийн монгол “толгойгүй” болчихсон, гадны юмыг монгол юмнаас дээгүүр тавьдаг, гадны юмыг монгол төрхтэй болгохгүй яг дуурайн хуулбарладаг, монгол хүнийг гадаадын хүн, ялангуяа мэргэжилтнээс доогуур үзэж гадаадын мэргэжилтний үгийг бурхны зарлиг мэтээр боддог болчихсоны нэг жишээ нь, машин замаас хол байх барилга, сургууль, эмнэлэг, орон сууцыг хүртэл хойшоо харуулаад барьдаг, үүнээс болоод хүүхдээ нар салхинд гаргаж байгаа ээж, эмээ, эгч нар өөрийн байрны үүд орчимд биш, хол байгаа өөр байшингийн нөмөрт очих жишээтэй болчихсон. Бараг үүссэн үеэсээ эхлэн гэрт суусан монгол хүн гэрийнхээ хаалгыг заавал зүүн урагшаа харуулдаг, яагаад өөр тийш нь, хойшоо харуулж барьдаггүй юм бол гэж ухаарч болдоггүй юм бол? Ухаараад ухаараад ухаан нь хүрдэггүй юм бол гэрийнхээ хойно суугаад, дахин өмнө нь суугаад үзэж болохгүй юм байхдаа. Монгол нутгийн салхи баруун хойноосоо салхилдаг гэдгийг мэдэхгүй монгол хүн баймааргүй юм. 

Бид 180 төгрөгийн тэтгэлэг авдаг мөртөө оюутны дотуур байранд үнэ төлбөргүй суудаг, нэгдүгээр давхарт байдаг гуанзанд талоноор өдөрт 3 удаа хооллодог байлаа. Оюутны гуанзанд оюутан өөрөө үйлчлэх учир над манай тасгийн Бар гэдэг оюутан тусалж хоол авч ирж өгнө, аяга таваг хураана. Энэ Бар сургуулиа төгсөөд Дорнот аймгийн Матад суманд багшилж байхдаа Москвад ажиллаж байсан Монголын радиотой тогтмол холбоотой ажилладаг байсан юм. Оюутны дотуур байр, гуанз, хичээлийн өрөөнүүд цөм нэг байшин дотор байсан болохоор бие засахаас бусад үед гадагш гарахгүй байж болдог байлаа. 

Би Говь-Алтайгаас ажиллаж байгаад ирсэн Жасрай (хожим Монгол Улсын ерөнхий сайд болсон), Дорнодоос арав төгсөөд ирсэн Бар, Завханаас ажиллаж байгаад ирсэн Балжинням нарын 5 оюутантай нэг тасагт байсан бөгөөд цөм хичээл дуусаад хоол идсэний дараа 1.5 цаг унтаад шөнийн 2 цаг хүртэл хичээлээ давтаад өглөө 7 цагт босдог байлаа. Хичээл давтах, ном уншихаас өөр юм хийдэггүй байсан. Манай Нийгмийн ухааны салбар биднийг хоёрдугаар ангид орох жилээс МУИС-ийн байранд шилжин ирж шинээр баригдсан Нийгмийн ухааны салбарын дөрвөн давхар байшингийн дээд давхарт оюутны байранд суудаг, доод давхарт хичээллэдэг болсон, харин энд оюутны гуанз гэж байгаагүй. 

Дээр үед оюутнууд хичээлийн бус цагаар сургуулийнхаа лекцийн танхимд их суудаг байсан болохоор суудал олдохгүй явдал олонтоо гардаг байсан. Тэр үеийн оюутан суудлаа алдахгүйн тулд түр завсарлах, “морь харах”, хооллох үедээ сууж байсан газраа “хэрэггүй” ном, дэвтэр орхиод явдаг, тэр ном, дэвтэр суудлыг нь хадгалаад байж байдаг байсан. 

Манай ангид том эрдэмтэн мэргэд хичээл заадаг байснаас дурдвал архиологич Хөдөөгийн гэж нэрлэгдсэн Пэрэнлэй, Сэр-Оджав, түүхч Нацагдорж, Далай, Сүхбаатар, хэлний Ц. Дамдинсүрэн, Гаадамба нарын олон томчуул байсан юм. Мөн Волков, түүний эхнэр Новогордова хоёр оросоор түүхийн хичээл заах болж манай буурал толгойтнууд дунд сургуулийн түүхийн ном унших болж билээ. Харин би тэр хоёрын лекцийг шууд монголоор тэмдэглэж авдаг, шалгатын үед хэлмэрчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Энэ далимд дурдахад нэг герман хүүхэн монгол хэл их баялаг, юмыг их нарийн ялгаж хэлэх юм гэж хэлсэн нь ортой байх. Намайг оюутан байхад аман орчуулга хийхийг хэлмэрчлэх, хүнийг нь хэлмэрч, бичгийн орчуулга хийхийг орчуулах, хүнийг нь орчуулагч гэж ялгаж хэлдэг байсансан. Энэ хоёр ойлголт ялгаатай, жишээ нь би оросоос монгол руу орчуулга хийх боловч монголоос орос руу орчуулж чадахгүй, өөрөөр хэлбэл, би хэлмэрч биш учир хэлмэрчилж чадахгүй. 

Хүн чадаж болох бололцоот юмыг одоохондоо чадахгүй байсан ч чадах гэж зүтгээд оролдоод байвал чаддаг юм байлаа. Би хиймэл гараар бичиж сурах гэж их зовсны үр дүнд багшийн амнаас гарсан бүхнийг муухай том ч гэсэн бичиж авч чаддаг оюутан болсон, манай ангийн удаан бичдэг нэг оюутан миний дэвтрээс орхисноо бичиж авдаг байж билээ. Тэгээд ч би оюутан нартаа багшийн амнаас гарсан бүхнийг бичиж авч байх нь зүйтэй. Ер нь, яасан түргэн хэлдэг багш вэ? гэж багшдаа уур хүрч хэлсэн бүхнийг бичиж сурахгүй бол нэгд, түргэн бичиж сурахгүй болно, хоёрт, багшийн хэлсэн зарим юм мартагдахаас хамгаална, гуравт, анхаарал сарнихгүй гэх мэтийн сайн талтай. Хичээлийн дэвтэр бол хувийн тэмдэглэл учир алдаатай, товчилсон үг үсэгтэй, муухай бичсэн байж болох л юм. Харин албан бичгийг яг дүрмийн дагуу, алдаагүй, цэвэр, гаргацтай бичих ёстой гэж захидаг. 

Би их сургуульд “Сүхбаатарын нэрэмжит цалинтай” суралцаж 1960 онд ганцаараа “Улаан дипломтай” төгссөн гэж “Дугуй танхимын” өмнөх “Онц төгсөгчдийн самбарт” бичигдсэн байсан. “Сүхбаатарын нэрэмжит цалин” гэдэг нь 400 төгрөг байсан нь их мөнгө буюу ажилчин хүний дундач цалинтай тэнцэх мөнгө байсан юм. 

Би 1960 онд МУИС-ийг “Дунд сургуульд түүхийн багш” мэргэжлээр төгсгөсөн боловч энэ мэргэжлээрээ ажиллаагүй. МОНЦАМЭ, “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийн Монгол редакц, ХААИС гэсэн гурван газар ажилласан.


Зургаа. Улсад ажил хийсэн нь

Би их сургууль төгсөөд 1960 оны зургадугаар сарын нэгнээс улсад ажил хийж эхэлсэн юм. Тэр үед их сургууль төгсөгчид МАХН-ын Төв Хорооны мэдлийн ажилтан болж тэндээс ажилд томилж ажлаас өөрчилдөг байсан цаг. Намайг МОНЦАМЭ (Монголын Цахилгаан Мэдээ)-д сурвалжлагчаар (сурвалжлагч гэдэг нь одоогийн сэтгүүлч гэсэн үг) хуваарилсан. Би тэнд очоод сурвалжлагч хийж чадахгүй гэдгээ учирлан хэлэхэд намайг Гадаад мэдээний хэлтэст утга зохиолын ажилтнаар томилсон. Утга зохиолын ажилтан гэдэг нь орчуулагч гэсэн үг. Миний хувьд орчуулагч хийх нь орчуулах чадварын хувьд, бас зогсож хийдэг ажил гэдэг утгаар их зовлонтой ажил байж билээ. Зөвлөлтийн ТАСС (ЗХУ-ын Цахилгаан мэдээний агентлаг)-аас ирсэн мэдээг цаасан дээр бичихгүй шууд машины бичээчийн дэргэд зогсоод орчуулж бичүүлнэ. Бичээч нар “за, за” гээд яаруулаад байна. 

Тэнд Гүржийн “Барсан хэвнэгт баатар” гэдэг манай “Монголын нууц товчоотой” зүйрлэм шүлэглэсэн зохиолыг орчуулсан яруу найрагч Гомбожав мэтийн томчуул ажилладаг байж билээ. Гомбожав энэ зохиолыг орчуулсны шагнал (хөлс) гэж хорин хэдэн мянган төгрөг аваад өөрийн хэлтсийн ажилтан нараа “Алтай” ресторанд найрлуулж байсан. Гомбожавын цалин нь 600 орчим төгрөг байсан гэж бодоход хорин хэдэн мянган төгрөг бол маш их мөнгө, тэр үед хуруу дарам цөөхөн хүн хувьдаа унадаг байсан Чехословак Улсын “Шкода” машин 2.3-ыг авах буюу Гомбожавын 35 сарын цалинтай тэнцэхүйц мөнгө байжээ. 

Намайг МОНЦАМЭ-д томилогдон очиход МОНЦАМЭ-гийн захирал Зундуй гэдэг хүн шинэ гэр гаргаад ачигч нараараа бариулж намайг оруулж байж билээ. Тэр үе бол сургууль төгссөн хүнийг ажилд хуваарилан гэр юм уу, шавар байшинд суулгадаг, ажил олдохгүй, сууц олдохгүйн зовлонгүй ёстой ”алтан үе” байсан юм. Тэр гэрт ах Чогдон, дүү Дарьжавын хамт хоёр жил орчим суусан. Тэгээд ах маань эхнэр авч Төв гал командад ажиллах болсон үеэс би ахындаа суух болж ахын эхнэр Дашийн халамжинд олон жил болсон түүхтэй. Даш ажиллсаг, ааш зан сайхан, олон сайн хүүхэд төрүүлж сайн хүмүүс болгосон хүн. 

Намайг МОНЦАМЭ-д ажиллаж байтал манай ангийн багш байсан Наранцацралт багш МАХН-ын Төв Хороонд санал тавьж МАХН-ын түүхийн багшаар томилуулсан байсан учир би их сургуульд нэг өдөр ажиллаж түүх заах дургүй байснаа багшдаа хэлээд дахин МОНЦАМЭ-дээ ирж 1961 оны хавар хүртэл ажиллаж байтал гэнэт Төв Хорооны шийдвэр гарч Улсын хэвлэлийн хороонд “Зөвлөдт Холбоот Улс” гэсэн сэтгүүлийн газар утга зохиолын ажилтнаар ажиллах болж 1963 оны зун хүртэл ажилласан юм. Тэр үед “Зөвлөлт Холбоот Улс” гэсэн сар тутмын сэтгүүл монгол хэлээр гардаг, өнгөт зурагтай, туйлын янз бүрийн юмны талаар бичдэг сэтгүүл байсан. Сэтгүүлийн эрхлэгч бөгөөд орчуулагч нь Ж. Бадраа, бас нэг орчуулагч нь би, техник редактор нь Тогтох гэсэн гурван хүн хариуцан гаргаж байлаа. Тэр сэтгүүлд бүх төрлийн шинжлэх ухааны талаар бичдэг, анагаах ухааны талаар нэг гарчиг байхад сансар судлалын талаар өөр нэг гарчиг байх жишээтэй. Тэр үед янз бүрийн нэр томъёо нэг мөр болж тогтоогүй байсан болохоор шинэ шинэ үг хэллэг, нэр томъёо гарч ирээд орчуулахад туйлын төвөгтэй байсан боловч Бадраа гэдэг сайн хүний хүчээр цагт нь орчуулж хэвлүүлдэг байж билээ. Жишээ нь, Бадраа “Цемент” гэсэн үгийг “Гагнуур чулуу”, “Подъезд” гэдгийг “Хам хаалга” гэх мэтээр орчуулж байв. Энэ бол хотод давхар байшин, сууц баригдаж хүмүүс “подъезд” гэдгийг хэлж чадахгүй, бичиж чадахгүй байсан цаг. Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв нар энэ үгийг “оролт, хаалга, шатны хаалга, довжоо” гэх мэтээр хэлсэн байх боловч эдгээрийн аль нэг нь уул үгийн утгыг, тухайлбал, олон орцтой, орц дотроо бас хөршийн хаалгатай байшинд орох гадна талын хаалга гэсэн утгыг илэрхийлж чадахгүй байсан болохоор Бадраагийн сэтгэлд яахан нийцэх билээ дээ. Харин сүүлд хэн нэгэн хүн “Орц” гэсэн тун сайхан оньсон нэр өгч олон түмэн хүлээн авч монгол хэлний үгийн сан нэг үгээр нэмэгдсэн түүхтэй. Энэ дашрамд хэлэхэд намайг оюутан байх үед “Мораль”, “Адрес” гэх мэтээр хэлдэг байтал нэг хүн “Адресыг” “Хаяг” гэж бичье гэсэн санал тавьсан байхад өөр нэг нь “чонын хаяг” гэж байхаас биш хүний хаяг гэж байж болохгүй гэх мэтээр агсарсан байсан ч олон түмэн энэ үгийг хүлээн авсан түүхтэй. Хэл ингэж хөгжиж байдаг жамтай юм. 

Тэгээд энэ сэтгүүл 1963 онд өөр газар шилжих болсон далимаар би гарч Л. Цэмбэлийн буянаар ХААИС-д Гүн ухааны багшаар очсон юм. Л. Цэмбэл нь тэр үед их сургуулийн багш байгаад ХААИС (тухайн үед ХААДС гэдэг байсан) шинээр байгуулагдахад тэнд багш болсон үе байлаа. Цэмбэл бид хоёр их сургуулийн нэг ангийн оюутан, оюутны байрны нэг тасагт хамт сууж байсан, хүнд их тусархаг, сайхан сэтгэлтэй залуу байсан бөгөөд ХААИС-д насны тэтгэвэрт гартлаа олон жил тэнхимийн эрхлэгч, багшаар ажилласан гүндүүгүй сайхан монгол эр. 

Миний хоёр гар, хоёр хөл хиймэл болохоор тохирох ажил олдохгүй юм шиг, сууж хийдэг ажил нь дандаа бичих, дандаа бичихгүй ажил нь зогсох ажил байдаг, нэгэнт ийм болохоор олдсоныг нь хийхээс өөр зам байгаагүй. Багшийн ажил, ялангуяа шинэ багшийн хувьд нэг онцлогтой, бусад ажил гол төлөв ажлын цагт зовоод ажил тарсан хойно тэр болгон зовоод байх юмгүй байхад, багшийн ажлын хувьд ажил тараад зүйгээр байж болохгүй, маргаашийн хичээлдээ бэлтгэх хэрэгтэй болдог. Харин олон жил багшлаад хэлэх юмаа яг таг мэдсэн хойно хичээлийн бус цагаар зовох юмгүй болно. Их, дээд сургуулийн багш цаг ямагт залуучуудын дотор байдаг, оюутнууд дунд сургуулийн сурагчид шиг хэл ам татлаад байхгүй болохоор сэтгэл санаа тайван, оюутнууд шигээ залуу сэтгэхүйтэй явдаг сайхан ажил юм. 

Би багш болсон даруйдаа шинэ багшид ноогддог зовлонг амсаж олон төрлийн хичээл зааж байсан бол хожим хойно нь зөвхөн Гүн ухаан гэсэн ганц хичээл зааж жаргаж явсан хүн. Нийгмийн ухааны хичээлийн гол онцлог нь дээд тал нь 150 орчим оюутан багтах лекцийн том танхимд олон ангийн оюутнуудыг нийлүүлээд лекц уншдагт байлаа. Тэр том танхимд микрофонгүй болохоор чанга хашгирсаар байж чанга ярьдаг болж сүүлийн үед цөөхөн хүнтэй ангид лекц унших үед эвгүй санагддаг болдог байв. Харин семинар гэж нэрлэх дадлагын хичээлийг 30 орчим оюутантай бүлгээр орно. Семинарын хичээлд зориулж унших номоос гадна зөвхөн Гүн ухаан гэсэн ганц хичээлээр нэгдүгээр улиралд 19, хоёрдугаар улиралд 10 орчим ном уншуулж товчлол хийлгээд товчлол мэдлэг хоёулангийг нь шалгадаг байсан (энэ ном гэдэгт цөөн тооны бүхэл бүтэн ном, цөөхөн хуудас бүхий нэг нэг гарчиг орно). Зарим оюутан өөрөө уншиж товчлол хийхгүй бусдаас хуулна, бусдаас хуулсан оюутныг дахин өөрөөр нь товчлол хийлгэнэ. 90-ээд оноос өмнө манай аль ч сургуулийн хөтөлбөр нь Зөвлөлт Холбоот Улсын сургуулиудын хөтөлбөр байсан болохоор Гүн ухааны хичээлийн унших, товчлох ном нь Марксизмын ном зохиолууд байсан нь мэдээж. Тэр үед хүүхдүүд багасаа ном уншаад сурчихсан байсан болохоор энэ мэтийн их даалгаврыг даваад гардаг л байлаа. Ер нь аливаа юм сайн муу талтай байдаг гэдэг утгаар одоогийн ойлголтоор огт хэрэггүй гэж үзэж болох энэ даалгавар нь ном уншиж биеэ дааж мэдлэг олж авах, их ачааллыг давж гарах, даалгавар биелүүлж сурах мэтийн сайн талтай байсан, энэ даалгаврыг биелүүлэх гэж номын санд оюутнууд их суудаг байв. 

Миний бодлоор сургууль бол сурагч, оюутан гэсэн “түүхий эдийг” боловсруулж боловсролтой хүн гэсэн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг “оюуны үйлдвэр” юм. Би энэ санаагаа илэрхийлж 2002-2003 онд “Манай оюуны үйлдвэрлэлийн “түүхий эд”, түүний боловсруулалтын асуудалд”, “Манай оюуны үйлдвэрлэлийн үйлдвэрлэгч”, “ХААИС-ийг төгссөн мэргэжилтнүүдийн бодол, санал” гэх мэтийн илтгэл бэлтгэж олон улсын болон өөрийн сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэж гадаад, дотоодын багш нартай бодол санаагаа хуваалцаж байв. 

Хүнийг боловсруулна гэдэг нь хүнд байх ёстой бүх чанар, өөрөөр хэлбэл, мэдлэг, тэр мэдлэгээ ашиглах чадвар, мөн хүмүүжил олгоно гэсэн үг. Сургууль зөвхөн мэдлэг олгох биш, тэр мэдлэгээ ашиглах чадвар олгох ёстой байхад манай аль ч шатны сургуулиуд гол нь мэдлэг олгоод чадвар олгоход муу анхаардгаас болж сургууль төгсөгчид ажил, амьдрал дээр очсон үедээ гологдож байна. Үйлдвэр, аж ахуйн газрууд мэргэжлийн хүн ажилд авна гэхдээ мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, англи хэл, компьютерийн мэдлэгтэй, багаар ажиллах чадвартай хүнийг ажилд авна гэж байгаагаас үзэхэд манай их, дээд сургууль төгсөгчид гурав орчим жил мэргэжлийн ажил хийж байж орчин үеийн шаардлага хангахуйц мэдлэг, чадвартай мэргэжилтэн болдог юм шиг байна. 

Би багш хүн заадаг хичээлийнхээ хувьд өргөн дэлгэр, дээр үед Зөвлөлтийн эрдэмтдийн үзэж байснаар 100 хувийн мэдлэгтэй байгаад шавь нартаа тэр мэдлэгийнхээ 25 хувийг заах ёстой гэж боддог учир мэргэжлийнхээ ном, хэвлэлийг цуглуулан уншиж зохих мэдлэг, заах арга барилтай болж, хичээл заахдаа конспект харахгүй чөлөөтэй ярьдаг, ингэж заах зүйлээ цээжээр чөлөөтэй заавал суралцагчдын анхаарал, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан чөлөөтэй зааж болдог юм. Би “Хүн мэдэхийн тулд биш, харин ашиглахын тулд мэддэг” гэсэн нэг ухаантай хүний сургаалыг үндэс болгон хичээлээ орчин үеийн шинжлэх ухааны ололт, улс орныхоо амьдрал, практик, оюутан залуучуудын сонирхдог асуудалтай нягт холбон жишээ, баримт, ардын сургаал, зүйр цэцэн үг, зан заншлаас иш татан аль болохоор оюутан залууст хэрэгтэй, монгол маягийн мэдлэг олгохыг эрхэмлэдэг. 

Үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг хэрэглэгчдийн үнэлгээгээр мэддэг болохоор би өөрөө хэр зэрэг “бүтээгдэхүүн үйлдвэрлэж” байгаагаа мэдэхийн тулд хичээлийн улирал бүрийн төгсгөлд өөрийнхөө хичээл заалтын талаар оюутнуудаасаа социологийн судалгаа тогтмол авч хичээл заах арга барилаа цаг ямагт сайжруулж ирсэн юм. Бас Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчийнхээ хувьд тэнхимийнхээ бүх багшийг зохион байгуулж ХААИС-ийн бүх багшийг хичээл заалгасан оюутнууд нь хэрхэн үнэлдгийг жил дараалан социологийн судалгаа авах замаар судалж дүгнэдэг байлаа. Багш хүн бас тал бүрийн мэдлэгтэй байж оюутан, сурагчийн асуусан юм бүхэнд үнэн зөв хариулж байвал суралцагчид нь багшаараа бахархаж багш шигээ болохыг эрмэлзэх сайн талтай. 

Сургууль мэдлэг, чадвараас гадна бас хүмүүжил олгох ёстой байтал сүүлийн үед аль ч шатны сургууль, түүний дотор их, дээд сургууль хүмүүжлийн талд тун муу анхаарч “Америкт бүх юмыг хуулиар зохицуулдаг” болохоор хүмүүжил олгоно гэхийн хэрэг байхгүй гэж хэлэх хүн, түүний дотор багш хүн элбэгшиж магадгүй байгааг сануулах зорилгоор би сургуулийнхаа оюутнуудаасаа социологийн судалгаа авч “Оюутны сурлага, хүмүүжлийн байдал, цаашид анхаарах асуудал”, “ХААИС-ийн оюутны төлөвшилтийн байдал” зэрэг асуудлаар өгүүлэл бичиж Нийгмийн ухааны багш нарын социологийн судалгааны материалаар хэвлүүлсэн товхимолд хэвлүүлж байв. “Монгол бол Америк биш”, Америкт бүх юм хуулиар зохицуулагддаг байхад дээр үед хэлдгээр “Монголын хууль гурван хоногтой” гэсэн, зарим нэг хэтрүүлж хэлдэг хүний үгээр одоо “хууль гууль болсон” гэсэн гашуун үг одоо ч үнэн гэж хэлж болохоор байгаа. Бас хууль, цагдаагийн газрын хүмүүс дотор хүн ядуурлаас болж гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаа мэтээр тайлбарлаж байгаа хүн байгаа нь хармсалтай юм. Ийм маягийн тайлбар зарим нэг талаас зөв юм шиг харагдах боловч хулгай хийх, гэмт хэрэг, зөрчил гаргах нь юуны өмнө хүмүүжлийн доголдолтой холбоотой гэдгийг орхигдуулж, жаахан дэгс хэлэхэд “чи ядуу болохоор хулгай хий, гэмт хэрэг үйлд” гэсэн уриалга мэт болж байна. 

Дээр үед бүх шатны сургуулийн баатарчууд, пионер, эвлэл, намын байгууллага хүмүүжлийн ажилд онцгой анхаарч төрөл бүрийн ажил зохиож, дутагдал гаргасан бүрд арга хэмжээ авдаг байсан үеийн бүтээгдэхүүнийхээ хувьд би оюутны хүмүүжлийн ажилд онцгой анхаарч хичээлийн хүмүүжил олгох асуудалд зохих ач холбогдол өгч ажилладаг байв. 

Дээр үеийн Нийгмийн ухааны багш нар тусгай мэргэжлийн багш нараас ялгаатай, нам, үйлдвэрчин, эвлэлийн улс төрийн сургууль гэдэгт багшилна, өглөөний улс төрийн сонсгол хийнэ (дээр үед хүн ам бичиг бага мэддэг, сонин хэвлэл ховор байсан цагт ажилтан, албан хаагч нарт хагас сайны өглөө 30 минут сонин уншиж өгдөг байсан бол хожим нь хүмүүс сониноо захиалан унших болсон үеэс сонин уншиж өгөхгүй, харин улс төрийн яриа хийдэг болж өглөөний сонин уншлага улс төрийн сонсгол болсон), намын хурал хуралдсан үед бүх ажилтан, албан хаагчид тэр хурлын шийдвэрийг судлана, Нийгмийн ухааны багш нар лаборантаас аваад бүх багш, дарга нараас шалгалт авдаг журамтай байв. 

Намайг “зөөлөн чихтэй” болохоор энэ бүх ажлын хажуугаар Сургуулийн намын хорооны үзэл суртал хариуцсан товчооны гишүүнээр сонгож, Ажилчны районы (одоогийн Хан уул дүүргийн) намын хорооны заах арга зүйн зөвлөлийн гишүүн, даргаар олон жил ажиллуулж байлаа. Сургуулийн намын хорооны үзэл суртал хариуцсан товчооны гишүүнээр 1971-1986 он хүртэл ажиллаж улирал бүр ”Оюутны хүмүүжлийн нэгдсэн төлөвлөгөө”, “Гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн төлөвлөгөө”, “Үзэл суртлын ажлын нэгдсэн төлөвлөгөө” зэргийн төлөвлөгөө хийж сургуулийн хэмжээнд зохиогдох хүмүүжил, үзэл суртал, ухуулгын бүх ажлыг хариуцан хийж явлаа. Тэр үед Октябрийн баяр, Майн нэгний баяр гэх мэтийн баяр ёслолын үеэр барьж жагсах зүйлийг биет байдлаар хийж Хотын намын хороогоор батлуулдаг байснаас гадна манай сургууль машин дээр чимэглэл хийж явдаг байснаа сүүлд нь хөдөө аж ахуйн машины дөрвөн дугуй ашиглан том тэргэнцэр дээр чимэглэл хийж хашаандаа хонуулаад өглөө эрт хүч бяртай дөрвөн оюутнаар түрүүлж Сүхбаатарын талбайгаар сургуулийн жагсаалын өмнө явдаг мэтийн одоогийн ойлголтоор бол хэрэггүй гэж харагдахаар, тухайн үедээ социализмын сүр хүчийг харуулсан ажил хийж их зардал гаргадаг байсан юм. 

Нэг мэргэн хүний хэлснээр “Оюутан бол үргэлж дүрэлзэж байдаг бамбар байх ёстой юм” гэсэн. Ингэхлээр, багш хүний гол зорилго бол “Оюутан бамбарынхаа” галыг сайн асааж өгөөд үргэлж дүрэлзэж мэдлэг, чадвар, хүмүүжил олж авах бололцоог бий болгох явдал байдаг байна. Энэ зорилгыг хангахын тулд ХААИС нь ШУТИС-ийн туршлагаар “Кридит систем” гэсэн шинэ системд шилжих үед би Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч байсныхаа хувьд “Нийгмийн ухааны хичээлүүдийн кридит системийг” боловсруулсан, цаашдаа энэ системийг ХААИС-ийн хэмжээнд улам боловсронгуй болгож тууштай нэвтрүүлэхэд туслах зорилгоор оюутан, багш нараас удаа дараа социологийн судалгаа авч “Оюутны бие даалтын асуудалд”, “Шинэ кредит системийн нэвтрэлтийн асуудал” зэрэг илтгэл, өгүүлэл бичиж ХААИС-ийн хэвлэлээр хэвлүүлж байлаа. Кредит систем гэсэн энэ шинэ маш төвөгтэй системийг ХААИС-д нэвтрүүлэн хэрэглэх ажлыг тэр үед проректор байсан Чулуунбат гардан гүйцэтгэсэн юм. Энэ ялдамд дурдахад Чулуунбат багш миний “Нийгмийн тухай мэдлэг” гэсэн гарын авлагыг анх хэвлүүлэхэд их тус хүргэж билээ. 

Би оюутан нарт хичээл орсон даруйдаа өөрийн үндсэн зарчим буюу “муу талаа” жишээ татан тодорхой тайлбарладаг. Жишээлбэл, “Би залуудаа инээж байгаад “муу” тавьдаг нэртэй байлаа. Жишээ нь, 70-аад оны үед гучин хэдэн оюутантай нэг ангиас шалгалт авахдаа 15 оюутанд муу тавьсан байсан. Үүний учир гэвэл тэр анги “Социалист нөхөрлөлийн анги” гэсэн хуурамч халхавч хэрэглээд “социалист” биш замаар яваад миний дургүйг хүргээд байсан юм. Тэгээд би шалгалт авахаар ангид орохдоо шалгалтыг дүрмийн дагуу авна даа гэж бодож орсон юм. Тэгээд намайг олон оюутан “унагасан” гэж нэг ч хүн буруушаагаагүй. Яагаад гэвэл би үргэлж “нүгэл” хийгээд байдаггүй. Харин “хөгширсөн” хойноо нүгэл хийх нь багассан. Тэгэхдээ “баас хичнээн хатсан ч өмхий нь арилдаггүй” гэдгээр нүгэл хийж л байгаа. Жишээ нь, 90-ээд оны үед өөр нэг багшийн хичээлд хавар унасан 8 оюутнаас би намар шалгалт авахдаа 7 оюутанд муу тавиад дахин шалгат авахдаа 2-т нь “Сайн” тавиад 5-д “эх оны алтан гурав” тавиад салж авч билээ. Олон оюутанд толгой дараалан муу тавиад ирэхлээр гадаа байсан нөхөд нь инээлдээд алга ташаад байсан. Тэгээд би хожим та нар яагаад муухай юм болж байхад инээлдээд байсан бэ? гэж асуухад оюутнууд “ер бусын юм” болсон юм гэсэн. Ингэж хөгширсөн хойноо бас нэг том “нүгэл” хийж билээ гэж хэлнэ. Бас “би шипий (шпиргалка)-нд дургүй. Яагаад гэвэл дүнгийг шударга биш болгодог. Ер нь дунд сургууль сурагчдад цорын ганцхан “мэргэжил” олгодог. Тэр нь шипийдэх “мэргэжил”. Би 1963 оноос шипийтэй байлдсан болохоор шипий барих мэргэжилд бүр гарамгай болж мэргэшсэн юм. Шипийний мэргэжилтэн нар орж ирэхдээ “хулгайч гөлөг” шиг хулчийсэн юм орж ирээд гол төлөв хойно нуугдаж суугаад “хүн зуудаг нохой” шиг багшаасаа нүд салгахгүй харна. Харин тун их зоригтой нь “чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг ёсоор багшийн өмнө сууна. Би хойно нуугдан суусан оюутны толгойн оройн хэдэн үс харагдаж байвал шипийдэж байгаа эсэхийг андахгүй мэднэ. Худал хэлж байна даа гэж бодсон оюутан байвал шалгалтын үед туршаад үзээрэй. Мөн би мөрөөрөө явж байгаа оюутантай огт тооцоо хийдэггүй, харин мөрөөрөө явахгүй байгаатай нь хэлж байгаад тооцоо хийнэ. Тэгэхдээ “үс, яс нь цайтал” гэж хэлбэл худал болно, бага ч гэсэн зовоосон тооцоо хийнэ” гэх мэтийн олон шинжээ хэлнэ. 

Би олон жил багшилсан боловч нэг ч удаа оюутнуудыг загнаж, уурлаж үзээгүй. Энэ талаар миний хэлдэг нэг юм гэвэл: “Та нар намайг их уурласан, учир зүггүй загнасан нэж дотроо бодоорой. Би та нарт уурлахад та нар надаас айхгүй, харин би өөрөө уурлаж зовно. Би оюутныг айлгах нэг юмтай, тэр бол “муу” тавих” гэж хэлдэг юм. 

Би “Гүн ухааны лекц” мэтийн 3 сурах бичиг, 32 хх бүхий 5 гарын авлага бичиж, 4 сурах бичиг зохиомжлон орчуулахад оролцсоноос гадна өөрөө 113.3 хх-ны хэмжээтэй 18 тооны хамтын бүтээлийн эх бэлтгэж хэвлүүлсэн, 34 хх-ны хэмжээтэй 28 тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, лекц, 39.5 хх-ны хэмжээтэй 15 аргачлал, зөвлөмж бичиж онол, улс төр, уран зохиолын 187.5 хх-ны хэмжээтэй 22 ном зохиол орчуулж редакторлосон болно. 

Миний бичсэн сурах бичиг, гарын авлага нь оюутан, сурагчийн мэдлэгийн түвшин, хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ойлгомжтой, хялбар дөт аргаар бичсэн онцлогтой. Миний бие 1996 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийн “Нийгмийн тухай мэдлэг” сурах бичиг бичих уралдаанд оролцож сурах бичиг минь шалгарч байсан, их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан “Нийгмийн тухай мэдлэгээс” гэсэн гарын авлага нь ойлгомжтой, хялбарчилсан аргаар бичигдсэн хэмээн олон түмэнд үнэлэгдэж 1995, 1996, 1997, 1998 онд олон удаа хэвлэгдэж олны хүртээл болж байсан, энэ гарын авлагаа 2007 онд “Нийгмийн тухай мэдлэгийн дунд гарын тайлбар толь” болгон өөрчилж хэвлүүлээд, одоо “Нийгмийн тухай мэдлэг” заадаг багш, нийгмийн тухай мэдлэгийг тусгайлан сонирхдог сурагч нарт зориулан их гарын тайлбар толь болгон өөрчлөн бичих ажил хийж байна. Энэ толь шинэ тутам гарч байгаа ойлголт, нэр томьёог дор бүрт нь тайлбарласан, бас хүмүүжил, сургамжийн зөвлөгөөг өгч байгаагаараа онцлогтой юм. 

Батаа намайг оюутан залуусыг сургаж хүмүүжүүлэх ажилд их идэвх зүтгэл гаргаж ажилладаг хэмээн үнэлж Монголын багш нарын IY, Y их хуралд төлөөлөгчөөр сонгон оролцуулж байснаас гадна 1974 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1961, 1981, 1991, 2001 онд Ардын хувьсгалын 40, 60, 70, 80 жилийн ойн медаль, 1996 онд ”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1981 онд ”Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 1998 онд “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, 1977 онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан”, 1987 онд МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнаж, 1986 онд дэд профессор цол, 2007 онд “Монгол Улсын гавьяат багш” цол хүртээсэн юм. Би ХААИС-ийн Намын хорооны үзэл суртал хариуцсан товчооны гишүүн, Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчийнхээ хувьд ХААИС-ийн хэмжээнд үзэл суртал, ухуулгын бүх ажлыг хариуцан хийхийн зэрэгцээгээр, Нийгмийн ухааны багшийнхаа хувьд 1960-1989 он хүртэл намын улс төрийн сургуульд суртал нэвтрүүлэгчээр тасралтгүй ажиллаж, улмаар Ажилчны дүүргийн заах арга зүйн зөвлөлийн гишүүн, даргаар олон жил идэвх санаачилгатай ажилласан учир Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн II зөвлөгөөнд оролцож байлаа. ХААИС нь мэргэжлийн хүндээ хүртэл тэр болгон олгоод байдаггүй цол болох “ХААИС-ийн хүндэт доктор” цол, бас Монгол фермер дээд сургууль өөрийн сургуулийнхаа “Хүндэт доктор” цол олгосонд би маш их баярлаж явдаг юм. 

Миний тухай ”Өгөөмөр баян нутаг”, “Нутгийн цэнхэр уулс”, “Монголын залуучууд”, “ХХ зууныг бүтээлцсэн журмын нөхөд”, “Уулс нь сүрлэг, ус нь тунгалаг Ховд нутаг минь”, “Увс нутгийн уугал - хөдөлмөр, бүтээл, урлаг, спортын алдартнуудын товчоо” мэтийн ном, “Индэр” сэтгүүл, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Новости Монголии”, “Өчигдөр”, “Улаанбаатар таймс”, Зөвлөлтийн “Литературная газета” зэрэг сонин, “Монголын радио”, “25 дугаар телевиз” зэргээр найруулал, сурвалжлага гарч байсан. 2012 онд Б. Чимэд “Зүрлэшгүй их хатан тэвчээр” ном бичжээ. 

ХААИС-ийн багш биологийн ухааны доктор Н. Банди “Шуурга сөрсөн хүн” гэсэн найруулалдаа миний зориг тэвчээрийг гайхан шагширч “...түүний амьдралын агшин бүр нь амьдралтай хийсэн тэмцэл тулалдаан байж, сэтгэлийн асар их хүч, хатуужил зоригоор тэр тулалдаанд ялж дийлж иржээ“ гэсэн, миний шавь биологийн ухааны доктор Дүгэрмаа 

“...Нэг сэтгүүлч таныг монгол Мересьев гэсэн 
Та бол амьдаараа над үзэгдсэн Павел Корчагины биетэй, бодитой жишээ 
Заавал хүрлээр хийлтгүй амьд хөшөө 
Кампанеллатай хамт та ”Наран хотоор” аялж 
Харих замдаа бас “Калисто гариг” дээр үдэлж 
Том том эрдэмтний аваагүй хүндэт докторыг авч 
Томас Мортой хамжин “Утоп арлыг” нэгжиж 
“Нууц задарч байгааг”монгол түмэнд мэдээлж 
Нууцхан сэтгэлийн үгээ Мастерын Маргаритаад шивнэж...” 

(энд дурдсан ”Наран хот”, “Калисто гариг”, “Утоп арал”, “Нууц нь задарч байна”, “Мастер, Маргарита хоёр” гэдэг нь миний орчулсан номын нэр юм) гэсэн байхад УИХ-ын эрхэм гишүүн А. Бакей радиод өгсөн сурвалжлагадаа “Би Батаа багшийн шавь. Сэтгэлд хоногшин үлдсэн багшийн нэг нь Батаа багш юм” гэсэн, миний шавь Улаанбаатар хотын дендрологич Б. Чимид миний тухай найруулалдаа: “Батаа багш сурах хөдөлмөр хүнд хүчир хөдөлмөр байдаг болохоор зоригтнууд амжилттай сурахаас биш, хулчигарууд олигтой сурч чадахгүй’’… Зүй ёсоор айх юмнаас айж явбал амьдралд тустай байдаг болохоор ‘’Айх юмаа авдартаа хийчихсэн’’ хүн олигтой хүн болохгүй… цэвэр ичимтгий зан хүнийг адгууснаас ялгаж, хүний ёс суртахуун төлөвшихөд тун чухал байдаг болохоор ‘’Ичих нүүрэндээ илэг наачихсан’’ хүн олигтой хүн болохгүй... хүний ёс суртахуун төлөвшихөд бусдын шүүмжлэл ус, агаар шиг хэрэгтэй байдаг болохоор ‘’Өөрийгөө өмөөрдөг хүн өөдтэй’’ хүн болохгүй гэх мэтээр сургамжилдаг’’ гэж бичсэн байдаг. 

Намайг дэмжиж тусалж байдаг хүмүүст би цаг ямагт баярлаж явдаг юм. Ийм хүмүүс гэвэл: МҮЭХ-ны ажилтан Адилбиш. Адилбиш бол бусдад туслахын төлөө төрсөн хүн гэмээр, намайг гавьяат багш болгох гэж их хөөцөлдсөн хүний нэг. Ингэж явсан хүн бол Цэрэнчимэд (намайг сурвалжилж өгөхийг телевизийн сэтгүүлчдэд хүртэл хэлж байсан), Монгол, Буриад хоёр улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” Амар (Амар “Миний тавилан” гэсэн номдоо “Батаа бол... “гавьяат”-гүй гавьяатан” гэж бичсэн), над үргэлж санаа тавьж тусалдаг байсан хүмүүсээс дурдвал: ХААИС-ийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Даш (ном бичихийн төлөө төрсөн юм шиг олон ном бичсэн, миний бахархаж хэлдгээр номыг галзуу юм шиг түргэн бичдэг, сүүлийн үед бичсэн “Монголын залуучууд” гэсэн нэвтэрхий толь шиг зузаан хоёр боть номынхоо хоёрдугаар ботид “Батаа...4 мөчгүй болсон боловч хөгжлийн бэрхшээлтэй хүн яаж сурч, ажиллаж болдгийг харуулахаар одоо болтол ажиллаж байна” гэж бичсэн), академич Төмөржав, доктор, профессор Эрдэнэцогт (хоёулаа төрийн шагналт, Монгол Улсын малын гавьяат эмч, хоёулаа жинхэнэ эрдэмтэн шиг том эрдэмтэн), Протезийн үйлдвэрийн инжнер, технологич асан Банзрагч, ХААИС-ийн ректор асан доктор, профессор Содномцэрэн, Ганболд нарын олон сайн хүнийг дурдаж болох юм.


Долоо. Манайхан

Би 1970 онд Паньдгүнжийн Эрдэнэчимэгтэй “Тоонотой гэрт толгой, тостой шөлөнд хошуу холбосон” юм. Аав нь шулуун шударга, ажилсаг, ёстой гүндүүгүй сайхан монгол хүн, миний найз Цэмбэлийн хэлснээр “Жинхэнэ коммунист” байсан. Тэр үед “коммунист” гэдгийг одоогийн зарим нэгний ойлгодгоор биш, харин хүний дээд гэдэг утгаар ойлгож байсан цаг. Харин ээж Долгор нь гэрийн ажилд нухлагдсан, олон хүүхэд төрүүлж сайн хүн болгосон жирийн сайхан монгол ээж, сайхан дуулдаг, миний дотроо бодож явдгаар бол тухайн үеийн Монголын биш, харин хөгжилтэй орны эмэгтэй байсансан бол сайн дуучин болох авьястай нэгэн. 

Аавын нь “Манай охид нөхрийнхөө төлөө зүтгэсэн эхнэр болно” гэж ёстой нэг онож хэлсэнчилэнгээр нөхөр, үр хүүхдээ халамжлахын дээдээр халамжилж гадаа ”эрийн”, гэр дотроо “эмийн” үүргийг үлгэр жишээ гүйцэтгэсэн эхнэр, ээж. 

Эрдэнэчимэг аавынхаа: “Эмэгтэй хүн хүнийг, ялангуяа нөхрөө уурлуулж болохгүй, ер нь муу хүн хүний дургүйг хүргээд уурлуулдаг юм, тэгэхлээр охин минь нөхрөө уурласан үед огт уурлаж болохгүй, энэ бол нөхөртөө зодуулахгүй байх эмэгтэй хүний нэг сайн арга юм” гэсэн сургаалыг амьдрал дээр яг таг биелүүлж намайг уурласан үед огт уурладаггүй холдоод явчихдаг, түүний үр дүнд манайд хэрүүл зодоон гардаггүй юм. Ийм сайн ханийн буянгаар би өвгөн насыг насалж, өдий зэрэгтэй явж байна. 

Эрдэнэчимэг 1966 онд Дархан хотын политехникумыг хүнсний техник, технологич мэргэжлээр төгсгөөд Чихэр, боовны үйлдвэрт чанар шалгагчаар ажлын гараагаа эхэлсэн боловч намайг халамжилж байх зорилгоор ХААИС-д 1970 оноос 2008 он хүртэл лаборантаар ажилласан. Тэр үед нэг гэрийн хүмүүсийг удирдах, удирдуулах албан тушаалаар нэг байгууллагад ажиллуулж болохгүй гэсэн журамтай байсан болохоор манай захирал Жамьянжав багш Ажилчны районы намын хорооноос зөвшөөрөл авч бид хоёрыг нэг тэнхимд ажиллуулж байсан билээ. 

Энэ номыг уншсан хүнд, ялангуяа лаборант хүнд тэр үед хөгжил ямар байсныг, хүмүүс яаж ажиллаж байсныг харуулахын тулд Эрдэнэчимэгийн дурсамжаас багахан хэсгийг харуулбал: “Би анх лаборант болсон үед хийх ажилдаа дадаж дасаагүй, бас нялх хүүхэдтэй болохоор бэрхшээлтэй байсан боловч би сайн хамт олны хүчээр бэрхшээл бүхнийг даван туулж явлаа. Манай сургуулийн удирдлага, миний ажиллаж байсан тэнхимийн багш нар хүнийг дээр дор гэж ялгаварлан үздэггүй, загнаад байдаггүй, харин бүхий л талаар зөвлөж, дэмжиж , тусалж байдаг сайхан хүмүүс байсан. Олон жил лаборантаар ажиллуулсан ХААИС-д би үргэлж баярлаж явдаг, одоо сургууль дээрээ ирэхэд аав ээжийнхээ гэрт очсон юм шиг маш сайхан санагддаг юм. 

Тэр үед албан бичгийг бичгийн машин дээр цохидог, олон хувь юмыг радатор гэдэг нэртэй, сургуулийн бичиг хэрэгт ганц байдаг олшруулагчаар дарга нараас зөвшөөрөл авч хувилдаг, зарлал мэтийн олонд мэдэгдэх зүйл, кабинетийн самбар мэтийн зүйлийг гарын дүйтэй оюутан, лаборант мэтийг гуйж хийлгэдэг байтал “Цоолбор” гэсэн хальсан дээр үсэг цоолсон зүйл гарч ирэхлээр бид их дэвшил мэтээр үзэж байлаа. Одоо компьютер, хэвлэгч мэтийн техник лаборант хүний ажлыг тун ихээр хөнгөвчилж байна. 

1990 он хүртэл ажлын шаардлага, дэглэм журам нарийн чанд, өглөөнөөс орой болтол 8 цагийн ажлыг яс хийдэг, үе үе субботник, жил бүр ургац хураах ажилд лаборант нар заавал явдаг, анги, тэнхимийнхээ засварын ажлыг зуны амралтаар лаборант, ажилчдын хүчээр хийдэг байлаа. Мөн бүх хүн, түүний дотор лаборант нар бямба гариг бүрт “Өглөөний улс төрийн сонсголд” заавал ирдэг, нам, эвлэл, үйлдвэрчний улс төрийн сургууль, эсвэл орос хэлний дугуйланд долоон хоног бүр сууж “номын дуу” сонсдог, намын хурал болох бүрт хурлын материалыг хүн бүхэн судалж шалгалт өгдөг ёстой байсан нь нэг талаар их дарамттай байсан ч юм сурах, дэгжиж дэвшихэд их тустай байсан юм. 

Би чадлынхаа хэрээр ажиллаж ирснийг нэг хоёр жишээгээр хэлэхэд манай тэнхимийн нэг эрхлэгч намайг нэг удаа сургуулийн шагналд дэвшүүлэхдээ “Манай лаборант бусад лаборант нарын нэгэн адил, бусдаас илүү нь гэвэл сургуулийн эд хөрөнгийг ёстой нэг нүднийхээ цэцгий мэт хайрлан цаг ямагт эвдэрч байгаа эсэхийг шалгаж оюутны хүчийг ашиглан засаж байдаг” гэж тодорхойлж ХААИС намайг орос индүүгээр шагнаж байж билээ. Бас аж ахуйн нэг дарга “Чиний тэнхимийн ширээ, сандал, парт үдэж хадаад байтал одоо нэгэнт засвар авахаас өнгөрсөн байна даа” гэж байсан. Гамшгаас хамгаалах ерөнхий газраас хэвлүүлсэн “Эргэн дурсах он жилүүд” гэдэг номонд манай Иргэний хамгаалалтын тэнхимийн эрхлэгч дэд хурандаа Сосорбарам “1980-аад оноос УИХГ-аас хошууч Б. Доржсүрэнг манай сургуульд багшаар өгч бид хоёр П. Эрдэнэчимэг гэж сайн, ажилсаг лаборанттай гурвуулаа гар нийлэн ажиллаж байлаа” гэж дурсан бичсэн байдаг. 2001 онд намайг Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнаж билээ” гэж ХААИС-ийн 60 жилийн ойн баяраар дурсан ярьсан байдаг. Эрдэнэчимэг гэрт миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж, ажил дээрээ миний лаборант буюу ёстой нэг “байнгын дагуул” болсон түүх ийм байна. 

Манайх 2 хүү, 1 охинтой. ...

Манай бага хүү Эрдэнэбат МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөөд тэндээ багшилж байгаад Англи Улсад магистр, докторын зэрэг хамгаалсан, 1 охин, 2 хүүтэй, эхнэр Соёлмаа нь мөн тэнд магистр, докторын зэрэг хамгаалсан, сайхан ааштай эмэгтэй. Одоо хоёулаа МУИС-д багшилж байгаа. 

Энэ далимд шударга бус явдал ямар гайтай болохыг харуулахын тулд Эрдэнэбат МУИС-д хэрхэн орсон бодит баримтыг дурдмаар байна. Тэр үед "Элсэлтийн уралдаант шалгалт авах "Нийгмийн тухай мэдлэг" хичээлийн асуултуудыг" хавар сонинд нийтлээд тэр асуултуудаараа шалгалт авдаг байсан. Гэтэл хотоос цөөн хүүхэд авах, эсвэл өөр ямар нэгэн заль хэрэглэхийн тулд элсэлтийн шалгалтад "Зах зээлийн үеийн төрийн зохицуулах үүрэг" гэсэн цоо шинэ асуулт оруулж хотоос 44 хүүхэд элсүүлснээс болж Эрдэнэбатын оноо хүрээгүй. Харин намар 4 хүүхэд нэмж элсүүлэх болсон учир "аман хүзүүнд" байсан Эрдэнэбат МУИС-д орсон түүхтэй. Энэ мэтээр, ялангуяа хөдөөний олон чадалтай хүүхэд-Монголын их, дээд сургуулиар үл барам гадаадын их сургуульд багшлах чадалтай хүүхэд хөсөр хаягддаг байна. 

Энэ хүүгээ Англид явахад нь би 200 ам. доллар өгснөөс өөр юм өгөх чадал байгаагүй. Эрдэнэбат Манчестер хотын их сургуульд магистраар суралцсан үеэсээ эхлэн ажиллаж, багшилж ... өөрөө 75 сая төгрөгөөр гурван өрөө сууц, унаатай болж, ийм байдлаар төсвийн байгууллагад ажиллаж байсан тэтгэврийн бид хоёр хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх, сууц, ажил, цалинтай болгох гэж санаа зовох юмгүй болж жарган суух боллоо. Уул нь аав ээж хүн хүүхдээ сургах, сууц, цалинтай ажилтай болгох үүрэгтэй боловч манай хүүхдүүд өөрсдөө зүтгэн сурч, ажиллах юм бол аав ээжээ зовоохгүй гэдгийг харуулсаныг айл бүхний хүүхдүүд нэг юм бодоосой гэж хүсэх юм.

2 comments: