Friday, 10 May 2013

Шилжих Үнэ (transfer price) гэж юу вэ?

МУИС- ийн Эдийн Засгийн Сургууль дээр гаальд ажилладаг нэгэн хүн ойлгохгүй байгаа асуултандаа хариулт авахаар орж иржээ.

Түүний ойлгохгүй байсан зүйл нь гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа компани түүнийхээ үнэлгээг байх ёстойгоос нь хэт өндрөөр тогтоож байгаад түүнээсээ гаалийн өндөр татвар төлөөд байгаа явдал.



Энгийн хүний ойлголтоор бол ямар ч хүн, эсвэл компани төлөх татвараа хамгийн бага байлгахыг зорьно.

Энэхүү үзэгдлийг тайлбарлах олон шалтгаан байж болох юм. Жишээ нь тухайн компаний удирдлага усан тэнэг байж болно.

Гэхдээ үүнийг шилжих үнээр бас тайлбарлаж болно. Гаалийн өндөр татвар төлөх гээд байгаа компанийг А компани гэе. А компани Монголд үйл ажиллагаа явуулж ашиг олдог, мөн өөр улсад, жишээ нь Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ) багатай, эсвэл бүр татвар авдаггүй татварын "диваажин" улсад бас бүртгэлтэй бөгөөд энэ хоёр улс давхар татвар авахгүй байхаар гэрээ байгуулчихсан байгаа гэе. ААНОАТ ёсоор бол нийт орлогоос татварын хуулиар зөвшөөрсөн зардлуудыг хассаны дараа буюу "ашиг"- аас татвар төлдөг болохыг хүн болгон бараг мэдэх биз.

Тэгэхээр А компаний хувьд татвар багатай улсад байгаа салбараасаа тоног төхөөрөмж асар үнэтэй (шилжих үнэ) худалдаж авбал Монгол улсад төлөх ААНОАТ-ын хэмжээгээ бууруулж, татварын диваажинд буй салбарынхаа ашгийг нэмэгдүүлнэ (тэндээ тэгээд татвар төлөхгүй). Компаний хувьд нийт төлөх татвараа л багасгачихлаа. Энэхүү тайлбарыг мэдээж А компаний салбараар зогсохгүй мөн татвар багатай улс дахь түүний түнш, мөн зөвхөн зардал бус орлогынх нь хувьд хийж болно.

Шилжих үнэ хэрэглэх явдал хэр түгээмэл байдаг вэ? Үндэстэн дамнасан компаниуд, улсуудын татварын хувь хэмжээд болон тэдгээрийн татварын албадынх нь чадавхи ялгаатай байгаа үед энэ үзэгдэл мэдээж үргэлж байсаар байх болно.

Сүүлийн үед Замби улс болон Гленкор (Glencore Xstrata) компаний хооронд үүсээд байгаа асуудал яг л үүнээс үүдэлтэй. Энэ талаар "Африкийг хулгайлах нь (Stealing Africa)" гэсэн киног үзэх юм бол шилжих үнийн талаарх таны ойлголт улам нэмэгдэх нь дамжиггүй.

Монголд бизнестэй гадны компаниудыг ашигаа Монголоос гаргахаас нь өмнө татвар авах гэхээр давхар татварын гэрээ бариад татвараас зайлсхийгээд байна гэсэн маргаан мөн Монголд одоо ч байгаа. Ийм гэрээ Монгол улсад ашиггүй нь хэнд ч тодорхой. Давхар татварын гэрээ ёсоор Монгол компани Голланд, Арабын Нэгдсэн Эмират, Кувейтэд бизнес хийгээд ашгаа Монгол руугаа явуулахад тэндээ татвар төлөхгүй, гэхдээ эргүүлээд яг адил нөхцлийг тэдний компаниудад олгодог. Гэтэл жишээ нь Арабын булангийн улсуудад татвар гэж үндсэндээ байхгүй. Хаант засаг, ард түмнийх нь хооронд хийгдсэн бичигдээгүй гэрээ ёсоор ардчилал байлгахгүйнхээ төлөө татвар бас байлгадаггүй. Голланд мэтийн ардчилсан, Европын жижиг улсууд ийм аргаар бизнес татах нь түгээмэл. Учир нь толгой компаниуд тухайн улсад байрших нь өөр хаялага нөлөөтэй. Татварын диваажингууд ихэвчлэн хүн ам маш багатай, жижигхэн арлууд байдаг учраас төсвийн хэрэгцээ ч гэж үндсэндээ байхгүй.

Монголд одоогоор олон улсын түвшинд хүрсэн компани тун ховор, нөгөө талаас нийтийн, дэд бүтцийн санхүүжилтийн хэрэгцээ асар их байгаа учир тэдгээр улс/арлуудтай татвараар өрсөлдөх боломжгүй. Манай улс төрчид ганц хоёр үнэгүй хоол, хэдэн цаас, зугаалга, хүүхдүүд, таньдаг хүмүүсийнхээ сургалтын төлбөрийн төлөө ийм гэрээ өчнөөнийг хийсэн. Хямдхан Монгол шүү.

No comments:

Post a Comment