Saturday 13 December 2014

Мэдлэг бол хүч (knowledge is power) болон Өвөр Монголоос төрсөн сэтгэгдэл



Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудын урилгаар очиж лекц уншив. Сайхан монголчуудтай танилцлаа. Монгол улсад Солонгосын соёлын нөлөө их болж байгаа. Харин Өвөр Монголд Монгол улсынх маш их байдаг юм байна. Бидний уран зохиол, урлаг, дуу хөгжим маш их эрэлттэй байх юм. Хятад, ЗХУ-ын харилцаа 1960-аад онд муудтал кирилл үсгийг сургуулиудад нь Монгол эрдэмтэд очиж заадаг байсан учир өдгөө ч зарим нь кирилл үсэгтэй.

Өвөр Монголоос оюутан татах боломж бий мэт санагдав. Өвөр Монголд 5 орчим сая монгол хүн бий, зах зээл тэгэхээр нэлээд том. Өөртөө засах улс байгуулсан нь л Өвөр Монгол болохоос Хятадын бусад мужуудад ч нэлээд монгол байдаг бололтой юм. Нэг хүүхэдтэй байх төрийнх нь бодлого зөөлөрсөн ч өрхүүд нэг, хоёр л хүүхэдтэй, тэднийхээ боловсролд нэлээд анхаардаг, санхүүгийн чадавхийн хувьд ч чамгүй чинээлэг болсон мэт. Харин барууны боловсрол, соёлоос суралцсан байдлаар бид илүү давуу мэт санагдав. Одоо тэндээс Монголд ирж сурч байгаа оюутнууд гадаад оюутны төлбөрөөр, надад хэлснээр нь бол 17000 (5.1 сая төгрөг) юаний сургалтын сүйтгэл (сургалтын төлбөрийг ингэж хэлдэг юм байна. Ханз үсэгнээс шууд орчуулбал ингэж буудаг юм байна.) төлдөг. Гэвч ирж суралцагсад нь тооны хувьд цөөн, сонирхдог салбарууд нь Монгол хэл, гадаад хэл соёл гэх мэтээр хязгаарлагддаг бололтой. 


Мэдээж Хятадын засгийн газар дээд боловсролын салбарынхаа дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд маш их мөнгө зарж байгаа. “1000 Авъяас Хөтөлбөр”-ийн (http://english.ucas.ac.cn/JoinUs/Pages/default.aspx) хүрээнд барууны их сургуульд байнгын профессорын албан тушаал дээр ажиллаж байгаа хүн Хятадад буцаж ирвэл 4 сая юаний (~1.2 тэрбум төгрөг) шагнал өгч байна. Гэхдээ одоогийн байдлаар энэ хөтөлбарт 3000 гаруй хүн буцаж ирсэн ч ихэнх нь далайн эргийн, төвийн  их сургуулиудаар нь байрлаж, зарим нь байнга суурьших бус түр ирэх гэх мэт асуудлуудтай  байгаа юм байна  ( http://www.universityworldnews.com/article.php?story=20130524153852829 ).  Харин дэлхийн топ эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн эрдэмтнийг буман юаниар (~30 сая төгрөг) урамшуулж байх хөтөлбөр нь Өвөр Монголын их сургуулиудад ч гэсэн хэвшил болон хэрэгжиж байгаа юм байна. 


Хэрэв Монголд дэлхийн түвшинд хүрсэн дээд боловсрол олгож чадвал зөвхөн өвөр монголчуудаар зогсохгүй буриад, халимаг, тува нар ч ирэх суурь нөхцлүүд байгаа мэт. Учир нь Монгол хэл соёлоо хадгалах хөдөлгөөнүүд тэнд ч гэсэн байна.  2011 оны 11-р сард тонн нь 119.33 ам. долларт хүрч байсан хилээр гаргах нүүрсний үнэ энэ долоо хоногт гаргасан ҮСХ-ны бюллетень  ёсоор ердөө л 38 ам. доллар болсон байгаа нь уул уурхайн салбараас хэт хараат болохын хор уршгийг бэлхнээ илтгэнэ. Харин дээд боловсролын салбарыг импортыг орлох, цаашилбал экспортын салбар болгож чадвал энэ нь тогтвортой орлоготой, байгаль, экологийн  хувьд хамгийн цэвэр экспорт болоод зогсохгүй Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, геополитикийн хувьд хамгийн их дам эерэг нөлөөтэй салбар болох болно.  Америк (жилийн  21 тэрбум ам. доллар: http://www.huffingtonpost.com/visualnewscom/visualizing-the-numbers-b_b_4221874.html) болон  Их Британы (жилийн 17.5 тэрбум фунт стерлинг: https://www.gov.uk/government/news/new-push-to-grow-uks-175-billion-education-exports-industry) нийт экспортод эзлэх хувь хэмжээгээрээ дээд боловсролын салбар нь тэргүүлэх байр суурьтай байдаг нь жирийн тохиолдол биш билээ.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...