Tuesday, 17 February 2015

Морь жилийн тайлан

2012 оны 12-р сарын 26-ны энэ бичлэгдээ миний бие Эдийн засаг, санхүүгээрх судалгааны ажил, эрдэмтэд, их, дээд сургууль, судалгааны бүх байгууллагыг бүртгэж, чансааг нь сар бүр дэлхийн олон нийтэд тайлагнадаг IDEAS-т Монгол улсын нэр нийт 196 улсаас 184-т жагсаж, Зимбабве, Куба, Лисото, Ангола, Сири, Лаос улсуудтай эн зэрэгцэж байна хэмээн харамсан бичиж билээ. Уламжлал ёсоор АНУ-ын 50 мужийг  тус бүрийг нь "улс" гэж тооцдог бөгөөд дэлхийн 200 орчим улсаас IDEAS-т огт бүртгэлгүй нь ч бий. Олимпод тамирчид нь ордоггүй улсуудтай нэгэн адил.




2013 оны 1-р сарын 28-ны Өдрийн Сонины дорх дугаарт мөн энэ талаар мэдээлэл гарч байв.



БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн Дарга асан Д. Содном гуай уг сонины 2013 оны 8- сарын 19-ны дугаарт уг мэдээний талаар "... Энэ мэдээг уншсан манай улсын төр, засгийн шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүдэд хандсан анхааруулга болов уу гэж ойлгосон. Бодоосой билээ"  гэж билээ.
Тэрнээс хойш уул нь нэлээд зүйл өрнөв. Баруунд бэлтгэгдсэн Монгол эдийн засагчид Монголдоо эргэн ирж, дэлхийн хэмжээний томчууд ч МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийг тоон ирдэг байв. Тухайлбал Их Британийн Хатан хааны эдийн засгийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга профессор Денис Осборн (Denise Osborn), АНУ-ын төв банкны зөвлөх, макроэдийн засгийн салбарын топ эрдэм шинжилгээний сэтгүүлүүд болох Journal of Monetary Economics, American Economic Journal: Macroeconomics сэтгүүлүүдийн дэд редактор, Рочестерын Их Сургуулийн профессор Ёнгсан Чанг (Yongsung Chang), АНУ-ын Луйзана мужын No.2 эдийн засагч Journal of Labor Research, Journal of Population Economics сэтгүүлүүдийн дэд редактор профессор Начи Мокан (Naci Mocan), ХБНГУ-ын No. 1 эдийн засагч  Ханс-Вернер Зинн (Hans-Werner Sinn) гэх мэт. Энэ сүүлчийн хүнийг нь ирэхэд МУИС-ын хамгийн том,  лекцийн танхим пиг дүүрч, тэдний тал орчим хувь нь дан гадныхан байж билээ.

Одоогийн буюу морь жилийн сүүлийн сарын байдлаар Монгол улс дэлхийн 202 улсаас 135-д байна. Нийгмийн шинжлэх ухааны ихэнх салбарууд, тэр дотроо эдийн засаг, бизнесийн салбар  нь хорь гаруйхан жилийн өмнө буюу социализмын үед хориотой байсан гэхэд энэ бол бидний маш том амжилт.  Гуравхан сая хүнтэй ч бид одоо АНУ-ын Өмнөд Дакота муж улсаас илүү, мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан Төв Азийн улсуудын хувьд Казахстанаас бусдаас нь хавьгүй илүү. Эдийн засгийн шинжлэх ухаан дотроо макроэдийн засаг, микроэдийн засаг, санхүүгийн эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, хүн ам зүйн эдийн засаг, мөнгөний эдийн засаг, эконометрик гэх мэт нийтдээ 20 үндсэн ангилалтай. Монгол улсын нэртэйгээр дэлхийд гарч байгаа судалгааны ажлууд нь одоогоор зөвхөн макро болон мөнгөний эдийн засаг, эконометрикийнх ч гэсэн нийт жагсаалтад Монголыг 135-д оруулж байна гэдэг бол чанар нь тун өндөр байна гэсэн үг.

IDEAS-т Монголоос нийтдээ 8 эдийн засагч, эдийн засгийн мэргэжлийн, бодлого, судалгааны 13 байгууллага л бүртгэлтэй  (бүртгүүлэх нь хэн бүхэнд нээлттэй). Монголд буй дэлхийн хэмжээний бүтээлтэй хүмүүс маань болон Монгол улсын төсөв болон олон улсын байгууллагуудаас санхүүжилт авдаг мэргэжлийн болон судалгааны байгууллагууд маань имэйл бичиж, вэб хуудсаа өгч бүртгүүлэхэд л бидний чансаа урагшилна. Одоо Монголд байгаа Др. Г. Рагчаасүрэн, Др. Н.Ууганбаатар, Др. Б. Түвшинтөгс нар нэмж бүртүүлэхэд л бид бараг 100-гийн дотор орж ирнэ (АНУ-ын 50 орчим мужийг хасвал улсынхаа хувьд эхний 50-ийн дотор).

Эдийн засгийн шинжлэх ухаан Монголын нийгмийн амьдралд орж ирэхэд нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарах биз ээ. Адам Смитийн үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байгаа юм шиг саад тотгорууд чамгүй. Заримдаа Сэрэлт кинон дээр гардаг шиг анагаах ухаан монголд хэрхэн орж ирж байгаатай л адил үйл явдал өрнөж байна даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ энэ шинжлэх ухаан нутагшиж байж л Монгол улсын хөгжлийн тухай ярьж эхлэх боломжтой болох нь гарцаагүй.


---------------------------------------------------------------------------------------------------------
Энэ бичвэрийн дараа МУИС-ийн нэг багш дараах асуултыг тавьж, түүнд нь өгсөн миний хариулт:

Асуулт: МУИС Монголдоо хамгийн том Эдийн Засгийн Сургуультай гэдэг. Энд МУИС-ийн оролцоо ямар байвал зүгээр вэ?

Хариулт: Бид Эдийн Засгийн Сургуулиа жил гарангийн өмнө татан буулгасан. Өөрөө энийг мэдэж байгаа байлгүй дээ, гэхдээ үндэсний брэнд байсан гэдгийг нь таны асуулт харуулж байх шиг байна. Хамгийн томын хувьд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль биднээс том байсан байх. Одоо бол хуучин ЭЗС-д байсан хүмүүс Бизнесийн болон Шинжлэх Ухааны гэсэн 2 сургууль руу хуваагдан орсон. Энэ бол бидний маш том алдаа. Энэ талаар http://www.tsors79.blogspot.com/2013/11/blog-post.html -аас уншиж болно. Хамгийн их хохирсон хүмүүс бол миний бодлоор санхүү, болон эдийн засгийн оюутнууд, тэднийг авч ажиллуулдаг байгууллагууд, цаашилбал Монгол улс. Одоо Санхүү нь Бизнесийн Сургуулийн нэг хэсэг, Эдийн засаг нь Шинжлэх Ухааны Сургуулийн нэг хэсэг, бие биенийхээ хичээл сонгох боломж нь тун хязгаарлагдмал. Уул нь энэ хоёр шинжлэх ухааны хувьд бол салшгүй холбоотой. Эдийн засгаарх Нобелын шагналыг санхүүгийн салбараас бараг хамгийн олон удаа авсан байдаг юм л даа. Гэхдээ үүнийг бүтцийн өөрчлөлтийн өмнөх "бизнесийн салбарынхны" гэгдэх хурал дээр нь тэр үеийн Санхүүгийн тэнхимийн профессор байсныхаа хувьд хэлээд зад загнуулаад, хөөгдөх шахуу гарч байв. Бизнес эдийн засаг хоёр ч гэсэн. МУИС одоо яавал дээр вэ гэвэл миний бодлоор Санхүү Эдийн Засгийн Сургууль байгуулж болно. School of Economics and Finance гэдэг бүтэц тун түгээмэл байдаг. Гэхдээ энэ бүтцийн өөрчлөлтийн санаа нь юм л өөрчлөхийн тулд хийгдэж байгаа биш бол шүү дээ.

No comments:

Post a Comment