Monday, 15 June 2015

Явсан газрын сонин: Америк-I




Чикагогоос Омаха хүргэх онгоц


Манайд орон нутагт нисэж буй Focker онгоцноос жижиг юм байна.


Маммелын байшин

Омаха дахь Небраскагийн их сургуулийн бизнесийн сургуулийнхан намайг тун сайхан хүлээн авав. Эдийн засаг, санхүү, маркетинг ба менежмент, нягтлан бодох бүртгэл гэсэн 4 тэнхимтэйЭнэ байшинг хандиваар цуглуулсан 36 сая доллараар барьсан бөгөөд хамгийн их мөнгийг нь буюу 750 мянгыг Маммелын гэр бүл гаргасан учир Маммелын байшин гэх ажээ.

6 жилийн өмнө барьсан гэсэн ч цоо шинэ мэт сэтгэгдэл төрж байв. Уул нь америкуудыг ковбойтой кинонуудаас эрээ цээргүй, бохир талдаа гэж бодсон буруу байв. Гэхдээ цэвэрлэгээний ажлыг нь дандаа ази царайтай хүмүүс хийж байгаа харагдав.
Монголд тааралдсан хүмүүсээс нь америкчуудыг бага зэрэг бүдүүлэг, дээрэнгүй юм байна гэж боддог байсан гэтэл Небраскад хүмүүс нь тун эелдэг юм. Гудамжинд тааралдсан танихгүй хүмүүсийн 80 орчим хувь нь мэндлээд өнгөрдөг юм байна.
Аавдаа өгсөн төрсөн өдрийн бэлэг: цэцэрлэгт хүрээлэнд, нийтэд зориулан байрлуулсан сандал. Энэ соёл Европт бас нэлээд түгээмэл байдаг. 

Зан үйлийн лаборатари. Хүний толгойд тархины гүйдлийг мэдрэгч зүүж байгаад ямар төрлийн реклам тархины хаана, яаж очиж буй судалдаг юм байна. 1 сая долларын үнэтэй, Коралескигийн гэр бүл авч өгч. Эд нар ер нь юм зарахдаа гаргууд сайн.




Ер нь бүхий л анги танхим, лаборатрийг нь, бүр шатны тохижилтыг нь хүртэл ямар нэгэн хүн, гэр бүл, компани хандивлсан байдаг юм байна. Тэднийгээ ч сайн рекламдаж, алдаршуулах аж. Зургийн дээд эгнээний 2 дахь нь Карл Маммел, Небраскад даатгалын бизнес эрхэлдэг нэгэн аж. 
Ер нь эдний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн сайн үйлд заавал оролцож, санхүүгийн хувьд боломжтой бол хандив өгч байх ёстой болдог юм байна гэж ойлгов. Ханан дээр нь хятад, солонгос хүмүүсийн зураг бас харагдаж байна. Удахгүй монгол баячуудынх маань бас гарч ирэх байх гэж бодогдов.
Омахагийн хамгийн алдартай хүн бол мэдээж 2008 оны дэлхийн хамгийн баян хүн, харин энэ оны жагсаалтад 3-т байгаа Уоррен Баффет. Одоогоор түүнээс хангалттай хандив аваагүй юм байна гэж ойлгов. Гэхдээ авахаар шургуу ажиллаж байгаа бололтой. Түүний зургийг үүдэндээ томоор байрлуулж, энд багшилж байсан зургийг нь бас тавьчихаж.
Проф. Вест, проф. Вохар нарын хамт стейкны ресторанд
Проф. Вохар нь 47 мянга гаруй эдийн засагчид бүртгэгдсэн байгаа IDEAS-ын топ 3%-д ордог эдийн засагч (хамтарч хийсэн судалгаа маань хараахан нийтлэгдээгүй байгаа)

Физикт E=mc2 гэж чухал томъёо бий. Эдийн засагт үүнтэй дүйцэх нь MR=MC буюу оновчтой шийдвэр гаргах цэг нь ахиу өгөөж нь ахиу зардалтай тэнцэх тэрхүү цэг байх ёстой гэдэг томъёо байх (MR нь marginal revenue, MC нь marginal cost)

Эд махаа малыг дахиад нэг сар тэжээхэд ямар зардал гаргах вэ гэдгийг, тийнхүү хүлээснээс үүдэх тарга тэвээргийн доллараар илэрхийлэгдэх өгөөжтэй тэнцвэржсэн үед нь нядалдаг гэж нэг хүнээс сонсож билээ. Нийт үндэстний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахад ч энэ зарчмыг ашигладаг. Энэ улсад алдагдсан өчнөөн монгол тархинууд байна. Санхүүгийн профессор хийж байгаа хоёр бүсгүйг би хувьдаа мэдэх юм. Тэднийг эргүүлэн монголд нь авч ирэхэд мэдээж зардал гарна. Эндэхтэй нь дүйцэх цалин хөлс, орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төлбөр гэх мэт. Эд бүгд нь дээрх MC. Гэхдээ америкийн шаардлагыг хангасан монгол эрдэмтэд, мэргэжилтнүүд нутагтаа очоод сэтгэлээсээ ажиллавал тэднийг монголын нийгэмд оруулах өгөөж буюу МR нь хэд дахин илүү байна.
Амралтын өдрөөр зочилж очсон тэтгэвэртээ гарсан проф. Вестийн байшин.

Проф. Вестийн гудамжны үзүүрт байх Уоррен Баффетын байшин. Хоорондоо нэг их ялгаагүй байгаа нь намайг үнэхээр гайхшруулав. Нийт 71 тэрбум долларын хөрөнгийнхөө 99%-ийг сайн үйлд зарцуулахаар, дийлэнхийг Билл Гейтсийн санд хандивлахаар, амлачихаад байгаа юм байна. Түүнтэй бизнес нэг Жорж Сорос хуучин социалист улсуудын хүмүүн капиталд чамгүй хөрөнгө оруулсан. Миний бие магистрынх нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж амьдралаа орвонгоор нь өөрчилж билээ. Соросыг дуурайгаад бас хэдийг Монголд зарчихаач гэх гэсэн гэртээ байсангүй J.
Тун энгийн амьдралын хэв маягтай хүн гэж хөрш нь ярих аж. Саяхныг болтол өөрөө ачааны тэргээ бариад явж байдаг байсан гэв. Дэлгүүрийн очерт тааралдах байх гэж найдаж байсан боловч тийм аз таарсангүй.
Гэхдээ тааралдсан ч би хөрөнгөө бүгдийг нь өөр сайн үйлсэд хандивлахаар амлачихсан байгаа, цалин маань ердөө л жилийн 100 мянган доллар. 200 гаруй мянгын цалинтай монгол уул уурхайн боссуудаасаа эхлээд асуу гэх болов уу J
Энгийн нэг Америк айлд зочлох боломж гарав. Хүүхдүүд тоглож гүйх сайхан талбайтай, салхилах өргөн довжоотой, сургууль, цэцэрлэг нь хотхон дотроо байшин 150 мянган долларын үнэтэй гэв. 1 м2 нь 1200 орчим долларын үнэтэй гэвэл Монголд бараг л ийм байшин авахгүй дээ гэж бодов.
Гэтэл нэг өрхийн жилийн медиан орлого нь энд 52 мянган ам. доллар, харин Улаанбаатарт дундаж цалин сарын 925.3 мянган төгрөг, хоёулаа ажилладаг гэвэл жилийн 12 мянган доллар болно.
Үндэсний Статистикийн Хорооноос медиан цалинг зарлахгүй байх шиг байгаа юм. Тэр тоог нь ашиглавал байшингийн үнэ орлогын харьцаа Монголд Америкаас бараг 5 дахин өндөр гарах байх.   

No comments:

Post a Comment