Tuesday, 16 June 2015

Явсан газрын сонин: Америк-II


Небраскагийн их сургууль нь мужийн буюу манайхаар улсын сургууль бөгөөд Омаха дахь салбар (UNO) нь МУИС-ийнхаас 7 мянгаар цөөн буюу 15 мянган оюутантай юм. Багш нарынх нь 96% нь докторын зэрэгтэй, МУИС-д энэ нь 42% байдаг. МУИС-ийн цалин угаасаа бага учир хүмүүн капиталдаа асар их хэмжээний мөнгө оруулчихсан хүмүүс ирж судалгаагаа хийнгээ багшлах нь санхүүгийн хувьд ямар ч утгагүй. Нэг бол хувийн секторт ажиллана, эсвэл давхар ажил эрхэлнэ, үгүй бол гадагшаа гардаг. Эрдэмтдийн хувьд судалгаа хийнэ гэдэг нь тамирчин бэлтгэл хийнэ гэдэгтэй адил зүйл байдаг. Байгаа хэд нь хэр удаан тэсэх бол гэж санаа зовмоор. 


Эдийн засагчид аливаа бараа, үйлчилгээг нийтийн болон хувийнх гэж ангилдаг. Нийтийн барааны онцлог нь хэрэглэхийг нь хэн нэгнээс хориглох боломжгүй, хэрэглээ нь өрсөлдөөнгүй барааг хэлдэг. Жишээ нь, гудамжны гэрэлтүүлэг, олон нийтийн аюулгүй байдал гэх мэт. Нийтийн бараа үйлчилгээ тодорхой хэмжээнд хүрч байж л хувийн бараа, үйлчилгээ үүсэх боломжтой . Тэгэхээр дэлхийн хэмжээнд хүрсэн мэдлэг гэдэг нь технологийн хувьд хоцрогдсон, цөөхөн монголчуудын хувьд асар үнэтэй нийтийн бараа. 

Нэг найз эдний үнийг асуув. UNO-ийн бакалаврын сургалтын төлбөр нь мужийн оршин суугчдын хувьд жилийн 6.7 мянган доллар, мужийнх биш бол 18 мянга, магистр, докторынх жилийн 5.6 харин гадных бол 13.6 мянга юм байна. Зөрүү нь мужийн татаас гэсэн үг. МВА хөтөлбөрийн нийт зардал нь жилийн 30 мянга орчим, гэвч хөтөлбөрийн захирал нь оюутнаа сургавал мужийн оюутны төлбөр болгож өгнө шүү гэж амлав (илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд, энд бас эндээс аваарай гэж зөвлөв). Энэ нь харьцангуй хямддаа орно. Жишээ нь монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр бакалаврт сургах топ 100 сургууль, бас монгол улсын засгийн газрын төлбөрийг нь төлөх Fulbright-ын хөтөлбөрт багтдаг Колумбын их сургууль жилийн 58 мянга. Эдгээр хөтөлбөрт шалгалтыг нь даваад л элсчих юм бол ямар ч Монгол хүүхдийн төлбөрийг засгаас төлнө гэж рекламдаад байдаг нь марзан санагддаг. Дор хаяж маш сайн англи хэл заадаг, хувийн сургууль төгссөн байх хэрэгтэй. Маш сайн арын хаалгатай бол мэдээж бүх юм ногоон гэрлээр байх. 

Ямар ч арын хаалга, хээл хахуулгүйгээр энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа x% байгаа нь тодорхой. Би өөрөө Монголд оюутан байхдаа ийм төрлийн хөтөлбөрт бараг 10 удаа оролдоод чадаагүй болохоороо л ийм гутранги дүгнэлт хийж байж болох юм. Гэхдээ нэг дарга яамны мэргэжилтэндээ би энэ хөтөлбөрт хүүхдээ явуулна гэхэд үгүй гэж хэлж чадах хүн гарах уу, халхын хавтгайгаас хаачих вэ гэдэг шиг л юм болох байх гэж санагдах юм. Ялангуяа, төр, бизнес нь сүлэлдсэн өнөөгийн нөхцөлд. Жишээ нь, 100-х хувь ямар зам ашиглаж болохыг дорх Монгол улсын авилгын индексийн графикаас харж болно: бүрэн эхээр нь эндээс үз. Дэлхийн банкны авилгын хяналт (control of corruption) болон зураг дээрх бусад үзүүлэлт 100 оноонд ойртох тусмаа сайн гэсэн үг. Мэдээж авилгын төрөөс гаргаж буй шийдвэрт үзүүлэх нөлөө нь зөвхөн тэтгэлэгт хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй.


МУИС-ын төлбөр ойролцоогоор 1.1 мянган доллар, үүнээс өсгөхийг нь хориглодог. Учир нь өсгөвөл улс төрийн идэвхитэй оюутнууд жагсаал зохион байгуулна. Үүнийг залуудаа өөрсдөө хийж засагт орж ирсэн хүмүүс сайн мэднэ. Гэхдээ төрийн өмчийн бүх сургуулийг Багануур руу нүүлгэнэ гээд аль хэдийн асар их мөнгө зарцуулаад эхэлчихсэн. Их сургуулиудыг засгийн ордны ойр байлгахаас хүмүүс маш их айдаг болсон цаг.

Төлбөр өсгөлөө гээд байдал сайжирна гэвэл мэдээж худлаа. Энэ нь бага, дунд орлоготой эцэг эхтэй ч хичээл зүтгэлтэй, авъяастай хүүхдүүдийн суралцах боломжийг хаавал Монгол улс бүр л их хохирно. Өртөг, үнэ хоёрын дунд дээрх мужийн татаас шиг дэмжлэг орж ирэх ёстой. Хувийн, хувьсгалын (дээрх ярьсан 58 мянган доллар байна жишээ нь) эсвэл хамтарсан байдлаарЭх газрын европ сургалтын төлбөргүй, эсвэл маш багатай бөгөөд энэхүү дэмжлэг дийлэнхийг нь нөхдөг гэсэн үг юм. 
Эдийн засгийн проф. Вохар, Маркетингийн проф. Лүй Пол нарын хамт. Лүй одоогоор Бизнесийн сургуулийн захирал ньСургуулийн байшин барих 36 сая долларыг өөрөө босгож, одоо мөн өргөтгөнө гээд хандив цуглуулж байгаа юм байна. Мужаас зөвхөн урсгал зардлыг нь өгдөг бөгөөд багш, ажилчдын цалин хөлс, шинэ барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах мөнгийг сургууль өөрсдөө, тухайлбал захирал өөрөө босгох ёстой гэв. 

Миний үндсэн үүрэг бол надад байгаа боломжийн хүрээнд оюутнууддаа хамгийн сайн мэргэжилтнүүдээр хичээл заалгах, тийм мэргэжилтнүүдээр сургуулиа дүүргэх, сургалт, судалгааны таатай орчинг бүрдүүлэх бөгөөд үүнийхээ төлөө гуйна, гувшина, ятгана, бүх аргаа хэрэглэнэ гэсэн нь надад үнэхээр сайхан санагдав. Америкийн сургуулийн захирал 4 жилээр томилогддог юм байна. Ямар нэгэн асуудал гарвал нийт багш нараас санал хурааж хугацаанаас нь өмнө буулгаж болдог гэв. Проф. Лүй энэ албыг 12 жил хашиж байгаад нь огт гайхсангүй.


Небраскагийн их сургуулийн 2 дахь салбар нь Линколн хотод байх (UNL) бөгөөд 25 мянган оюутантай гэнэ. Уг сургуулийн эдийн засгийн проф. Жон Андерсон МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн урилгаар Монголд 2 удаа очиж байсан бөгөөд түүнээс хойш Төрийн Санхүү гэсэн сурах бичгийнх нь 2 дахь хэвлэлт гарсан аж. 323 долларын үнэтэй учир энэ удаад авч дийлсэнгүй. Тэрээр Байрдын гэр бүлийн нэрэмжит эдийн засгийн профессор. Дээд боловсролын салбарыг дэмжих энэхүү нэрэмжит профессорын соёл Англид байдгаас ч бүр илүү хүчтэй юм. Манчестерт хоёр л байдаг байсан. Нэгийг нь буюу Роберт Оттлегийн (Robert Ottley) нэрэмжит профессорын албыг Монголд хэдэн сарын өмнө ирээд буцсан проф. Денис Осборн хашдаг байгаад тэтгэвэртэй гарсан. Одоо тэр албыг хашчих сайн хүнийг Манчестер хайж байгаа. Ямар нэгэн хувь хүн эсвэл байгууллага, их сургууль, банк эсвэл хөрөнгө оруулалтын байгууллага хамтраад гурвалсан гэрээ байгуулна. Мөнгөө хандивлах хүн эсвэл байгууллага шаардлагаа тавина, санхүүгийн байгууллага нь мөнгийг нь өсгөж арвижуулан, зөвхөн хүүгийнх нь орлогыг их сургуулиас ямар нэгэн профессорт өгөх цалингийн нэмэлт болгон өгнө. Ийнхүү авсан хандиваараа одоогоор Харвард тэргүүлж байна (35 тэрбум ам. долларын хандивын хөрөнгөтэй). Дээрх проф. Лүй нь Жон Бейкерийн нэрэмжит захирал (декан), проф. Вохар нь UNO/CBA-ийн болон шилдэг эрдэмтний гэгдэх хоёр нэрэмжит профессорын албатай юм байна.   
Санхүүгийн тэнхимийн дэд профессор Дэвид Волкман нуурын эрэг дээрх гэртээ аваачиж, завиа унуулав. Тэрээр уг тэнхимийн эрхлэгч нь бөгөөд, нийт 12 багштай, жилд 250 орчим санхүүгийн бакалавр төгсгөдөг юм байна. Уг тэнхимийн багшийн гарааны цалин нь жилийн 108 мянган доллар бөгөөд эдийн засгийн тэнхимийнхээс даруй 20 мянгаар илүү юм.
Дахиад л үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл санаа зовоов. Түүний байшин 4000 square feet буюу 372 m2 талбайтайАжлаас нь 30 минут л явж хүрэх уг байшин 400 мянган долларын үнэтэй; 1m2=1075 USD буюу Монголдохоос хамаагүй хямд гэсэн үг.

Үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарах маш их аюултай. 90-ээд онд хагарсан хөөс нь японы эдийн засгийг 20 жил зовоож байна. Түүнээс хойших үеийг алдагдсан арван жилүүд гэж нэрлэдэг. Учир нь үл хөдлөхөд үйлдвэрийн барилга багтчихдаг. Гэтэл үйлдвэрлэлийн нэг хүчин зүйл нь барилга. Өндөр үнэтэй барилга дотор маш өндөр ашигтай бизнес явагдах ёстой. Тийм боломж тэр болгон олдоод байдаггүй. Голланд өвчний улмаас арилжаалагддаггүй салбарын (ө.х. гаднаас оруулж ирж болдоггүй бүтээгдэхүүнтэй салбарын) үнэ өсөх зүй тогтолтой байдаг. Харамсалтай нь бид үүнийг мэдэж байсан мөртөө арга хэмжээ аваагүй. Монголд хамгийн их улс төрийн лобби сайтай нь барилгын салбарынхан байдаг нь үүнийг тайлбарлах байх. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг энэ л салбарынхан өнөөдөр гаргадаг. Мэдээж төрөөс гаргаж байгаа шийвэрүүдэд нь энэ нь тусгалаа олдог.

Энэ үндэстэнг их гүрэн болгож байгаа цорын ганц шалтгаан нь үе үеийн бизнесийн удирдагчид болон ухамсарт иргэдийнх нь технологийн дэвшил, түүнийг бий болгогч их, дээд сургуульдаа тавьдаг анхаарал юм байна. Цагаан арьстнуудын улсдаа биш, бусдаас давсан  байгалийн баялагтайдаа биш. Хажууханд нь мексик, аргентин гээд адилхан л цагаанууд очиж суурьшсан улсууд байна. Харин хамгийн сайн тоног төхөөрөмж, технологи, эрдэмтэн мэргэд хаана байна бид мөнгөөр зодоод ч болтугай аваад ирье, шинийг бүтээлгэе гэсэн хандлага нь бусдаас ялгаатай аж.


Хэдэн сарын өмнө Монголд Блүүмерг ТВ сувгаар “Америкийг босгосон эрчүүд нэртэй цуврал гарсан. Яагаад тэд америкын түүхэнд үлдсэн юм бэ гэдэг нь миний бодлоор дээрхтэй л холбоотой. Рокфеллер нь Чикагогийн их сургууль болон Рокфеллерийн их сургуулийг, Карнеги нь Карнеги Меллоны их сургуулийг , Вандербилт нь Вандербилтийн их сургуулийг байгуулж. Тэдгээр сургуулийг америкчууд өөрсдийнх нь нэрээр нэрлэж. Рокфеллерийн их сургууль, Карнеги Меллоны их сургууль, Вандербилтийн их сургууль маш муу, мөнгө хөөсөн, амь зогоосон бизнес гэсэн хэл ам гаргуулахгүйн тулд. Уул нь одоо Монголын ард түмэнд нээлттэй, хүрэлцээтэй, дэлхийн түвшинд хүрсэн сургууль байлгах хэрэгцээ нь байна, багшлах монгол хүмүүс нь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудаар чамгүй байна, хөрөнгийн төвлөрөл нь байна. Зохион байгуулах л үлдэж.

No comments:

Post a Comment