Sunday, 20 September 2015

Самарканд, төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн болон УИХ дээр яригдаж буй сонгуулийн дүрэм

Таны толгойг хэчнээн угаасан ч гэсэн та 10 давхар байшингаас нисэж чадна гээд үсрэх үү? Үгүй л болов уу. Учир нь та татах хүчний хууль байдаг гэдгийг мэднэ. Ямар ч найраагүй, бас өршөөлгүй. Хууль бол хууль, таныг няц дарна (шүхэргүй л бол).




УИХ дээр 2016 оны сонгуулийг улам бүр пропорционал болгохоор яриад эхлэв. 2012 оны сонгуулийн өмнө бид мажоритар системээс ухралт хийж, холимог системтэй болсон, одоо бол мажоритар элементийг нь бүр мөсөн арчин хаяхаар санаархаж байгаа юм байна.

Ингэж болохгүй. 2011 онд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж бичиж байсан үзэл бодол маань одоо ч хэвээрээ. Эдийн засгийн шинжлэх ухааны зөвлөмж ч огт өөрчлөгдөөгүй. Монгол шиг байгалийн баялагтай, нийгмийн институцүүд нь төлөвшөөгүй, жижигхэн улсын хувьд мажоритар систем л тохиромжтой. Үүнийг би өөрөө зөвлөөд байгаа юм биш, манайхтай адил байгалийн баялгаа өмнө нь ашиглуулсан өчнөөн үндэстнүүд байна, тэдний бидэнд өгч байгаа гашуун туршлага нь шинжлэх ухаанаар батлагдчихаад байгаа нь тэр.

Төрийн соёрхолт яруу найрагч Б. Лхагвасүрэн гуай бас энэ асуудлыг хөндөж. Зөв байна, бид бүгдээрээ ийнхүү эсэргүүцэх ёстой. Дуугүй байгаад байх юм бол Номхон далайн эргээс зүүн Европ хүртэлх нутаг дэвсгэрт байгаа үндсэндээ цорын ганц ардчилсан улс унана.

Диктаторын буюу дарангуйллын систем үнэхээ хүсмээр зүйл биш шүү. Нүдэн балай, чихэн дүлий байлаа гээд та огт аврагдахгүй. Ерөнхийлөгч асантайгаа нэгэн адил би сонсохгүй гээд чихээ дараад, толгойгоо сэгсэрээд ч гэсэн.

Бидэнтэй түүхийн хувьд харьцангуй төстэй Узбекстан улсад сөрөг хүчнийхэн болон эрэн сурвалжлах сэтгүүлчдийг амьдаар нь тогоонд чанаж байгаа. Уг улсад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас томилогдон очсон элчин сайд үүнтэй нь эвлэрэлгүй дэлхий нийтэд дэлгэсэн. Ойрхи дорнод болж байсан дайн, тогтворгүй байдал, түүнтэй холбоотойгоор Америкийн цэрэгийн бааз байх шаардлагатай байсантай холбогдуулан уг мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөнөөр цацаагүй. Элчин сайдыг нутаг руу нь цацсан, гэхдээ тэрээр дуугүй байгаагүй, BBC-ийн нэврүүлэгч, сурвалжлагч нар нийлж ном бичсэн, радио нэвтрүүлгүүд хийсэн.

Эдийн засгийн шинжлэх ухаан тийм ч хоосон эд биш шүү. Тийм бол дор хаяж юундаа ийм олон хүн судлаад байх вэ. Өөрийн гэсэн онол, хуулиудтай, тэднийгээ шалгадаг арга зүйтэй. Зөвлөмжийг нь зөрчвөл гашуун үр дагаварыг нь бид бүгдээрээ хүртэх болно.

4 comments:

  1. Та мажоритар системийн давуу тал, тэр яагаад бидэнд илүү тохирох талаар бичиж өгнө үү?

    ReplyDelete
  2. Энд бичсэн байгаа: http://tsors79.blogspot.kr/2011/12/blog-post.html

    Мөн Англи хэл дээрх ишлэсэн ажлуудыг нь заавал унших ёстой. Амжилт хүсье.

    ReplyDelete
  3. МУИС-ийн багш нарын хаалттай Фейсбүүк групт энэ нийтлэлийн талаар дараах хэлэлцүүлэг өрнөв:

    Багш: Засаглалын асуудал бол их ээдрээтэй бөгөөд нэг сонины нийтлэлээр шийдэгдэх асуудал биш. Харин гадна, дотно нийлсэн экспертүүдийн баг ажиллаж байж тодорхой зөвлөмж гарна. "Улс төрийн гол асуудал бол улс төр өөрөө өөрийгөө засах хэрэгтэй болдогт байдаг (The main problem with politics is that it has to correct itself)" гэсэн яриа бий. Тэгэхээр экспертүүд зайлшгүй хэрэгтэй.

    Би хувьдаа Баабар, Лхагвасүрэн, Жанцанноров гэсэн хүмүүсийн яриаг сонсохоо болисон (болисон дараалал нь энэ дараалал).

    Сонгуулийн хоёр системийн хувьд бол юуг (улс төрийн шийдэмгий байдал? тогтвортой байдал? парламентад төлөөллийг тэгш хувиарлах буюу хөндлөн ардчилал? гэх мэт) тэргүүлэх зэргийн чухал гэж үзэх вэ? гэсэн асуулт байгаа юм.
    Эрдэнэбат: Энэ талаараа өөрийн юу бодож байгааг нийтэд бичээч! Энэ асуултуудын хариулт нь чиний хувьд юм юм бэ, яагаад тэгэж бодож байгаа юм бэ гээд. Надад тун их сонирхолтой байна. :)

    ReplyDelete