Friday, 30 October 2015

Шалгалтан дээр хуулбал, хууран мэхлэвэл 7 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдоно

2015 оны 11-р сарын 1-ээс Хятадад мөрдөгдөж эхлэх хуульд ийнхүү заажээ. Шалгалтандаа өөрийнхөө оронд өөр хүн оруулсан тохиолдолд



хоёул шийтгэгдэх юм байна.

Жил бүр 10 орчим сая хүүхэд хамрагддаг Гаокао хэмээх элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын үеээр зохион байгуулалттай хууран мэхлэлт өргөнөөр явагдах болсонтой холбоотойгоор уг хууль үүссэн бөгөөд энэ нь нийгэм, шалгалт авч байгаа хүмүүс болон хууран мэхлэлгүй шударгаар өрсөлдөхийг хүсэж буй элсэгчид, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах зорилготой ажээ.

Энэхүү хуулиа гэхдээ ЭЕШ-аас гадна бусад бүх шалгалтын үед ч хэрэглэх гэж байгаа мэт ойлгогдож байна.

Ер нь шалгуулж, өрсөлдөж байгаа хүмүүст бүгдэд нь ижил тэгш орчин бүрдүүлэх нь шударга ёс. Солонгост орон даяар нэг өдөр, нэг цагт зохион байгуулдаг ЭЕШ-ын сонсголтой холбоотой шалгалтын үеээр онгоц хөөрөх, буухыг, мөн автомашины хөдөлгөөнийг зогсоодог ажээ.

Бусад улсуудад ч шалгалтын үед хууран мэхлэх нь маш хүнд гэмт хэрэгт тооцогддог. АНУ-ын SAT хэмээх ЭЕШ-нд 2011-2015 онд бусдын өмнөөс ордог байсан 15 хүнийг (хятад) саяхан илрүүлж баривчилсан бөгөөд буруутай нь нотлогдвол тэд 20 жил хүртэлх ял авах ажээ.

Хуулиар бус, харин нийгмийн жишгээр уул нь зохицуулагдаж байх ёстой энэ асуудал одоо чамгүй олон хэлмэгдэгсдийг төрүүлэх нь гарцаагүй ч, хууран мэхлэхэд багаасаа суралцахтай тэмцэх гэсэн цаад санааг нь буруушаахын аргагүй.

Хууль нэг талыг барьсан байж болохгүй учир хуурамч дүн тавьдаг, эсвэл шинжлэх ухаан зааж өгнө гэж эцэг эхчүүд, оюутнуудыг элсүүлсэн атлаа ILOYLO (I leave you alone, you leave me alone=би чамайг зүгээр орхиё, чи намайг зүгээр орхи) хэрэгжүүлдэг багш нар, тэднийг өөгшүүлэгч их сургуулиудтай яагаад тэмцэхгүй байгаа юм гэсэн шаардлага Хятад, Америкийн аль аль нийгэмд улам газар авч байна.

Их Британид оюутнууд шалгалтын материалд нэрээ нууцлах ёстой байдаг бөгөөд эцсийн үнэлгээг нь өөр их сургуулиас ирсэн багш нар үндсэндээ өгдөг. Их сургуулиуд нь хоорондоо энэ талаар хамтран ажилладаг. Энэ нь дүн бодитой байх, шинжлэх ухааны мэдлэгийг сургуулийнх нь багш оюутнууддаа зааж чадсан байна уу гэдгийг ажил олгогч нь хянах, мөн хичээл заасан багшид оюутнуудаас нь болон хамт олноос нь үзүүлж болох зүй бус дарамтаас хамгаалдаг нэг механизм юм.

Монголд энэ асуудал ямар байгаа нь саяхан МУИС-ийн багш нарын Facebook бүлэгт тавигдсан нэгэн уриалгаас харагдана: "Багш нараа, ядаж бие биенээсээ дүн гуйхаа больё. Хүнд ямар ч зовлон, өвчин тохиолдож болно. Гэхдээ багшийн хүүхэд, ач зээ, хамаатан садан гэдгээрээ ямар нэг давуу тал эдэлж болохгүй шүү дээ. Ардын хүүхэд бол хичээлээ ахиад л сонсоод явна. Таньдаг бүхнийг харж үзнэ гэвэл шударгаар дүн авах нэг ч хүн олдохгүй шүү дээ". Үүнийг нь маш олон багш нар дэмжиж, гишүүдийнх нь бүр 10% нь Like даржээ. Өөр нэгэн "... багш маш чухал асуудал гаргаж тавьжээ. Багш нар багш нараасаа хичээлдээ муу дүн авсан оюутны дүнг зүгээр шалгалт шүүлэггүй тавиад өг гэж гуйна гэдэг их ойлгомжгүй. Оюутны дүн гуйгаад явж байгаа багшийг хараад төрдөг сэтгэгдэл: өөрөө хичээлээ яаж ороод, дүнгээ яаж тавьдаг багш бол..., хийж буй ажилдаа хэр их итгэл үнэмшилтэй хүн бэ? гэх мэт гайхсан бодол төрдөг. Оюутанд зүгээр шалгалтгүй дүн тавих юм бол бид ингээд бүхэл бүтэн их сургууль гэсэн нэрийн дор хүмүүст хичээл заагаад, боловсрол олгож байна гээд сууж байх хэрэг байна уу?

Хүн төрөлхтөн өнөөдөр нийтээрээ хөгжлийг авчрагч хэмээн дүгнэж байгаа дээд боловсрол хэмээх технологи зөвхөн механизмууд нь зүй ёсоороо ажиллаж байж л үр шимээ өгдөг. Ийм ч боломжийг нь олгоход Хятад, Америк гээд бусад бүхий л мэдлэгийг хүндэлдэг (болж буй) нийгмүүд чармайж буй бөгөөд, бид ч яаралтай эдгээрийг нь баримтлаж, хэвшүүлэх ёстой. Үгүй бол шинжлэх ухааны нэр л барьсан хүмүүс олширч ард түмний өмнө хүлээсэн үүрэг маань хөсөрдөх болно. МУИС-ийн захиргаа, сургалтын албаныхан үүнийг анхаараасай. Монголдоо эерэг өөрчлөлтийг гардан хийгч нь байгаасай.

No comments:

Post a Comment