Wednesday, 11 November 2015

Янгоны Их Сургууль ба МУИС, Ботсвана ба Монгол


53 сая хүн амтай Мьянмар улсад болсон сонгуульд 2013 онд Монголд зочилсон Ан Сан Су Чигээр удирдуулсан сөрөг хүчин дор хаяж 75%-ийн санал авч ялсан нь тодорхой болж байна.




Энэхүү сонгуулийг зохион байгуулахын тулд нийт парламентын суудлын 25%-ийг одоогоор засгийн эрхийг барьж буй армийнханд автоматаар өгнө гэж тохиролцсон ч ялалтын энэхүү өндөр хувь нь Ардчиллын Төлөөх Үндэсний Холбоонд засгийн газраа дангаараа бүрдүүлэх боломжийг олгож байгаа юм байна.

Ан Сан Сү Чигийн хүүхдүүд нь Английн иргэд тул Үндсэн хуулиараа тэрээр засгийн газрын тэргүүн байх боломжгүй. Сонгуулийн үр дүн түүнд болон түүний Холбоонд хүлээлгэж буй ард түмнийх нь асар их итгэл, хүлээлтийг илэрхийлж байна. Ийм хүлээлт бодит байдал, үр дүнгээсээ зөрөх нь олонтаа. Сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад ч түүнтэй адил үүргийг Өмнөд Африкт гүйцэтгэсэн Десмунд Туту зэрэг хүмүүс, мөн Далай лам түүнийг үндэстний цөөнхийн төлөө эсрэг хангалттай тэмцэхгүй байна хэмээн шүүмжилж буй билээ. Уул нь тэрээр Монголчуудад уншсан лекцдээ "...Хамгийн гол нь эхнээсээ зөв замаар явах ёстой" хэмээсэн байдаг.

Английн колончлолын үед байгуулагдсан Янгоны Их Сургууль дээр үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид нь төвлөрдөг байсан бөгөөд Сү Чигийн эцэг генерал Ан Сан нь уг сургуулийн төгсөгч юм. Англичууд уг бүс нутгаас 1947 онд гарч явахад Янгоны Их Сургууль нь Зүүн Өмнөд Азидаа шилдгүүдийнх нь нэг байсан гэдэг. Газарзүйн байрлал болон түүхийн хувьд харьцангуй төстэй Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куян Ю хүртэл уг сургуульд элсэн суралцахыг хүсдэг байсан хэмээдэг.

Аливаа үндэстнийг дарангуйлах, цөлмөн хоослоход хамгийн их саад болдог зүйл бол өндөр боловсролтой иргэд нь байдаг. Мьянмарын цэргийн засгийн газар 1996 онд Янгоны Их Сургуулийн бакалаврын бүх хөтөлбөрийг хаалгуулж, багш ажилчид болон оюутнуудыг нь хөдөөгөөр тараасан. Янгоны их сургуулийн дэд профессор нэгэн "...сарын цалин маань 250 ам. доллар, би хажуугаар нь хүзүүний зүүлт хийж зарна, бас бага, дунд сургуулийн сурагчдад хичээлийг нь давтуулж амьжиргаагаа залгуулж байгаа. Оюутнууддаа дутуу хичээл заачихаад, дараа нь давтлага маягаар, төлбөртэйгөөр үргэжлүүлж заадаг профессорууд бас бий" хэмээв.

Мьянмар улсад дарангуйлагчид оршин тогтноод байдаг санхүүгийн үндэс нь Монголчуудын хөөрөг хийж хэрэглэх дуртай хашийн асар баян ордууд нь юм. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Хятад руу гаргасан экспортоос Мьянмарын элит давхарга 31 тэрбум ам. доллар завшсан хэмээн олон улсын байгууллагууд тооцоолж байна. Гэвч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, түүнээс улбаатайгаар Хятадынх мөн удааширч, хашийн эрэлт буурч, үнэ нь унаж байгаа нь элит давхаргын дотор, ялангуяа армийнхны доторх фракцуудын хооронд орлогоо булаацалдсан хагарлыг үүсгэсэн бололтой. Ямартаа ч энэ нь Ан Сан Сү Чигийн талынханд орон зай гаргаж өгч байгаа юм байна.

Сингапур Мьянмар хоёр улсын эдийн засгийн амжилт тэнгэр газар хоёр шиг ялгаатай байдгийн нэг үндсэн шалтгаан нь байгалийн баялгийн хараал хэмээх улс төр, эдийн засгийн процессуудыг жолоодож буй зүй тогтол билээ. Испаний Боловсролын яамнаас гаргадаг дэлхийн их дээд сургуулийн чансааны жагсаалтад өнөөдөр Янгоны Их Сургууль 23005-р байрт байна. Харин дулдуйдаад байх, эзэмшлийнх нь төлөө тэмцэлдээд байх байгалийн баялаг байхгүй, байсан ч шавхаад дуусгачихгүй байх боловсролтой иргэдтэй Сингапурын Улсын Их Сургууль нь 89-р байрт байна. Үүнийхээ ачаар 5 сая хүн амтай энэ хот-улс худалдан авах чадварыг нь тооцсон нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд 3-р байр эзлэх болжээ.

Мэдээж байгалийн баялгийн хараалд өртөх эсэхэд удирдагчийн шинж чанар чухал. Жишээ нь, далайд гарцгүй Ботсвана улсаас Англичууд 1966 онд гарч явахад тэнд ердөө л 12 км хар зам, бага дунд боловсролтой 100, их дээд сургуулийн түвшний боловсролтой 20 хүн байсан гэдэг. Эрэгтэйчүүд нь Өмнөд Африкт төмөр зам тавих, уурхайн хар ажилд өргөнөөр оролцсоны улмаас ДОХ-ын вирус тээгчийнхээ тоогоор дэлхийд нэгд ордог байсан. 1968 онд илэрсэн алмазын ордоо хөгжлийн хурдасгуур болгон ашиглах бодлогыг дэмжиж, хамгаалахад эрх мэдэл, эд агуурс, хааны сэнтийгээс харшилтай юм шиг зугтдагаараа гажигтай мэт Сэрэцэ Кама, Квейт Масире хэмээх хоёр удирдагч нь үндсэн үүрэгтэй байсан гэдэг. Өнөөдөр Ботсвана улс 2 сая гаруй хүн амтай, нэг хүнд ногдох орлого нь хэдэн мянган жилийн түүхтэй Монголчуудынхаас 70% өндөр болжээ.

Ан Сан Сү Чигийн цаашид ямар шийдвэрүүд гаргахыг нь дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа ч түүний Янгоны Их Сургуулийг сэргээхэд зарцуулж буй асар их хөдөлмөрийг нь хүндэтгэхгүй байхын аргагүй. Хэдийгээр МУИС Янгоны Их Сургуулиас дээр ч 4116-р байрт байгаа нь бидний байх ёстой газар огтхон ч биш, ялангуяа Ботсванын Их Сургууль 2605-д байхад.

Дэлхийн Банкны хийсэн судалгаагаар Дэлхийн хэмжээний их сургууль 3 хүчин зүйл дээр тогтдог ажээ: 1-рт сайн оюутан, 2-рт сайн судлаач багш, 3-р сайн хангамж. 3-р хүчин зүйл буюу санхүүгийн болон материаллаг хангамж нь эхний 2-ыг нь олж авахад зарцуулагддаг юм байна. Дэлхийн тэргүүлэх улсууд, топ сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ яс үндэс, арьсны өнгө, нас хүйсийг нь үл харгалзан оюутнуудаа шилж сонгохоор тороо хаядгийн шалтгаан нь 1-р хүчин зүйлтэй нь холбоотой. Дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдэн сонгогдсон эрдэмтэд, тэр дунд нь Монголчууд хүртэл очиж багшилдаг нь 2-р хүчин зүйлтэй нь холбоотой. Төр засаг, бизнесийн байгууллагууд, ухамсарт иргэд нь их дээд сургуулиа санхүүгийн хувьд дутаадаггүй нь 3-р хүчин зүйлтэй нь холбоотой. 

Дээрх 3 хүчин зүйлсийг аливаа их дээд сургуулийн жагсаалт гаргахад хэрэглэдэг. Ялангуяа хэр олон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд тухайн сургуулийн төлөө зүтгэж байна вэ гэдэг нь хамгийн чухал үүрэгтэй. Хэрэв Ерөнхийлөгч маань МУИС-д цэвэрлэгчээр насаараа ажилласан эмээгийн талхных нь мөнгөнөөс хумслан босгосон татварын мөнгөөр дэлхийн топ 100 сургуульд элит хэмээгдэх давхаргын хүүхдүүдийг явуулж байхаар тэдгээр сургуульд нь ажиллаж байгаа Монголчуудаа эргүүлэн авч ирж, нутагтаа багшлах боломжоор нь хангасан бол эдийн засгийн хувьд өгөөжтэй, хүртээмжтэйгээр зогсохгүй шударга ёсонд нийцэх байсан билээ. 

No comments:

Post a Comment