Wednesday 4 November 2015

Монголд ирсэн эдийн засагчдын семинарын мэдээллүүд, бас бяцхан эргэцүүлэл

Монголын Эдийн Засгийн Холбооны (МЭЗХ) хурал, семинаруудаас гадна зохион байгуулагддаг үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний эдийн засагчид ирэх нь олонтаа. Энэ нь Монгол улсыг сонирхож буй олон улсын эдийн засгийн сонирхлыг илэрхийлэх бөгөөд уул нь эдгээр нь Монголдоо үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн Холбоотоогой хамтарвал нийгэмдээ улам бүр үр өгөөжтэй байна даа гэж би хувьдаа боддог.



2015 оны 10-р сарын 8-нд Др. Эрик Веркер МУИС дээр ирж маш сонирхолтой лекц уншсан юм байна. Монголын ирээдүйн төлөө санаа тавьж явдаг хүн болгоныг үзэхийг уриалъя, ердөө л 40 хөн минут. Боломжтой нэг нь орчуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан ч огт буруутахгүй. Эдийн засагчийнхаа хувьд тэрээр тун шаггүй юм, бас эдийн засгийн шинжлэх ухааны топ сэтгүүлүүдийн нэг Journal of Political Economy-д бүтээлээ хэвлүүлжээ . 

Түүний ярьж байгаа зүйл нь байгалийн баялгийн (нөөцийн) хараалтай холбоотой бөгөөд би энэ талаар мөн бичиж байсан. Др. Эрик Веркер ирэх жил Монголд ирж МЭЗХ-ны семинарт илтгэл тавихаар болсон.

Тэрээр Монгол улсын ерөнхий сайд асан Сү. Батболдын хүүгийн хамт Харвардын бизнес сургуулийн оюутнуудад зориулсан "Рио Тинто ба Монголд уул уурхай эрхлэх нь: Оюу толгойн нөөц" хэмээх сургалтын материал бичсэн байдаг. Үнэхээр ч түүний лекцийн нэг онцлог нь Монгол улсын эдийн засаг, бизнес, улс төрийн тогтолцоо, тэдгээрийн хоорондын холбооны талаарх нэвт шувт мэдлэг нь байв. Сингапур улсын МедиаКорд ХХК-ын Чаннел Ньюс суваг "Өв залгамжлагчид" цуврал киноныхоо хүрээнд Ерөнхий сайд асны хүүгийн тухай баримтат кино (The Successors S4, Episode 2) хийсэн байдаг.

10-р сарын 30-нд Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын салбарын менежер Харри Патринос Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд "Боловсролын эдийн засаг ба үр өгөөж" сэдэвт лекц уншсан юм байна. Түүний нэг бүтээл саяхан Journal of Development Economics -д хэвлэгдсэн бөгөөд энэхүү сэтгүүл нь хөгжлийн эдийн засгийн салбартаа тэргүүлэгч нь гэдэг. Энэхүү лекц нь МЭЗХ-ны ээлжит семинартай давхацсан учир холбооны семинарт оролцсоны улмаас уг лекцэнд сууж чадаагүй хүмүүст зориулан слайдуудаг нь олж авав (англиар). 

Түүний слайдууд 131 улсыг хамарсан 545 түүвэр судалгаанаас дээд боловсрол нь хамгийн өндөр үр өгөөжтэй (бага болон дунд боловсролтой харьцуулахад) бөгөөд энэ нь эмэгтэй хүний хувьд бодит орлогыг нь 15.7%, эрэгтэйнх нь хувьд 15.2%-аар өсгөж байгааг харуулж байна. Энэ нь зөвхөн хувь хүний орлогоороо хүртэж буй өгөөж. Өндөр боловсролтой иргэдийн нийгэмдээ үзүүлэх эерэг дам нөлөө гэж бас бий. Үнэхээр ч хүмүүн капитал гэдэг бол биет болон санхүүгийн капиталаас ч илүү ач холбогдолтойг эдийн засагчид цохон тэмдэглэх болсон. 

Харин монголын дээд боловсролын өгөөж нь түүнийхээр уншиж бичих, үржиж хуваахыг үндсэндээ сургадаг бага боловсролынхоос ч доогуур байгаа ажээ. Түүний илтгэл Монголчуудад хэлбэр биш агуулгыг хөөгөөч хэмээн зөвлөх ажээ.

Сонирхолтой нь дээрх хоёр лекц хоорондоо холбоотой юм. Байгалийн баялгийн хараал хэмээх үзэгдлийг судалдаг эдийн засагчид уул уурхайд тулгуурласан эдийн засагт боловсролыг бодитоор хөгжүүлэх сонирхол гадны хөрөнгө оруулагчид, худалдааны түнш орнууд, мөн дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдэд аль алинд нь огт байдаггүй зүй тогтлыг олж илрүүлсэн байдаг. Энэ талаар миний өмнө бичсэн нийтлэлээс дэлгэрүүлэн уншиж болно.   

Эдийн засгийн (санхүүгийн) шинжлэх ухаан нөөц, бололцоог хэрхэн оновчтойгоор хуваарилахыг судалдаг. Нэг төрлийн үйл ажиллагааг олон газар давтан хийх нь Монголын нийгэмд цаг хугацаа болон санхүүгийн хувьд гарзтай. Зарим нь бүр хоорондоо давхцаж байгаа нь оролцоог нь багасгаж, үргүй зардал үүсгэж байна.

Монгол улс харьцангуй жижиг, дээрх хурлууд бүгд нэг хотод зохион байгуулагдаж буй атал эдгээр нь мэргэжлийн холбоо, яам, МУИС гээд 3 өөр газар зохион байгуулагдаж байгаа нь харьцангуй цөөхөн эдийн засагчид нь хүртэл дотроо хэр хагаралтай байгааг илэрхийлж байж магагдгүй. Хагарал гэдэг бол бусдын хоол болохын цондон. Уул нь Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй гэдэг. Эвт шаазгай Буга барина. Цувж явсан бараас Цуглаж суусан шаазгай дээр. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй гэж Монголчууд мөн хэлдэг. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...