Monday 9 November 2015

Бас нэг ялагдал гэхдээ бяцхан эргэцүүлэл

Эдийн засгийн шинжлэх ухааны топ 10 сэтгүүлийн нэг хэмээгддэг, 100-аад жилийн түүхтэй Review of Economics and Statistics сэтгүүлийн редакцын зөвлөлөөс захидал иржээ. Уг зөвлөлд Харвардын их сургуулийн Чандра (IDEAS-д бүртэлтэй дэлхийн 45515 эдийн засагчдаас чансаагаараа топ 7%-д орж буй), АгионКхважа (топ 6%), Беркели дахь Калифорнийн их сургуулийн Городченко (682-р байр), Грахам (топ 8%)мөн Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн Хансон (227-р байр) нар ажилласан ажээ. 6 жилийн турш хийсэн судалгааг маань уг сэтгүүлд нийтлэгдэхээр сайн байсангүй гэжээ.



Редакцын зөвлөлийн нэг гишүүн нь цаг гарган албан маягтан дээрээ татгалзсан захиа (rejection letter) бичжээ. Ийм мэдэгдлийг сүүлийн үед топ сэтгүүлүүд имейлээр л өгчихдөг болсон болохоор бага зэрэг гайхав. Мөн уг захиаг бичсэн хүний нэр нь сонирхол татлаа. Гүүглдвээс АНУ-руу гарчихсан Украйн гаралтай залуу юм байна. Намтрыг нь харвал (CV) гайхалтай амжилттай яваа эдийн засагч аж. Сонин тохиолдол мэт, мөн энэхүү ялагдал маань бусдад сургамжтай, мэдээлэлтэй байж магадгүй мэт санагдав.

Сонирхуулахад АНУ-д төрийн өмчит байгууллагад ажиллагсдын цалинг татвар төлөгчдөд нээлттэй байлгадаг. Калифорнийн их сургууль нь мужийн өмчийнх бөгөөд Проф. Хансон жилийн 350 мянга, Проф. Городченко 360 мянган долларын цалинтэй ажээ (нэг өдрийн хөлс нь МУИС-ийн профессорын 2 сарын цалингаас ч илүү гэсэн үг). Харвард мэтийн хувийн сургуулиудын цалин нь үүнээс илүү л байна уу гэхээс дутахгүй бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн цалингаас ч өндөр гэсэн уг юм. Учир нь ерөнхийлөгч нь бүтэн жилийн турш ажиллаж байж 400 мянган доллар авдаг бол их сургуулиудын багш нар нь ердөө 9 сар ажилладаг.

1990-ээд оны эхээр социализм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг задран  унахад "барууны" эдийн засгийн ухааны суурь Украйнд харьцангуй сул, манайд байснаас нэг их ялгаагүй байсан биз. Тэрээр Украйнд эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан Киевийн Эдийн Засгийн Сургуулийн төгсөгч ажээ. Энэхүү сургуулийн авч байсан дотоод, гадаад дэмжлэгүүд нь 2013 онд харамсалтайгаар татан буугдсан МУИС-ийн ЭЗС-д маань олддог байснаас хамаагүй өндөр байжээ. Одоо ч Украйны тэрбумтан Виктор Пинчук гэх мэт хүмүүс, Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банк мэтийн байгууллагууд чамгүй хөрөнгө зарцуулж байгаа юм байна.

Гэхдээ 45 сая хүн амтай Украйн улс өнөөдөр дотроо хагаралдан, өөрөөсөө илүү улсуудын геополитикийн тоглоом болон хувирч, зэвсгийн үйлдвэрүүдийн хамгийн сүүлийн үеийн технологио туршдаг талбар болон хувирч байна. Хүмүүн капиталаа алдсан улсад ийм зүйл тохиолддог юм уу эсвэл үймээн самууны улмаас хүмүүн капитал нь дүрвэдэг юм болов уу гэдэг нь тун сонирхолтой санагдав.

Дээрх няцаагдсан ажлаа, дуурайлган хийх компьютерийн код, тоон мэдээллийнх нь хамт өөрийн веб хуудаснаа тавив. Хэрэв уншигч авхай өөрийгөө сориод үзэх чин хүсэлтэй байгаа бол уг аргачлалыг хэрэглээд эдийн засаг-бизнесийн мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтад буй аль нэгэн сэтгүүл рүү нь явуулаад үзэхийг зөвлөе. Сарын 40 мянган долларын цалинд хүргэх амжилттай карьерын тань эхлэл болох ч юм бил үү :).

Энэхүү цалингийн хэмжээнээс нэг хялбаршуулсан тооцоо хийвэл сонирхолтой санагдав. Монгол улсын эдийн засаг 2015онд бараг өссөнгүй, 2016 онд ердөө л 0,8%-аар өсөхөөр төлөвлөгдөж байгаа аж. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт, хүн амын өсөлтөө хасвал нэг хүнд ногдох өсөлт байхгүй, бүр агшина гэсэн үг. Эдийн засаг маань бүхэлдээ 10 тэрбум орчим доллар, тэгэхээр 0,8% нь гэдэг нь 80 сая орчим доллараар өснө гэсэн үг. Гэхдээ дээрх Украйн залуу шиг 3 Монгол гарч ирээд (заавал эдийн засгийн салбарт биш) бүх цалингаа монгол бараа, үйлчилгээнд зарцуулчихвал 1 сая доллар гэсэн үг. 240 Монгол гараад ирвэл Монгол улсын эдийн засгийн бодит өсөлт 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол улсын эдийн засаг одоохондоо жижиг байгаа нь бидний хувьд давуу тал болж бас болно гэсэн үг.

Жилд МУИС-аас 3500 орчим, Монгол улсын хэмжээнд 40 мянга орчим оюутан төгсөж байна. Хэрэв бид дээд боловсрол хэмээх технологийг хэлбэр төдийхнөөр, амь зогоосон бизнес маягаар бус бодит агуулгаар нь Монголд нэвтрүүлж, залуусаа зохих орчинд нь, зөв хөтөлбөрөөр чиглүүлээд өгвөл дээрх хүмүүсээс дутахааргүй амжилтад хүрч, эдийн засгийн өрсөлдөх чадвар маань ч дээшлэнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

2 comments:

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...