Saturday, 19 December 2015

Ази судлалын институтын хурлаас төрсөн сэтгэгдэл ба Жанет Иеллен

Хоёр жил орчмын өмнөөс АНУ-ын Төв банк бодлогынхоо хүүг өсгөх талаар үг цухуйлгаж эхэлсэн билээ. Гэвч дөнгөж энэ долоо хоногт л ерөнхийлөгч Жанет Иеллен нь уг шийдвэрийг гаргав. Харин дунд болон урт хугацаат хүүний хувиуд нь бодлогын хүүний хувьтай хүлээлтээр дамжин холбогдож байдаг учир тэр үеэс л алгуур өсөж эхэлсэн билээ. АНУ-ын бодлогын буюу богино хугацаат хүүний хувийг ийнхүү хангалттай урьдчилан сануулсны эцэст, маш болгоомжтой (3 жилийн турш үргэлжилнэ) өсгөж буй нь тухайн улсын болон дэлхийн эдийн засаг ямар эмзэг байгааг илтгэж байна.




Уг шийдвэр гарахаас 2 өдрийн өмнө Ази cудлалын институт дээр "Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба бодлогын сорилтуудсэдэвт олон улсын хурлыг БНСУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Азийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч асан, Ази тивийн хамгийн нэр хүндтэй эдийн засагчдийн нэг профессор Ли (Jong-Wha Lee) удирдан зохион байгуулав (тэрээр чансаа тогтоодог IDEAS байгууллад бүртгэлтэй 45796 эдийн засагчдаас 375-р байрт жагсаж байгаа). Хурлын үеэр дээрх шийдвэрийн нөлөө нь Ази тивд ямар байх вэ гэсэн хэлэлцүүлэг чухал байр эзэлж байсан бөгөөд энэ нь АНУ-ын мөнгөний бодлого бусад улсуудад ямар их нөлөөтэй болсныг харуулж байна.



Уг хуралд Бээжингийн их сургуулийн профессор Хуанг (Yiping Huang),  Токиогийн их сургуулийн профессор Мияао (Ryuzo Miyao), Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Жеон (Hyeok Jeong), Солонгосын их сургуулийн профессор Шин (Kwanho Shin), Жавхарал Неругийн их сургуулийн профессор Мехротра (Santosh Mehrotra), Колумбийн их сургуулийн профессор Ито (Takatoshi Ito),  Жорж Мейсоны их сургуулийн профессор Ражан (Ramkishen Rajan) гэх мэт нэр хүндтэй эдийн засагч эрдэмтэд ирж оролцов. 

Проф Хуанг нь Ситигруп (Citigroup) болон Барклейс (Barclays) хэмээх дэлхийн санхүүгийн томоохон институтүүдийн Ази тивийг хариуцсан гүйцэтгэх захирлын алба хашиж байсан, одоо Хятадын Алибаба компаний эзэн Жак Матай хамтран интернет санхүү хэмээх бизнесийн шинэ салбар бий болгохоор ажиллаж байгаа хүн. Энэ нь Хятадад өмч хувьчлал болон барилгын салбарын огцом өсөлтийн дараах гурав дахь том үйл явдал болно хэмээн хөрөнгө оруулагчид хүлээж байна. Миний ойлгодгоор энэ бизнесийн санаа нь ухаалаг гар утас болон компьютер ашиглан интернет рүү хандалт хийсэн бүх мэдээллүүдийг нь ашиглан хэрэглэгчдийн талаарх мэдээллийн сан үүсгэн, түүндээ тулгуурлан зээлийн үнэлгээ хийн онлайнаар зээл олгох оролдлого юм.  

Оролцогчид нь мөн мөнгөний бодлоготой холбоотой практикийн хүмүүс байв. Проф. Ито бол дээрх жагсаалтын 229-р байрт хүрээд байгаа нэр хүндтэй эдийн засагчаас гадна Япон Улсын Төв банкны ерөнхийлөгчид нэр нь дэвшиж байсан, Сангийн яамандаа дэд сайд байсан төрийн хүн. Харин проф. Мияао дөнгөж саяхан Төв банкныхаа бодлогын зөвлөлөөс буугаад байгаа төв банкны хүн байв. Түүний АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч асан проф. Бернанкегийн хамтрагчдын хамт боловсруулсан FAVAR загварын япон хувилбараас гарч ирсэн японы инфляци ирэх жилд 1.8%-д хүрнэ гэсэн таамаглал нь Солонгосын төв банкны дэд ерөнхийлөгч Чой (Woon Guy Choi)-ын ашиглаж буй загвараас гарч ирж буй дээд хязгаар нь 1.65% л байна гэсэн таамаглалаас эрс зөрж байв (япончуудын, ялангуяа ерөнхий сайд Абегийнх нь мөрөөдөл бол 
0% болчихсон инфляциа жилийн ядаж 2% болгох). Хоёр эдийн засагч хоёул өөр өөрсдийн загвартаа тун итгэлтэй байсан учир бооцоо тавьж ялагдсан нь нөгөөгөө нутагтаа урьж, хамгийн сайн ресторандаа хоолоор дайлахаар тохиролцсон нь өөрсдийнхөө хийж буй ажилд тэд ямар их итгэдгийг нь илэрхийлж, надад тун өндөр сэтгэгдэл төрүүлснийг уншигч танаас нуух юун. 

Ер нь өндөр хөгжилтэй улсууд төрийн бодлогоо шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан, тэргүүлэх их сургуулиуд дээрээ боловсруулдаг болж буй. Мэдлэгт суурилсан харьцангуй давуу тал олж авахын тулд бизнесийн байгууллагууд ч гэсэн улам бүр эрдэмтэдтэй нягт хамтран ажиллах болж байна. Нэгэнт уул уурхайн, санхүүгийн салбараараа дамжин хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засаг, санхүүгийн ертөнцөөс асар их хамааралтай болж буй учир бид ч гэсэн энэ чиглэл рүү явах ёстой. Тэгэж байж л бид эдийн засгаа удирдах чадвартай болно.



Эх үүсвэр: NRCC. Монгол банк нэг хэсэг жилийн 8%-ийн инфляцийн зорилготой гэж ярьдаг байсан. Дээрх зураг одоогийн инфляци түүнээс нь эрс доош уначихаад байгааг харуулж байна. Үнэ хэт унахыг инфляцийн эсрэгээр нь дефляци гэдэг бөгөөд тохиргоо нь алдагдвал хоёул өөр өөрийн гэсэн онцлогтой сөрөг үр дагаваруудтай. Инфляцийг аль болох нам дор түвшинд (~3%), хэлбэлзүүлэлгүй байлгах нь өндөр хөгжилтэй улсуудын төв банкны нэг чухал зорилго байдаг. Япон улсын 1990-ээд оноос хойших алдагдсан 20 жил хэмээгдэх он жилүүдэд дефляци хамгийн том асуудал нь байв. Одоогийн ерөнхий сайд Шинзо Абе үүнийг засахаар ажиллаж байгаа. 

Америкчууд магадгүй хамгийн эрт эрдэм шинжилгээ болон үндэснийхээ эдийн засгийн бодлогын байгууллагуудын уялдаа холбоог ахисан түвшинд, системтэйгээр, хувийн сектор болон төрөөс нь дэмжин хөгжүүлж эхэлсэн байх.  Өнөөдөр өндөр хөгжилтэй улсуудын намууд бүгд л эдийн засгийн бодлогын байгууллагуудаа улс төрөөс хараат бус, хамгийн шилдэг мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой хэмээн хоорондоо тогтчихсон, нийгмийн шаардлага нь ч тийм байдаг.  

1920 онд байгуулагдсан хувийн, ашгийн бус Үндэсний эдийн засгийн судалгааны товчоо (National Bureau of Economic Research) бол тэдгээр байгууллагын нэг. Өндөр түвшинд бэтгэгдсэн эдийн засагчдыг зөвхөн судалгааны байгуулагууд бус мөн дээд шийдвэр гаргах түвшинд дор хаяж 1951 оноос ажиллуулж эхэлсэн байдаг. 


1951-1970 онд Төв банкных нь ерөнхийлөгч байсан В. Maртин (William McChesney Martin) хэдийгээр PhD in Economics зэрэг хүртэж чадаагүй ч уг зэргийг авах гэж Колумбийн их сургуульд 6 жилд суралцсан хүн байдаг. Түүнийг халааг 1970-1978 онд авсан хүн нь Колумбийн их сургуулийн профессор Бөрнс (A. Burnsбайсан бөгөөд Рaтгерсд (Rutgers) багшилж байхад нь шавь нь байсан NBER-ын судлаач Милтон Фридманыг АНУ-ын эдийн засгийн түүхийг судлахыг даалгаж бичүүлсэн A Monetary History of the United States, 1867–1960 ном нь өнөөдрийг хүртэл макроэдийн засагчдын ширээний ном байсаар байна. Фридман 1976 оны Нобелын шагнал авсан. 


1979-1987 онд Төв банкных нь ерөнхийлөгч байсан Пол Волкер (Paul A. Volcker) хэдийгээр зөвхөн Харвардаас улс төрийн эдийн засгаар магистрын зэрэг хүртсэн хүн байсан ч түүний эрдэм шинжилгээний ажлыг үнэлэн 18 их сургууль хүндэт доктор цол олгосон байдаг. Төв банкны ерөнхийлөгчийг нь хамгийн удаан хийсэн хүн Др. А. Грийнспан (A. Greenspan) бөгөөд хэдийгээр Бөрнсийн удирдлаган дор Kолумбийн их сургуульд PhD in Economics зэргээ дуусгаж чадаагүй ч Нью Йоркийн их сургуулиас уг зэргийг хүртсэн байдаг.   


Эдийн засгийн хэтийн төлөв муудаад ирсэн 2006 онд проф. Б. Бернанкег (Ben Bernanke) Америкийн Төв банкны ерөнхийлөгчөөр томилсон. Тэрээр эдийн засгийн ухаанд эрдэм шинжилгээний ажлаараа оруулсан хувь нэмрээрээ энэ цаг үеийн шилдэг 30 эдийн засагчдын нэг бөгөөд уг албан тушаалд томилогдохоосоо өмнө бодлогын хүү (богино хугацаат хүү)-ний хувь тун бага байгаа орчинд мөнгөний бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалгаа хийчихээд байсан. 


Түүний халааг жилийн өмнө авсан Др. Жанет Иелен (Janet Yellen)-ийн бүтээлүүдээс (дээрх жагсаалтын 1344-д байна) эдийн засгийн шинжлэх ухааны шилдэг сэтгүүлүүд болох American Economic Review-д 6 удааQuarterly Journal of Economics-д 5 удаа,  Journal of Political Economyд 1 удаа хэвлэгдэж байсан бөгөөд, PhD in Economics зэргээ 1981 оны Нобелын шагналт Жамес Тобин (James Tobin), мөн шагналын 2001 оны эзэн Жозеф Стиглиц (Joseph Stiglitz) нарын удирдлаган дор хүртсэн. Түүний нөхөр Жорж Акерлоф (George AkerlofНобелын шагналыг Стиглицтэй хамт хүртсэн.  

Дээрх жишээнүүдийг Монголд болон гадаадад ажиллаж буй PhD in Economics зэрэгтэй хүмүүсийг мөн өндөр албан тушаалуудад томилох ёстой гэдэг утгаар огт дурдсангүй. Тийм хүмүүс сурсан мэдлэгээ зөвхөн улс төрийн, захиргааны эсвэл хувийн бизнест ашиглавал тэр нь Монгол үндэстний хувьд үнэхээр харамсалтай гарз байх болно. 

Эдийн засагчид аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг үндсэнд нь хувийн (private) болон нийтийн (public) гэж хоёр ангилдаг. Дэлхийн хэмжээний мэдлэг бол Монголын хувьд нийтийн бараа. Үр шимийг нь олон нийт хүртэх ёстой. Өндөр боловсролтой мэргэжилтнүүд маань аль болох олон Монгол залуусд сурсан мэдсэнээ аль болох богино хугацаанд хуваалцанМонголын эдийн засаг яаж ажилладаг юм, тэр нь дэлхийнхтэй хэрхэн холбогддогэдийн засгийн өндөр бөгөөд тогтвортой өсөлтийг хангахын тулд хэрхэх холбогдох ёстой юм бэ гэдэг талаар судалгаа хийж, бодлогын зөвлөмжүүд гаргадаг болох ёстой.

Ийм түвшинд очтолоо бид бараг 10 гаруй жил болно, тэгэхээр бид уул нь эртхэн эхлэх хэрэгтэй.  

No comments:

Post a Comment