Thursday, 25 August 2016

Сөүл-Улаанбаатарын нислэг


МИАТ-ын үдийн хоол (будаатай хуурга, талхнаас гадна)
Агаарын тээврийн компаниуд зардлаа хэмнэж байгаа үед МИАТ пиво, улаан,  цагаан дарсаар хязгааргүй үйлчилж буй нь гадны хэрэглэгчдэд  өндөр сэтгэгдэл турүүлж буй нь гарцаагүй. Монголчууд ч таашааж буй нь илт.

Гэхдээ МИАТ дээр очоод бүтээгдэхүүнээ сурталчилчих СҮҮ, МСS, АПУ, Спирт бал бурамын борлуулалтын менежер байхгүй байгаа юм байх даа гэсэн харамсал төрөв. Варстейнэрийн гэр бүлийн пиво, солонгос тараг, бельги цөцгийн тос, америк соус, малайз сүүний оронт Монгол хүнийг ажлын байраар хангадаг монгол бизнесүүдийн бүтээгдэхүүн хэрэглэсэн бол бүр их тааламжтай байх нь тодорхой.

МИАТ-д бүтээгдэхүүнээ нийлүүлж чадвал монгол үйлдвэрлэгчдэд үнэхээр ашигтай, мөн гадаадын хэрэглэгчдэд танигдах тун сайхан боломж билээ. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний ард монгол ажилчид, тэдний цалин орлогоор тэтгэгдэх гэр бүл, үр хүүхэд бий. Цашилбал татварын орлого, төсвийн байгууллагуудын санхүүжилт, Монгол улсын эдийн засгийн өсөлт бий. Монголоо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн үүнийг ойлгох байх.

Харамсалтай нь энэ зургаас бид энэхүү сайхан боломжоо салхинд хийсгэж буйгаа харж болно. Олон хүмүүс үүнийг ажлаа хийхгүй байгаа борлуулалтын менежерүүдтэй бус, шахааны бизнестэй холбох ажээ. 

Яагаад ийм болчихов гэдгийг нь тус онгоцонд тарааж байсан Засгийн Газрын Мэдээ сонины дараах мэдээнээс ойлгож болохоор юм уу даа гэж санагдсан. Уг мэдээнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 79 компаний удирдлагуудын цалин сарын 5-аас 30 сая болон түүнээс дээш төгрөг байгаа тухай дурджээ.
Засгийн Газрын Мэдээ, 2016.06.18. 2-р нүүр


Мэдээж Монгол улсад нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мянган төгрөг байгаа энэ үед эдгээр албан тушаалын төлөөх үнийн болон үнийн бус өрсөлдөөн ширүүн байх нь гарцаагүй.  Иймдээ ч олдсон хугацаандаа аль болох хурдан зардлаа нөхөж, бүр хэд нугалж эргүүлэн авахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс олширч, харин хөгжил, дэвшлийг хүсэмжлэн тэмүүлэх хүмүүс тэгэхээр ховордож буй бололтой.

Энэхүү сэтгэгдлээ фейсбүүк дээр бичтэл нэг найз тэгээд яаж МИАТ-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх вэ гэж асуужээ. Бизнес хийж байгаа хүн надаас сайн мэдэх байлгүй дээ. Гэхдээ нэгэн асуусан юм чинь хариулахыг оролдохоор шийдэв. 

Энэ асуудал нь богино хугацаагаар ажиллаж буй компаний гүйцэтгэх удирдлага болон урт хугацаат хувьцаа эзэмшигчдийн хоорондох сонирхлын зөрчилтэй үндсэндээ холбоотой. 
Энд дор хаяж гурван шийдэл байна. 

Хувийн компани өөртөө ашигтай сонголт хийж чадахгүй байгаа үед эзэнд нь тэр мэдээллийг нь өгөхөд л болоо. Хувьцаат компаний хувьд гүйцэтгэх захирал нь үүнийг ойлгохгүй  бол төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдэд нь “ховлодог”. Харин төрийн өмчийн хувьцаат компаний хувьд эцсийн эзэмшигчид нь сонгон гаргасан төрөөрөө дамжуулан удирдах эрхээ эдэлж буй ард түмэн.

Тэгэхээр ийм зүйлийг буруу гэдгийг нь хүмүүст түгээж ойлгуулах тун чухал (жишээ нь facebook-ийн cool image-д чинь сөргөөр нөлөөлөхгүй бол ийм төрлийн мэдээллийг бусдад түгээж болно :) ). Интернетээр олон төрлийн аян зохиогддог. Эдийн засгийн хямралтай тэмцэх Монгол хэрэглээний аян байж болно. Тэгвэл ард түмний төлөө зүтгэнэ гэж амлаж гарч ирээд буй Их Хурлын гишүүд тоож анхаарч магад. 

Гэхдээ чанаргүй, үнэтэй бүтээгдэхүүнээ Монгол гэж шахах бус шударгаар өрсөлдөх боломж олж авах тухай л би ярьж байгаа билээ.

Өөр нэг шахалт өрсөлдөгчдөөс гарч болно. Тэгэхээр МИАТ-ад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд магадгүй түүний өрсөлдөгчдөд бүтээгдэхүүнээ санал болгож болох юм. Шахааны бизнес Монголоос гадуур тийм ч түгээмэл биш, чанар, үнэ, найдвартай байдлаар л өрсөлдүүлж хэрэглэх бүтээгдэхүүнээ сонгодог. Жишээ нь би Кореан Айр, МИАТ хоёрын нислэгээс Монголынхыг шууд сонгодог. Гэхдээ Кореан Айр бид дандаа Монгол бүтээгдэхүүнээр үйлчилдэг гэж рекламдвал МИАТ дагахаас өөр аргагүй болж болно.

Гэхдээ яагаад бид анхнаасаа ийм марзан байдалд орчихсоноо эргэцүүлэн залруулбал бүр сайн. Миний бодлоор энэ нь Сөүл-Улаанбаатарын нислэгийн бизнест Кореан Айр, МИАТ хоёр монополь тогтоосонтой холбоотой байх.

МИАТ төрийн өмч хэвээрээ байхыг дэмждэг хүмүүс байдаг бол үүний эдийн засгийн үндэслэл нь МИАТ зөвхөн цэвэр ашгийн хойноос хөөцөлдөх бус, Монгол бүтээгдэхүүнүүдийг дэлхийд танилцуулж, сурталчилдаг, манай нийт эдийн засагт өргөн цар хүрээтэй дэмжлэг болдог, Made in Mongolia гэсэн үнэ цэнийн гинжин хэлхээн нэг хэсэг байж чаддаг байх гэсэн нөхцөл билээ. Одоогоор цэвэр ашиг ч байхгүй, Made in Mongolia бол бүр ч алга. 

No comments:

Post a Comment