Sunday, 27 November 2016

Монгол улсын бизнесийн мөчлөг: 2016-р оны 3-р улиралд

Монгол улсын бодит Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх жилийн өдий үетэйгээ харьцуулахад 1.6%-аар агшив.  Энэ нийтлэлээр уг агшилтыг ДНБ-ий 2000 оноос хойших үйл хөдлөлтэй нь харьцуулвал ямархуу байдалтай байна, цаашдын тэлэлт, агшилтын талаар оновчтой таамаглахад ямар зүйл хийгдэх ёстой талаар өөрийн бодлоо уншигч та бүхэнтэй хуваалцахыг зорив.


ДНБ-ийн үйл хөдлөлийг улирлын мөчлөг, бизнесийн мөчлөг гэж хоёр үл хамаарах хэсэгт хувааж үзье. Улирлын мөчлөг нь цаг агаарын хүчин зүйлсээс эхтэй бөгөөд эдийн засгийн бодлого нөлөөлөхгүй. Харин бизнесийн мөчлөг нь эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс явуулж буй эдийн засгийн бодлогыг илтгэнэ.
Зураг 1. ДНБ-ийн өсөлтийн задаргаа
Зураг 1-ийн а) дэд хэсэгт манай ДНБ-ий өсөлт 2000 оны 2-р улирлаас 2016 оны 3-р улирал хүртэл, харин бусад дэд хэсгүүдэд түүний бүрэлдэхүүнүүдийг нь харуулж байна (Задаргааг Эрдэнэбат et al. (2014)-ын аргачлалын дагуу хийв). Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь голч (c), улирлын хэлбэлзэл (d) мөн а)-аас c),d), e)-г хассан хэсэг буюу бизнесийн мөчлөг юм (e хэсэгт ер бүсийн үзэгдэл, харин сүүлийн хэсэгт нь бизнесийн мөчлөгийн автокорреляц бий. Бизнесийн мөчлөгт улирлын нөлөө байх ёсгүй учир 4, 8 гэсэн улирлын давтамж ууд дээр өндөр автокорреляц байх ёсгүй)

Монгол улсын ДНБ-ий өсөлтийн дийлэнх хувийг улирлын хэлбэлзэл эзэлдгийг зургийн а болон d дэд хэсгүүдээс харж болно. Нийт хувьсалтын маань маш өндөр буюу 97% гаруйг улирлын хэлбэлзэл тайлбарладаг (харьцангуй төрөлжсөн эдийн засгуудад энэ нь харьцангуй бага, тухайлбал АНУ-д энэ нь 56.7%, Их Британид 68.3%  байдаг). 1-р улиралд эдийн засаг 40 гаруй хувиар агшдаг бол түүнтэй дүйцэх хэмжээний өсөлтийг 2-р улиралд нөхөж олдог, 3,4-р улиралд  харьцангуй тогтвортой байдаг онцлогтой. Эрдэнэбат et al. (2016)-ын арга зүйг ашиглавал улирлын хэлбэлзэл 2010 оны 4-р улиралд өөрчлөгдсөн гэсэн дүгнэлт гарч буй бөгөөд (95%-ийн итгэлийн интервал нь 2009У3- 2012У1). d) хэсэгт уг өөрчлөлтийн өмнө (цэнхэр зураас 95%-ийн тасалдсан зураасаарх итгэлийн интервал) улирлын хэлбэлзэл илүү хүчтэй байсан болохыг харуулж байна. 
Зураг 2. 2012 оны төгрөгөөр бодит ДНБ болон чиг хандлага нь
Эдийн засгийн уналт (recession) гэж 2 болон түүнээс тээш улирлын турш ДНБ тасралтгүй буурахыг хэлдэг. Тэгвэл улирлын нөлөөг нь зайлуулсны дараах 2016 оны 3-р улирлын ДНБ нь даруй 4 дахь улирилдаа үргэлжлэн унаж байгаа нь, мөн ДНБ  маань 2014 оны 3-р улирлынхаас ч бага байгаа нь энэ удаагын уналт 2000 оноос хойш хамгийн удаан үргэлжилж байгаа, хамгийн том уналт болж байна гэсэн үг юм (2008 оны 4-р улирлаас эхэлсэн уналт 3 улирал үргэлжилсэн).  

Зураг 2-т улирлын хэлбэлзлийг нь зайлуулсан ДНБ-ийг (цэнхэр тасралтгүй зураас) урт хугацааны чиг хандлагынх нь (Ходрик-Прескотын шүүлтүүр, параметр нь 14400) хамт дүрслэн харуулж байна . 2008-2009 оны уналт, түүнээс хойших огцом өсөлт,   2014 оноос хойших удааширсан чиг хандлагыг эндээс харж болно.
Зураг 3. Монгол улсын бизнесийн мөчлөг
Зураг 3-т урт хугацааны чиг хандлага болон богино хугацааны хэлбэлзлийг нь зайлуулсны дараах ДНБ буюу Монгол улсын бизнесийн мөчлөгийг харуулж байна. Брай-Бошаны (1971) мөчлөгийн эргэлтийн цэгийг тодорхойлох алгоритмын үр дүн улаан тасалдсан босоо зураасуудаар тэмдэглэв. Эерэгүүд нь өрнөлийн оргилийн цэгүүдийг, харин сөргүүд нь уналтын ёроолууд юм. 2000 оноос хойш 5 өрнөлийн оргил, 5 уналтын ёроол байсан бөгөөд энэ удаагийн уналт одоогоор ёроолдоо хүрсэн гэсэн мэдээлэл алга байна.
Зураг 4А. Орцууд, чин хандлагууд
Ёроолдоо хүрнэ гэдэг бол эдийн засгийн өрнөл эхэлнэ гэсэн үг. Тэр нь тэгэхээр хэзээ вэ?  Бизнесийн мөчлөгийн эргэлтийн цэгийг урьдчилан тандах чадвартай байж болох 51 хувьсагчийг авч үзэв (дэлгэрэнгүйг Эрдэнэбат 2012-оос үз).  Тэдний улирлын хэлбэлзлийг нь зайлуулсны дараах утга болон урт хугацааны чиг хандлагыг нь Зураг 4-т харуулж байна.

Зураг 4Б. Орцууд, чин хандлагууд
Бизнесийн мөчлөгийн өмнөх 10 эргэлтийн цэгүүдээс өөрсдийнх нь эргэлтийн цэгүүд нь үргэлж 2-8 сарын өмнө болдог хувьсагчдыг илрүүлж чадвал тэдний үйл хөдлөлөөс эдийн засгийн хэтийн төлөвийг харах боломжтой. Харамсалтай нь авч үзсэн цуваануудаас  ганц ч хувьсагч энэ шаардлагыг хангасанагүй. Нийт эргэлтийн хагасыг нь түрүүлэх чадвартай цуваанууд ч олдсонгүй.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед бодит мэдээлэл юунаас чухал. Сангийн яаманд 2012 онд анх нэвтрүүлсэн Нэгдсэн Түрүүлэгч Индикаторт (НТИ) орж байсан 51 хувьсагч өнөөдөр Монгол улсын бизнесийн мөчлөгийн хэтийн төлөвийн талаарх мэдээлэл өгч чадахаа больсон харагдаж байна. НТИ-ын систем нь бүрэн автоматчилагдсан бөгөөд хэдэн хувьсагч орц болгон оруулснаас үл хамааран тооцоолол маш богино хугацаанд хийгддэг. Иймд тооцоололд оруулах мэдээллийн баазыг нь яаралтай өргөтгөж, энэхүү системийг дараагийн түвшинд гаргах шаардлагатай байна. Энд Үндэсний Статистикийн Хорооны оролцоог нэмэгдүүлэх юм бол энэ нь хэдэн зуу, хэдэн мянган хувьсагч-орцоор баяжих боломжтой. Ингэснээр бид бизнесийн мөчлөгийнхөө хэтийн төлөвийн талаар илүү бодитой мэдээлэлтэй болох болно. 

2 comments:

  1. Сайн байна уу? ДНБ-ий бүрэлдэхүүн хэсгийн задаргааг хэрхэн хийх вэ? Заасан линк нь хоосон байна..

    ReplyDelete
  2. Сайн сайн байна уу? Одоо бол ажиллаж байна

    ReplyDelete