Saturday, 20 January 2018

Араатан (predatory) хэвлэлийн компани гэж юу вэ?

Өчигдөрийн Өдрийн сонинд "Миний номын мэдлэг дэлхийн шинжлэх ухааны түвшинд хүрсэн" гарчигтай, Монгол улсын төрийн шагналт, гавъяат эмч, доктор, профессор хүний ярилцлага гарчээ. Хэвлэлийн Lambert хэвлэлийн компаниас түүний гурав дахь номыг хэвлэсэнтэй уг ярилцлага, гарчиг холбоотой ажээ. Энэхүү нийтлэлээр гадаадын хэвлэлийн компани бүхэн дэлхийд нэр хүндтэй гэсэн үг биш гэдгийг анхааруулахыг зорилоо.

Барууны их дээд сургуульд магистраас дээш зэрэгтэй төгссөн хүмүүсд LambertVDM Verlag Dr. Müller гэх мэт хэвлэлийн компаниудаас дипломын ажлыг нь ном болгож хэвлэж өгөхийг санал болгох нь тун түгээмэл бөгөөд сүүлийн үед бакалаврын ажлыг ч тийнхүү хэвлэх болжээ. Тэгэхээр ийм хэвлэлийн компаниас хэвлүүлсэн номууд нь Wiley, Springer, OUP, MIT Press гэх мэт уламжлалт компаниудын хэвлэсэн номтой харьцуулахад нэр хүндийн хувьд тун доогуур юм. 

Lambert, VDM Verlag гэх мэт компаниуд нь print-on-demand буюу ганц ширхэгээр нь ч номыг хэвлэж болдог шинэ технологи дээр тулгуурладаг бөгөөд ямар ч зардалгүйгээр зохиогчийн номыг нь хэвлэснийхөө хариуд зохиогчийн эрхийг нь бүрэн шилжүүлж авдаг. Amazon.com гэх мэт онлайн хуудсаар рекламдаж, захиалга авсан даруйдаа шаардагдах хэмжээгээр нь хэвлэж хэрэглэгч рүү илгээдэг. Зохиогчийг өөрийг нь тодорхой хувийг "хямдралтай" үнээр худалдан авахыг тулгадаг тохиолдлууд ч гарч байна.

Энэхүү бизнес загвар ашигтай байхын тулд аль болох олон ном зах зээлд санал болгох ёстой бөгөөд энэ нь уламжлалт хэвлэлийн компаниудын гүйцэтгэдэг хөндлөнгийн шүүлт, редакторлож,  алдаа мадагийг нь шалгах гэх мэт алхмуудыг алгасна гэсэн үг юм. Цэвэр ашиг хөөсөн, зохиогчийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн үйл ажиллагаа явуулдагтай  холбоотойгоор ийм төрлийн хэвлэлийн компаниудыг араатан (predatory) хэмээх болжээ.  Харамсалтай нь эдгээр компаний эзэмшилд байгаа номын тоо нь өдгөө уламжлалт компаниудынхаас ч даван гарчээ.

Оюуны бүтээлээ хэрхэн олон нийтийн хүртээл болгох нь мэдээж хувь хүний өөрийнх сонголт. Буурай болон хөгжиж байгаа улсуудад хүртэл эрдмийн ажлаа хэвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох шаардлага улам нэмэгдэж байгаа.  Гэхдээ ийм хялбар аргаар хэвлүүлэх нь яваандаа тун сөрөг нөлөөтэй. Энэ нь таны эрдмийн карьер, нэр хүндэд эерэгээр нөлөөлөхгүй, мөн ном болгосон судалгааны ажил дээрээ тулгуурлан цаашид өөр ном, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх боломж тань зохиогчийн эрхийн маргаанаас болоод төвөгтэй болно.

Хэрэв бүтээлээ олон нийтийн хүртээл болгох нь таны зорилго бол нийгмийн ухааны салбарынхан https://www.ssrn.com, эдийн засгийн салбарынхан https://mpra.ub.uni-muenchen.de гэх мэт порталуудыг ашиглаж болно. Эдгээр нь зохиогчиддоо ч, хэрэглэгчиддээ ч үнэгүй, түгээмэл ашиглагддаг эх үүсвэрүүд болно.

No comments:

Post a Comment