Wednesday, 20 January 2016

Бензиний үнэ, 5%-ийн зээл, төгрөгөө аль болох хурдан доллар болгохыг сурталчилсан гар утасны мессеж

Facebook-ийн найзуудтайгаа Монголын эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлуудаар санал бодлоо солилцсон маань бусдад бас сонирхолтой байж магадгүй гэж бодов. 


Адам Смит хэмээх шотланд философичийг эдийн засгийн шинжлэх ухааны эцэг хэмээдэг. Капиталист тогтолцооны эцэг гэх нь ч бас бий. Карл Маркс-ын ажлуудад ч тэрээр маш их нөлөөлсөн байдаг учир социализмын эцэг ч гэж хэлж болох талтай.

Түүний санаануудыг би энд ашиглав. Бүх зүйл дээр түүний зөв байгаагүй нь мэдээж. Эдийн засагчид 300 гаруй жилийн турш түүний номуудыг уншихдаа эд зүйлсийн үнэ цэнийн талаарх гэх мэт зарим санаа нь алдаатай байна гэдэг дээр санал нийлдэг болсон. Гэхдээ Монголд өнөөдөр үүсчихээд байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хүчний харьцаануудын үед түүний төр-бизнесийн хоорондын харилцааны талаар юу гэж бичиж байсныг нь эргэн санавал зохистой мэт санагдав. Тэрээр ийнхүү бичжээ: 

“People of the same trade seldom meet together, even for merriment and diversion, but the conversation ends in a conspiracy against the public, or in some contrivance to raise prices...But though the law cannot hinder people of the same trade from sometimes assembling together, it ought to do nothing to facilitate such assemblies, much less to render them necessary.” 

Чадан ядан орчуулваас: "Ямарваа нэгэн салбарын хүмүүс зүгээр л баярлаж цэнгэх, ажлаасаа сатаарах гэж уулзахдаа хүртэл яриа нь олон нийтийн эсрэг хуйвалдах, үнээ өсгөх ямар нэгэн ажиллагааны талаар болж дуусдаг... Хэдийгээр нэг салбарын хүмүүсийг цугларч, нэгдэхийг нь хуулиар болиулж чадахгүй ч гэсэн хууль өөрөө тийм нэгдлийн хамсаатан нь болж, тийм уулзалтууд шаардлагатай болоход хүргэж болохгүй."
Үндэстнүүдийн баялаг. 1-р боть, X бүлэг, 82-р параграф.

To widen the market and to narrow the competition, is always the interest of the dealers... The interest of [businessmen] is always in some respects different from, and even opposite to, that of the public ... The proposal of any new law or regulation of commerce which comes from this order ... ought never to be adopted, till after having been long and carefully examined ... with the most suspicious attention. It comes from an order of men ... who have generally an interest to deceive and even oppress the public.”

Орчуулвал: "Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг боомилохыг бизнесийн хүмүүс байнга л  хүсэж байдаг... [Бизнесийн] хүмүүсийн сонирхол нь үргэлж л ямар нэгэн байдлаар ард түмнийхээс өөр бөгөөд, бүр эсрэг байх нь бий. Эдийн засагтай холбоотой ямарваа нэгэн шинэ хууль, зохицуулалтыг эдгээр хүмүүс санаачилвал... түүнийг нь маш сайн, няхуур шалгатлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй... тун ихээр сэжиглэх хэрэгтэй. Ер нь ард түмнийг хууран мэхлэх, бүр дарангуйлах сонирхолтой тийм төрлийн хүмүүсээс эдгээр нь гарч ирж байгаа учир. " 
Үндэстнүүдийн баялаг. 1-р боть, XI бүлэг, Бүлгийн дүгнэлт, 10-р параграф.


Найз 1Газрын тосны үнэ буураад байхын, манайд бензины үнэ.....

ЭрдэнэбатГазрын тосны үнэ баррел нь 30 ам. доллараас доош унаж байна. Хамгийн сүүлд ийм хямдхан байсан нь 2004 он. Сүүлийн 15 сард л гэхэд 70% хямдарлаа, цаашид ч унаж магадгүй.
2004 онд Монголд А-92 литр нь 500 төгрөг байж (EXCEL файлд бий). 2004 оноос хойш маш их юм өөрчлөгдсөн, жишээ нь тэр үед доллар 1200 орчим төгрөг байсан.
Гэхдээ колонкын үнэ буухгүй байгаад нөлөөлж буй, хамгийн их санаа зовох ёстой өөрчлөлт нь монополиуд асар их хүчтэй болсон, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хаалтын гэрээ болон сошиал медиагаарх PR-ийн үйлчилгээ дэлгэрсэн, монополиудыг хянах ёстой төр засгийн болон хэрэглэгчдийн төлөөх байгууллагуудын институцийн чадавхи сулар(уул)сан нь байх.

Түлш, шатахуун нь үйлдвэрлэлийн нэг чухал хүчин зүйл. Эдийн засгийн хүндрэлийн үед шатахууны үнэ хямдарснаар бизнесийн зардлыг бууруулж ашгийг нэмэгдүүлж, эргээд эдийн засагтаа сэргэх боломж олгодог автомат тогтворжуулагчдынх нь нэг. Энэ механизмыг ажиллуулахгүй байлгах сонирхол нь Монголд ялж байгаа.



Найз 1Хямрал болж байна тиймээс л иптотекийн хүүг бууруулна гэж байхаар энэ бензины үнийн маржинаас ашиг хийгээд байгаа дээрээ анхаараасай.




ЭрдэнэбатХарин л дээ, миний бичвэр уул нь ерөнхий зүй тогтлын тухай байв. Ашгийн тухай бол тооцоо хийх хэрэгтэй байх. Дээрх EXCEL файл дээрх тоон мэдээлэл 2013 оны 3-р сар хүртэл байна. Сунгаад үзвэл литрээс хэдэн төгрөгийн ашиг хийж байгааг нь гаргаж болно. 



Орон сууцны зээлийн хувьд бол зөвхөн орон сууцных гэлгүй нийт зээлийн хүүний түвшинг буулгах арга хэмжээ авах ёстой. Зөвхөн эхнийхийг нь онцолж буулгавал эдийн засагт дэмжлэг болохоосоо, улам бүр гажуудлыг нь нэмэгдүүлнэ гэдэгтэй чинь санал нийлж байна. Аливаа ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн (энэ тохиолдолд зээлийн) үнүүд зөрөөтэй байгаа тохиолдолд арбитраж явагдах нь зүйн хэрэг. Тэр арбитраж нь хууль зөрчиж хийгдвэл, бас институцүүдийн чадавхийг муутгавал маш их аюултай. Жишээ нь 8%-ийн орон сууцны зээл аваад 15%-аар банканд хадгалууллаа гээд Монголын эдийн засаг сэргэхгүй нь тодорхой. Харин ч зөрүү нь өөр газраас гарч төлөгдөнө. Тэр нь эдийн засгийн хувьд илүү өгөөжтэйгээр ашиглагдах боломж (ийм дахин хуваарилалт хийхийн оронд мөнгийг нь татвар төлөгчдөд өөрсдөд нь үлдээж болно) байвал аюултай. 



Цаашилбал яагаад бизнес хийхийг хүссэн хүн 20 гаран хувьтай зээл авч байхад орон сууц авахад 5%-тай зээл авах боломжтой байх ёстой нь одоохондоо ойлгомжгүй байна. Учир нь эхнийх нь эдийн засагт (магадгүй нийгэмд бас) илүү өгөөжтэй. Ажилтай, орлоготой байж л иргэдэд орон сууц авах нөхцөл бүрдэнэ үү гэхээс орон сууц худалдаад авчихлаа гээд ажилтай, орлоготой болчих нь юу л бол. 

Гэхдээ үл хөдлөхийн үнэ унавал орон сууцны зээл авсан иргэдийн барьцаа хөрөнгө хамгийн түрүүнд замхран алга болох аюул байгаа (уул нь энэ хөтөлбөр эхлэхэд л энэ шалтгаанаар болиоч гэж анхааруулж байв). Үнэ 10% унавал, зээлдэгч 10%-ийн барьцаагаа 100% алдана (санхүүд үүнийг хөшүүрэгтэй худалдан авалт гэдэг). 

Мэдээж 5% богино хугацааны шийдэл болж магадгүй, мөн өнөөгийн нөхцөл байдал ийм онцгой арга хэмжээ авахыг шаардсан, үл хөдлөх хөрөнгийн үнийг алгуур газардуулах арга хэмжээ байж ч магадгүй (энэ талаар нарийн ширийн мэдээлэл нь надад алга). Одоо үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл үнэхээр завсрын шинжтэй, богино хугацааных бол эдийн засгийг дэмжих хөтөлбөр байж болно.

Гэхдээ бид аль 2012 оноос л ийм богино хугацааны арга хэмжээ авсаар ирлээ. Эдгээр хөтөлбөрүүд нь асар өндөр өртөгтэй, дийлэнх нь зээлээр санхүүжигдсэн. Хэрэв асуудал байнгын шинжтэй, урт хугацааных бол эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч дахин баланслагдах боломжийг нь олгох ёстой.

Ямар ч тохиолдолд Монголбанкны удирдлага эдийн засагчидтайгаа улам бүр ойр ажиллаж, олон нийтэд илүү ил тод, дэлгэрэнгүй үндэслэл гаргаж өгөх, илүү бодитой, удаан хугацааны, ул суурьтай гарц хайх ёстой мэт санагдаж байна. Тодорхой бус байдал хэнд ч тус болохгүй нь мэдээж.

Найз 1Ипотекийн хүүг бууруулах гээд байгаа нь харин тэр механизм ажиллуулахгүй байлгах сонирхолтой агаар нэг юмуу гэж л ойлгоод байна л даа.

Эрдэнэбат
Лоббичид, сонирхлын бүлгүүд биднийг буланд шахаж байгаа нь үнэн. Монголын эдийн засаг хөл дээрээ зогсоход туслах маш олон механизмыг хүчээр боомилж байгаа мэт харагддаг. Жишээ нь боловсролын салбар. Миний мэдэхээр МУИС-ийн ЭЗС-ийг татан буулгасан нь, бага дунд боловсролын хүртээмж, чанар гэх мэт. 


Хэрэв би монголчуудын эсрэг төсөлд ажиллаж байсан бол зөвлөх бүх арга хэмжээнүүдийг бүгдийг хэрэгжүүлж байна. Төслийн менежмент сайн хийгдэж байна гэж дүгнэнэ.


Найз 1Цаашид байдал хэвэндээ байвал эрэлт нь угаасаа буурч байгаа болохоор үнэ буурах биз. Гэхдээ бензины үнэ зохицуулалтгүй байсансан бол өдийд хямралын үед илүү хурдан буурах байсан болов уу. Зах зээлийг өөрөөр нь орхихын ач тус нь хямралаас хурдан гарах явдал байх л даа.


ЭрдэнэбатБуухгүй байж ч бас болно. Учир нь төрийн оролцоо үнийг уян хатан биш хөшүүн, царцанги болгож байна. Газрын тосны үнийн жижиглэнгийн үнэд үзүүлдэг нөлөө нь тэгш хэмт биш (ассиметрик). Жишээ нь түүхий эдийн үнэ өсөхөд импортлогчид бензиний үнийг тэр даруйд нь өсгөдөг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үнийг нь өсгөхгүйн тулд татаас, хямд доллар өгч байсан. Нийт татвар төлөгчид зардлыг нь төлнө, эсвэл засгийн газар, Монголбанк өр тавьж төлнө. Автомашингүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд, эсвэл хэмнэлттэй жолоо барьдаг хүмүүст тун шударга бус. Мөн татаасын харьцаа дизель, бензиний төрлүүдээр ондоо тогтоно, хэн хүчтэй лоббитой нь өндөр татаас авна. 

Харин түүхий эдийн үнэ буурахад тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд яах ёстой вэ? Махны үнэ хэт хурдан унаж байна. Өвөл болоход хөтөлбөрийн хүрээнд засагт малаа зарчихаж болох юм байна гэж найдаж байсан малчин бол хэцүү байдалд байна, хөдөөгөөр амьд хонь 20-30 мянган төгрөг байна гэж сонсогдсон. 

Бензин, дизелийн үнийг буулгахгүй бариад, зөрүүг нь хувьдаа авах, сонгуулийн компанит ажилд ашиглах сонирхол маш хүчтэй байгаа байх. Энэ бол эдийн засгийн зүй тогтол. Ер нь өрсөлдөөн, чөлөөт үнийн тогтолцоо гэдэг өөрөө үүсчихдэг зүйл биш. Түүний төлөө хүмүүс тэмцдэг, хамгаалдаг (зайлшгүй монополиуд мэдээж бий). Ийм тогтолцооо ажилладаггүй газар эдийн засагч гэж хүмүүсийн хэрэг ч байхгүй. Сэрэлт кинон дээрх шиг нэгэнт л бүгдээрээ ламаар явж эм залж байгаа газар эмчийн хэрэг юу байх вэ? smile emoticonsmile emoticonДээгүүрээ хоорондоо юу гэж хуйвалдаж тохиролцохыг нь далдыг хардаг далай лам биш бид юугаа мэдэх билээ дээ .


Найз 2Харин тиймээ. Тиймээс л бид нар Гиллиган юмуу Алисагийн аялсан гайхамшигт ертөнцөд амьдраад байгаам. Импортын түлшний 30 хүрэхгүй хувь нь өргөн хэрэглээнд гэлүү?


Эрдэнэбат Юм өөрчлөгдсөн байж магадгүй. Миний 2011 оны судалгаагаар 2010 онд нийт шатахууны 29,5%-ийг уул уурхай, 7,7%-ийг төмөр зам, 7%-ийг хөдөө аж ахуй, газар тариалан, 4%-ийг нийтийн тээвэр гэх мэт хэрэглэж байсан. (дэлгэрэнгүйг эндээс үз). Одоо уул уурхай нэг их худалдаж авахгүй байгаа байх, тэгэхээр импортлогчид ашгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс хийж байгаа байх.


Найз 3 Монголбанкны үнэ тогтворжуулах ажлын үр дүн.

Эрдэнэбат
Аливаа эдийн засгийн буруу хөтөлбөр сайхан нэртэй, магадгүй анхандаа бүр тийм зорилготой, ч бодит үр дүн нь тийм байдаггүй нь харамсалтай. Нуухыг нь авах гээд Нүдийг нь сохлов гэж үг байдаг. Юуг хийж чадах вэ, юуг чадахгүй вэ гэдгээ эхлээд сайн тунгаах, судлан тогтоох ёстой байдаг. Чадахгүй бол холион бантан хутгах хэрэггүй.


Найз 4: Sweded suuliin ued daanch ovoo une ni buugaad bsan yum iim uchirtai bjee


ЭрдэнэбатОрон сууцны үнэ хэт хөөсөрчихгүй байвал илүү олон өрх орон сууцтай болох боломжтой учир сайн зүйл. Ихэнх хүмүүсийн хувьд бол амьдралдаа магадгүй ганц удаа худалдан авдаг хамгийн том хөрөнгө нь. Ийм ч учраас худалдан авах эсэх шийдвэрээ ч маш нухацтай бодож гаргах ёстой байдаг. 

Ямар ч байсан хөндлөнгийн нөлөө (хэт түрэмгий реклам сурталчилгаа, улс төрийн амлалт гэх мэт)-өөс ангид байх ёстой. Гол асуудал нь манайд барилгын компаниудын лобби төрд байх ёстойгоосоо хэт өндөр болчихсон. Энэ нь хүмүүсийн амьдралын маш чухал шийдвэрт төр хөндлөнгөөс оролцох, сөрөг үр дагаврыг нь төр (ард түмэн нийтээрээ) дараа нь үүрэх ёстой болох нөхцлийг бүрдүүлж байгаа. 

Шведэд бизнесийн зээлийн хүү, хугацаа орон сууцны зээлийн хүү, хугацаанаас Монголд байгаа шиг ийм өндөр ялгаатай байдаггүй байх. Мэдээж үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтвортой өсөж байвал сайн. Хүмүүсийн орлого өсөж, эдийн засагт итгэх итгэл сайжирч буйн илрэл. Гэхдээ энэ нь хэт огцом байж болохгүй, механик бас байж болохгүй. Үгүй бол яг тэр хурдаараа унах аюултай болдог.


Найз 5Europ-t renewable energy incentives and policy ix yavj baigaa, teged oil unaj baigaa gej oilgood baigaashd?


ЭрдэнэбатТэр бол хүлэмжийн хий, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх аргууд байх. Газрын тосны үнэ унахаар дахин сэргээгдэх эрчим хүчний төслүүд ашиггүй болж, эргээд шахагдаж байгаа.


Найз 5biofuel oil-toi ursuldux tal deer ta yugej bodoj bn?


ЭрдэнэбатГазрын тосны үнэ буурах нь түүнтэй өрсөлдөгч бүх бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлнө. Био түлш, занар гэх мэт нь энд бас орно. Саудын Араб бүх ийм өрсөлдөгчөө шахах үндсэн зорилготойгоор хямд газрын тосоор зах зээлийг үерлүүлж байна. АНУ энергийн хувь бие даана, хойшид Арабын булантай орооцолдохгүй гэсэн зорилго барьж байна. Хятадын эдийн засгийн өсөлт юун 6,5% ердөө 3, 4% байгаа гэж ярих хүмүүс олширч байна, түүхий эдийн хэрэгцээ нь унаж байна. Африкийн маш олон улсуудад ургац алдах нь ердийн үзэгдэл болж байна, тариалангийн газрыг түлшний ургамал тарихад зорилиулах нь ёс суртахууны хувьд ч хамгаалахад хэцүү асуудал болж байна. Тэгэхээр биотүлшний ирээдүй ерөнхийдөө бүрхэг байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншиж болно. 


Найз 6Өрхүүдэд эдийн засгийн хүндрэлээс хамаараад маш хэцүү байх үед ч харин тийм энэ явцуу эрх ашиг нь маш хүчтэй юм. Сая Алтанбулаг дээр 2-3 хоног ажиллах явцдаа иргэдэд ч гэсэн бензинийг их хэмжээгээр импортлохыг улсаас хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм шиг санагдсан. Хил орчмын иргэд тодорхой, бага хэмжээгээр 10-20 л юмуу даа бензин импортлох квоттой юм шиг билээ. Тэгэхээр их хэмжээгээр оруулаад энд борлуулах боломжгүй. Тэгээд ч өөрсдийн хэрэгцээндээ иргэд долоо хоногт хэд хэд хилээр нэвтэрч бензин авч байгаа нь өөрөө цаг хугацаа, нэлээн зардалтай юм билээ. Хүмүүс их ярьж байсан. Заавал төрөөс хэдэн компаниудад квот олгож ингэж дотоодод өндөр үнэтэй борлуулах шаардлагатай юм уу гээд л их сонин.


ЭрдэнэбатТөрд бизнесменүүдийг хэзээ ч гаргаж болохгүй хэмээн Адам Смит бичиж байжээ. Өнөөдөр Монголын төрд мөнгөгүй бол, ямар нэгэн бизнесийн ашиг сонирхлыг төлөөлдөггүй л бол орох ямар ч боломжгүй. Тэр дахиад л зөв байсан мэт санагддаг.


Найз 6Гэсэн тийм боловч компаниудын нийгмийн хариуцлага маш муу юм. Эдийн засаг хүндэрч байхад бензиний үнээ бууруулъя гэдэг санаачлага аль нэг компаниас нь одоо гарч байх ёстой юм шиг. Таний хэлдгээр зардлыг бууруулж эдийн засгаа дэмжвэл өөрсдийх нь ирээдүйн орлогод ч бас сайнаар нөлөөлнө гэдгийг бас харж чадахгүй байна. Богино хугацаанд их ашиг ямарч хамаагүй аргаар олох сонирхолтой бизнесүүд л байх шиг. Жишээ нь Гацуурт компаниаас эдийн засгийн хүндрэлтэй үед хамтдаа туулъя гээд өөрсдийхөө ашгийг бууруулаад хүнсний ногооныхоо үнийг бууруулж супермаркетуудад, хувь хүмүүст худалдаалж байсан. Эдийн засаг хэцүү үед зөвхөн иргэд бүсээ чангалахаас гадна, үйлдвэрлэгчид, бизнесүүд ч гэсэн ашгаа бууруулж бүгдээрээ дампуурчихгүйгэхэн шиг хамтдаа гарах ёстой гэсэн үзлийг сайн сурталчлах ёстой ч юм шиг.


ЭрдэнэбатТэр компаний тухай сайн мэдэхгүй юм. Маргаашийн өөхнөөс Өнөөдрийн уушиг дээр (өөхийг сайн хоолд тооцдог байсан цагт гарсан үг) гэсэн санаа түгээмэл бөгөөд бодит байдал билээ. Гэхдээ нийгэмд үүнийг хэрээс нь хэтрүүлэхгүй байх нь, тийм хандлагыг сөрсөн, үндэстний урт хугацааны ашиг сонирхлыг илэрхийлсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх нь төрийн нэг чухал үүрэг билээ. 

Баруунд CEO-нууд хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны ашиг сонирхлыг хамгаалахаасаа ойрын хэдэн жилийн бонустаа л илүү санаа зовдог болсон нь системийн нэг гажуудал хэмээгдэж буй. Сонирхлын зөрчил (conflict of interest), түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг нь санхүүд өнөөдөр хамгийн ихээр судлагдаж буй асуудал. 

Гэхдээ аливаа тогтвортой, амжилттай нийгэм, эдийн засаг цөөн хэдэн хүний сайхан сэтгэл, хүчин чармайлт дээр тулгуурладаггүй (тийм хүмүүсийг би ч гэсэн биширдэг). Нийтийг хамарсан бодит дэмжлэг, жишиг, шаардлага дээр тулгуурладаг. Туулайчлах ёсгүй гэсэн үг. 

Төрийн чадавхи суларч, нийгэм, эдийн засаг тогтворгүйжиж, тэдэнд итгэх итгэл суларсан нь ахархан бодолтой, оппортунист хүмүүс хэт их олширч, хүчирхэгжсэний илрэл байх.


Найз 2: "Найзууд аа, байгаа бэлэн мөнгө, хадгаламж нтрээ доллар болгохыг зөвлөе!" гэсэн мессэж хаа сайгүй яваад байна. Хуримтлалын санг сурталчилсан аяны дараа цалингаасаа хуримтлал үүсгээд түүнийгээ мартаад нүдээ аниад л яваад байгаа. Юмны үнэ тогтвортой, Инфляц бага болохоор сүүлийн хэдэн сар овоо урамтай байгаа юмсан. Тэгсэн чинь Сонгуулийн шуурганы дохио болсон Ипотекийн зээлийн 5 хувийн тухай энэ салхи хүмүүст түгшүүр төрүүлж эхэллээ. Ипотекийн сурагаар цаасан мөнгө хэвдэх гээд байна уу? Арай гэж барьсан нэг орон тоотой инфляцаа салхинд хийсгэх гээд байна уу? Мэргэжлийн талаас нь зөвлөлгөө, санал бодлоо хуваалцаач?


Эрдэнэбат Ийм мессэж хаа саагүй яваад байна гэдгийн учрыг нь ойлгосонгүй (би одоогоор Солонгост байна). Хэрэв хүмүүс рүү ийм мессэж Мобиком ч юм уу, Юнителийн сүлжээнээс очоод байгаа бол энэ бол хууль бус компанит ажил байх шүү. Интернет мэдээллийн технологи, Facebook, Twitter ашигласан Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдалд заналхийлсан ийм үйл ажиллагаа ард түмний ашиг сонирхолд огт нийцэхгүй. МонголБанк, цагдаагийн байгууллага үүний эзнийг нь даруй олж тогтоон, зогсоох байх гэж найдаж байна. 

Санхүүд үүнийг богино зарах (short selling) гэж нэрлэдэг, 2008 оны хямралаар зарим том санхүүгийн компаниуд руу хөрөнгө оруулалтын сангууд, хамгаалалтын сангууд (hedge fund) ийм тактик ашиглаж дайрсан. Яадаг вэ гэхээр хэдэн нөхөр маш их хэмжээний төгрөг зээлж аваад (эсвэл өөрийнхөө төгрөгөөр) доллар худалдан авна. Ханшийг нь X (1 USD =X MNT) гэе. Тэдний хувьд одоо ямар зүйл болвол сайн бэ гэхээр долларын ханш чангарах, жишээ нь Y болох (Y>X). Тэгэхээр нь эргүүлээд доллараа төгрөг болгоод зээлээ эргүүлэн төлнө. Үр дүнд нь доллар тутмаас Y-X төгрөгийн ашиг олно. Үүнийхээ тулд цуурхал сайн тараах, хүмүүсийг үнэхээр итгүүлэх ёстой болно. Хүмүүс итгэчих юм бол энэ нь өөрөө өөрөөсөө инерц авдаг процесс (self fulfilling prophecy) болж, зөвхөн Монгол улсын санхүүгийн тогтолцоогоор зогсохгүй нийт эдийн засгийг гацаана. 

Өөр нэг асуулт тань санхүүгийн хуримтлалтай болох талаар юм байна. Мэдээж чухал зүйл. Санхүүгийн капитал аливаа үндэстний хөгжилд тун чухал. Миний хувьд санхүүгийн хуримтлал одоохондоо алга, тэгэхээр санаа зовох зүйл танаас нэг дутуу л юм байнаwink emoticon. Боломж олдох л юм бол би хувьдаа орон сууцны зээлээ урьдчилж төлдөг. Монгол улсын эдийн засгийн өөрийнх нь онцлог нь жижиг, улирлын шинжтэй, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар гэсэн асар эрсдэлтэй хоёр салбарт тулгуурладаг учир бусад улсуудтай харьцуулахад эрсдэл өндөр байх нь зүйн хэрэг. 

Эдийн засгийн мэргэжлийн байгууллагуудын бие даасан байдал, засаглалын асуудал дээр ч сайжруулах зүйл өчнөөн байна гэж бичиж байгааг маань уншиж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр миний бодлоор та бид, ялангуяа залуус хүмүүн капиталын хуримтлалд илүү анхаарах ёстой. Энэ талаар ч бичиж байгаа зүйлсийг маань уншиж байгаа байх гэж найдаж байна. 

Мөнгө төгрөг байдаг л юм бол түүнийгээ өөрийнхөө болон үр хүүхдээ илүү боловсролтой, илүү мэдлэгтэй болоход зарцуул, зүгээр нэг диплом цаас биш, бодит мэдлэг, дараа нь дэлхийн хэмжээнд зарж болохоор мэдлэг, ур чадвар болго. Дотоодын тийм боловсролын үйлчилгээ, МСҮТ-д хамрагдвал эдийн засгаа давхар дэмжсэн үйл ажиллагаа болно, тийм сургууль, МСҮТ байгуулвал бүр жинхэнэ эх оронч болно. wink emoticon Энэ талаар саяхан Др. Лхагвасүрэн бас Нобелийн шагналтны видео үзэхийг санал болгосон байсан. Заавал үзээрэй.

No comments:

Post a Comment